Эрдэнэт үйлдвэр “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандарт амжилттай хэрэгжүүлэн баталгаажуулсан. Энэ хүрээнд үйлдвэрийн газрын нийт ажилтнуудад уг стандартын талаар мэдлэг ойлголт өгөх шат дараатай цуврал сургалт зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад Баяжуулах үйлдвэр, Ган бөөрөнцөг, Цахилгаан цехийн инженер техникийн ажилтнууд хамрагдлаа. Тэд энэхүү сургалтаар Олон улсын хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартын шаардлагуудыг хэрхэн хангаж хэрэгжүүлэх, үр дүнтэйгээр хөгжүүлэх, байнга сайжруулах талаар системтэй нэгдсэн мэдлэг ойлголттой болох юм.
Ажилтан бүр хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын талаар цэгцтэй мэдлэг ойлголттой болох нь Олон улсын стандарт бүрэн хэрэгжих, бодитой үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой гэж Олон улсын стандартын академийн бизнес хөгжлийн менежер Н.Болормаа ярьсан.
“Хүний нөөцийн менежментийн нэр томьёо”-ноос эхлээд мэдлэгийн менежмент, бүрдүүлэлтийн аргачлал, тогтвортой ажил эрхлэлтийн менежмент, хүний нөөцийн засаглал, ажиллах хүчний төлөвлөлт сэдвээр модуль-1, 2 түвшний сургалт дөрвөн өдөр үргэлжилнэ.