Эрдэнэт үйлдвэр Билгийн тооллын намрын тэргүүн сарын шинийн 26-ны бэлгэт сайн өдрийг сонгон өнөөдөр “Эрдэнэт Мандал” овоогоо тахиж, газар усны эзэн, лус савдгаа аргадан, ёслол үйлдлээ.
Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёр жилд нэг удаа “Долоон бурхан” од болон “Эрдэнэт Мандал” овоогоо тахидаг уламжлалтай. Энэ удаагийн овоо тахилгын эхэнд лам хуваргууд Итгэлт, Ганданлхавжаа, Очирваань, Жамсран, Дашчийрэвийн сан айлдав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Эрдэнэт мандал” овоонд зориулсан “Айлтгал” бичгийг Ерөнхий инженер Т.Батмөнх хуран цугласан олонд сонордууллаа. Айлтгалд, “Улс орны хөгжлийг түүчээлэн тэтгэсэн, өглөг буянтан “Эрдэнэт Мандал” овооны эзэн тандаа үйлдвэрлэл маань осолгүй, амин гарзгүй, үйлс бүтэмжтэй, амжилт арвин явахыг нарт хорвоо дэлхийд наманчлан сонордуулж, өсөн дэвжиж, өрнөн дэлгэрэхийн өлзий хутгийн өлмийд тань сөгдөн, дүүрэн жаргалтай, төвшин амгалан амьдрахын ерөөл айлтгалыг хүлээн авна уу” хэмээсэн. Айлтгал бичиг, тахилын өргөл зэргийг Ерөнхий инженер Т.Батмөнх болон Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар нар галд өргөн, тэнгэрт илгээх зан үйл хийв.
Мөн энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Үндэсний сурын харвааны Дархан мэргэн, Зууны манлай харваач, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү хүмүүний хийморь сүлдийг бадрааж, сүр хүчийг илтгэн, олон түмний эв, эе хүсэл зоригийг нэгтгэж тэнгэрт даатгах “Дуут сум”-ыг тавьсан юм.
Түүнчлэн, Дээрхийн гэгээн XIV Далай дамын дэргэдэх “Намжил” дацангийн Хансүр, Лхаарамба, Аграмба Жадо Ринбүчи багш, “Жалданжанчүвлин” хийдийн Тэргүүн, гэвш лам Б.Мөнхтогоо нар “Жамсран” сахиусны хүлгийг сэтэрлэх зан үйл үйлдэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хадгийг моринд уяж, сүсэгтэн олны хамт “Эрдэнэт Мандал” овоог нар зөв гурав тойрч гороо хийсэн юм.
“Эрдэнэт Мандал” овоо тахих ёслолын төгсгөлд Үйлдвэрийн газрын удирдлагууд, зочид болон хурсан олонд овоо тахилгын хишиг, идээ шүүсийг хүртээсэн. Ийнхүү, өндөр дээд номын багш, лам хуврагууд, уурхайчид, хүндэт зочид “Эрдэнэт Мандал” овоогоо ёслол төгөлдөр тахиж, газар усны эзэн, лус савдгаа аргадлаа.