Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Авто тээврийн цехэд хүнд даацын техникийн эхний ээлжийг хүлээн авлаа. Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Техникийн албаны тэргүүлэх инженер механикч Б.Батжаргал, тэргүүлэх уул уурхайн мэргэжилтэн Д.Очирбат, Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон тэргүүтэй цехийн инженер техникийн ажилтнууд, уурхайчид, нийлүүлэгч “Трансвест Монголиа” компанийн төлөөллийн бүрэлдэхүүн оролцож, Япон улсад үйлдвэрлэгдсэн Комацу фирмийн өөрөө буулгагчыг танилцуулав. Энэхүү өөрөө буулгагч нь 142 тонны даацтай, хамгийн сүүлийн техник технологийн үзүүлэлттэй, 2024 оны шинэ загвар бөгөөд 360 градуссын харах камер, операторын аюулгүй байдал, ажиллах орчны дэвшилтэт шийдэл, тоног төхөөрөмжийн даацын болон бусад техникийн бүх мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий техник юм.
Авто тээврийн цех, 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Японы HD 1500 маркийн Комацу өөрөө буулгагч техник 10 ширхгийг хүлээн авна. Тэдгээрийн эхнийх нь угсралт туршилт хийгдэж, ажилд гарахад бэлэн болоод байна. Бусад техникийг энэ сард багтаан хүлээж авахаар төлөвлөжээ. Ажлын бүтээмж өндөр, жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүх хяналтын болон мэдээллийн систем суурилагдсанаараа давуу талтай уг өөрөө буулгагчийг олон талаас нь судалж, манай уул геологийн нөхцөлд тохирох, засвар үйлчилгээ, овор хэмжээний хувьд нийцэх байдалд нь тулгуурлан сонгосон гэдгийг Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон онцлов. Ийнхүү парк шинэчилснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хөдөлмөрийн орчин, аюулгүй ажиллагаа эрс сайжрах юм.
Уг техникийг нийлүүлэгч “Трансвест Монголия” компани нь 2012 оноос Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж, энэ хугацаанд тус үйлдвэрт гинжит трактор, экскаватор, дугуйт ачигч, авто самосвал зэрэг 20 гаруй техник нийлүүлжээ. Тус компанийн Худалдаа маркетингийн захирал Д.Болдсүх, “Бид хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу шуурхай ажиллаж, эхний ээлжийн техникийг угсарч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг ханган хүлээлгэж өглөө. Мөн жолооч, операторуудад сургалт, зааварчилгаа өгсөн. Ирэх долоо хоногт Япон улсаас мэргэжилтнүүд ирж, дараагийн өөрөө буулгагч техникийн угсралт тохируулга дээр хамтран ажиллахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад сургалт зааварчилгаа өгнө” гэсэн юм.
Авто тээврийн цехэд өнөөдрийн байдлаар 40-150 тонн хүртэлх даацын нийт 60 орчим Белаз, техникүүд уулын ажлыг гүйцэтгэж байна. Парк шинэчлэлийн хүрээнд дээрх 10 ширхэг өөрөө буулгагчийг ажилд оруулснаар уулын ажлын хоцрогдлыг арилгах, ажлын бүтээмж нэмэгдэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх бүрэн боломж нээгдэж байна.
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХЭД КОМАЦУ ФИРМИЙН ШИНЭ ЗАГВАРЫН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ ХҮЛЭЭН АВЛАА
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0