-Оюутын ордын хайгуулын ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуягтай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд болон үйлдвэрийн нийт геологчиддоо Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын мэнд хүргэе.?
-Баярлалаа. Жил бүрийн 10 дугаар сард Монгол Улсад геологийн салбар үүсэж, хөгжсөний түүхт ойн өдөр тохиодог. Өнгөрсөн зууны 1920-иод онд Судар бичгийн хүрээлэнгийн Газарзүйн тасагт Геологийн секцийг байгуулж байсан юм билээ. Хожим 1938 оноос энэ нь бие даасан Геологийн тасаг болж, Москвагийн Геологи хайгуулын дээд сургуулийг төгссөн, доктор Ж.Дүгэрсүрэн удирдан ажилласан түүхтэй. Харин Аж үйлдвэр, барилгын яамны харъяанд Уурхай ба Ашигт малтмалын трестийг бие даасан аж ахуйн тооцоот хэлбэрээр 1939 онд байгуулсанаар Геологийн салбарын он тоолол өрнөсөн. Доктор Ж.Дүгэрсүрэн бол Эрдэнэтийн овоо ордод 1962 онд Чехсловакийн геологичдыг дагуулж ирсэн түүхтэй, Монголын анхны ууган геологич. Тус салбарын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан “Геологичдын ажил, мэргэжлийн уралдаан”-ыг Эрдэнэт хотод ойрхон, Оросын булагт зохион байгуулна. “Ашигт малтмалын эрэл”, “Эрэл-хайгуулын геофизикийн соронзон судалгаа” сэдвийн хүрээнд манай үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицээс баг гарч оролцоно. Миний бие Оюутын ордын хайгуулын талаар танилцуулга хийж, шүүгчээр ажиллах юм.
-Та мэргэжлийн хүний хувьд Оюутын ордын хайгуулын ажлын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу? Ер нь “нарийвчилсан” гэж юуг ойлгох вэ? Ийм түвшиний хайгуул хийх туршлага манайханд бий юу?
-Эрдэнэтийн Ил уурхайгаас хэдхэн км зайд манай геологичдын судалж байгаа төслийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Оюутын ордын хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх” гэж тусгасанаар төрийн дээд байгууллагуудаас нэлээд өндөр ач холбогдол өгч байна. Эрдэнэтийн овоо ордын Баруун хойд, Төвийн ордод 1970, 1980-аад онд нарийвчилсан хайгуул хийгдсэн. Өөрөөр хэлбэл нарийвчилсан хайгуулын ажил сүүлийн 35 орчим жилд үндсэндээ хийгдээгүй. Иймээс бидний тухайд туршлагатай гэж хэлэх түвэгтэй ч, өмнөх ажлуудын тайлан материалуудтай танилцаж, мэргэжил нэгт нөхдөөсөө зөвлөгөө авч ордыг нарийвчлан хайх, ялангуяа ашиглалтад бэлтгэхэд ямар ямар ажлууд зайлшгүй хийгдэх ёстойг анхаарч ажиллаж байгаа. Оюутын ордын хувьд 1986-1989 онд явуулсан урьдчилсан хайгуулын торлолыг нягтруулж, нөөцийн зэрэглэлийг бодиттой түвшинд шилжүүлэн, цаашид ТЭЗҮ боловсруулах шаардлага хангах ажлыг өнгөрсөн онд явуулсан. Харин 2024 онд хүдрийн биетийн хил хүрээг эцэслэн тогтоох боломжийг эрэлхийлж, контурын өрөмдлөг явуулж байна. Өмнө нь 250-300 м гүнд өрөмдлөг явуулж байсан. Одоо 500 м гүнд хайх геологийн даалгавраа хангаж, хүдэржилт илт мэдэгдэж байгаа тохиолдолд 800 м орчим гүнд хүртэл судалж байна. Мөн исэлдсэн хүдрийн бүс гадаргаас 70-100 м хүрдэг тул гүний хэсэгт налуу, хэвтээ далд нэвтрэлтээр судлах шаардлага гарсан. Нэг зүйлийг бид маш сайн ойлгох ёстой. Энэ нь газрын гадаргаас баахан өрөмдөөд нөөцийг нь тогтоочих асуудал биш гэдгийг. Сүүлийн жилүүдэд хайгуул гэж ярьж, ажил хийж байгаа боловч зөвхөн нөөц тогтоох, ЭБМЗ-д хамгаална, тайлагнана гэсэн ойлголттой яваад байгаа нь ажиглагддаг. Ирээдүйн уурхайд шаардлагатай бүх мэдээллийг нарийвчилсан хайгуулын явцад судалж, ордыг ашиглалтад бэлтгэх ёстой. Миний харж байгаагаар нарийвчилсан хайгуулаар ордын нөөцийг найдвартай тогтоохоос гадна “ашиглалтад бэлтгэх” чухал үүрэгтэй. Үүний тулд тухайн ордын хүдрийн төрөл тус бүрээр лабораторийн анхан шатны түвшингээс нь эхлээд хэд хэдэн дэс дараалсан баяжигдах шинж чанарын технологийн туршилтын иж бүрэн судалгаа явагдана. Тодруулбал, ирээдүйн уурхайн усжилт, нуралтын суурь судалгаа, төслийн байгаль орчны анхны төлөв байдал, инженер геологи, гидрогеологи, археологи, палеонтологи гэх зэрэг иж бүрэн судалгаа шаардагдана. Энэ бүхнийг хангах үүднээс Оюутын ордод төлөвлөлт хийж, ямар ч алдаа мадаг гаргахгүйгээр 2025 онд багтаан хээрийн ажлаа дуусгах зорилготой ажиллаж байна.
-Та налуу, хэвтээ далд нэвтрэлт гэж ярилаа. Үүний зорилго, ач холбогдлын талаар жаахан тодруулахгүй юу?
-Эрдэнэтийн овоо ордын урьдчилсан хайгуулын шат буюу 1966 оны үед “Штолнья 1” хэвтээ малталтыг Төвийн ордын хэмжээнд явуулсныг юун түрүүнд хэлэх ёстой. Манай нэрт геологич Г.Сандуйжав агсны энэ далд нэвтрэлтийн амны өмнө авахуулсан сайхан зураг байдаг. Нэмж хэлэхэд Г.Сандуйжав, С.Мягмар нарын геологчид 1973 онд Эрдэнэтийн овоо ордын хайгуулын ажлыг амжилттай явуулж дуусгасан тул төрийн шагнал хүртсэн. Монголын анхны геологичид гэдгээр нь манай үйлдвэрийн хамт олон бахархдаг. Харин “Штольня 2”-ыг 1971 онд Эрдэнэтийн овоо (1606 м)-ны Баруун хойд хэсэгт 1516 м түвшинд 285 м урттайгаар, гадаргаас 90 м гүнд, хоёрдогч сульфидын баяжилтын бүсэд нэвтэрсэн. Энэ ажил маш их зүйлийг тодорхой болгосон. Тухайлбал 1.5 х 1.0 х 0.6-1.0 м орчим хэмжээтэй 21 зөв тэгш өнцөгт үүрнээс дээжлэлт хийж, эзэлхүүний жинг хэмжсэн, хангалттай тооны технологийн туршилтын дээж авсан, геологийн тогтоц, хүдэржилт, уул-геологийн нөхцлийг урьдчилан баталгаажуулсан гэх мэт туйлын бодит ажил болсон. Оюутын ордын гадаргын хэлбэр нь огцом биш тул шууд хэвтээ малталт буюу штольня нэвтрэхэд тохиромжгүй байгаа. Иймээс налуу нэвтрэлтийг сонгох нь хамгийн бага зардалтай болох нь тогтоогдсон. Хайгуулын налуу нэвтрэлт нь исэлдсэн хүдрийн бүсийг өнгөрч, анхдагч сульфидын хүдэрт ороход хайгуулын 13А шугамын дагуу хэвтээ нэвтрэлтээр дээр дурдсан бүх судалгааг хийнэ. Энэ хэсэгт 1980-аад оны хоёр болон бидний 2023 онд өрөмдсөн хоёр цооногийг дайрахаар тооцсон. Өөрөөр хэлбэл бид хаана, ямар төрлийн хүдэрт очихоо урьдчилааад харсан гэсэн үг. Энэ ажлын хүрээнд нийт 204 м налуу ам, 80 орчим м урттай хэвтээ нэвтрэлт (штрек)-ийг анхдагч сульфидын хүдрийн таазны доогуур буюу гадаргаас 70-80 м гүнд нэвтэрч байна.
-Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа.