“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, ОХУ-ын Гэгээрлийн яамны Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Малышев Сергей Вадимович нар Боловсролын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургуулийг аттестатчилж, хууль эрх зүйн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сургалтын арга зүй, сурах бичгээр хангах, лабораторийн тусламж үзүүлэх, Орос хэлний сургалт, стандартыг боловсруулах, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тусгасан байна.
Мөн жилд 15 хүртэлх мэргэжилтэн багшийг ОХУ-ын Гэгээрлийн яамны Хамтын ажиллагааны төвийн зардлаар Эрдэнэт хотын Орос 19-р сургуульд томилон ажиллуулахаар боллоо.
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орос 12-р цэцэрлэг, 19-р дунд сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодруулахад: “Анх 1974 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургууль ашиглалтад орсон түүхтэй. Энэ жил 50 жилийнх нь ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын боловсролын стандартын дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогоор тус сургууль 34 мэргэжилтэн багштай, 845 хүүхэдтэй сургалт явуулж байна. Тус сургуулийг төгсөгчид ОХУ-ын их, дээд сургуулиудад Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй сурдаг. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр бодлогоор орос сургуулийн хүний нөөцийг бүрдүүлж, ОХУ-аас мэргэжилтнүүд урьж, багшлуулдаг байсан. Манай 19-р сургууль, Хиагтын 10 жилийн орос сургуульд тодорхой хэмжээний төлбөр төлж, сүүлийн таван жил салбар сургуулийн статустай үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл Орос 19-р сургууль үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйн улмаас Эрдэнэт үйлдвэр шаардлагатай багш нарыг хайж, урьж авчрах, сонгож авахад хүндрэл үүссэн юм. Иймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад бүрэлдэхүүнд нь ирсэн ОХУ-ын Гэгээрлийн яамны төлөөлөлтэй Орос 19-р сургуулийн захирал уулзаж, орос сургуулийн статусаа сэргээх санал хүсэлт тавьсан. Ингэснээр жилд 15 хүртэлх багшийн зардлыг Оросын тал хариуцаж, 19-р сургуульд ажиллуулах гэрээ байгууллаа. “Монгол Улсын алсын хараа-2050” хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аж үйлдвэрийн парк, “Эрдэнэт шинэ илгээлт” хөтөлбөртэй уялдуулан Эрдэнэт үйлдвэр инженер техникийн ажилчдаа бэлтгэнэ. Удам дамжсан уурхайчдын залуу халаа үргэлжлэх ёстой учраас Эрдэнэтэд орос 10 жилийн сургуулиа төгсөөд инженерийн боловсролыг ОХУ-ын их дээд сургуулиудад сурч мэргэжил эзэмшихэд энэхүү гэрээ дөхөм боллоо”гэв.
Жилд 15 хүртэлх мэргэжилтэн багшийг Орос 19-сургуульд томилон ажиллуулна

Энэ мэдээ танд ямар санагдав?

1

0

0

0

0