Монгол түмэн мөнх тэнгэрийн дор өнө эртнээс өдийг хүртэл оршин амьдрахдаа “Долоон бурхан” одыг зүг чигээ болгон шүтэн дээдэлж, тэнгэр лусаа баясган, ажил үйлс, зам мөрөө даатган, цай сүү, тариа будааны дээжээ өргөж ирсэн соёлт уламжлалтай.
Газрын хэвлийн баялгийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Долоон бурхан” од тайх, “Эрдэнэт Мандал” овоо тахих зан үйлийг хоёр жил тутамд ёс уламжлалын дагуу зохион байгуулж ирсэн. Луу жилийн “Долоон бурхан” од тайх ёслол өчигдөр буюу хишиг буян нээгдсэн, намрын Тэргүүн сарын шинийн 25-ны бэлгэт сайн өдөр Сархиа уулын энгэрт болов.
Орхон аймгийн сүсэгтэн олон, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэдний гэр бүл Наадмын талбайн урд дэнжид хуран, номын авшиг хүртэж, “Долоон бурхан” одондоо амь бие, ажил амьдрал, алив сайн үйлс бүхнээ даатган, өргөл өргөхөөр цугласан. Насны шидийг бүтээгч, уул усны эзэн, савдгийг захирагч Цагаан өвгөн сүсэгтэн олонд амттан түгээж, нас буян нэмэхийг бэлгэдсэн Цамын бүжгээр ёслол эхэлсэн юм.
“Долоон бурхан” од тайх ёслолыг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх үг хэлэхдээ, “Эртнээс зүг чигээ болгож ирсэн гэрэлт “Долоон бурхан” одны туяа тусгал эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүнд өгөөж буянаа хайрлаж, бидний зам мөрийг тэгшитгэн тэтгэж ирсэн билээ. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бид байгаль эхийн газрын хэвлийн баялгийг зохистой ашиглаж, үр өгөөжийг нь улс орны хөгжилд зориулахаар хичээн ажилладаг. Бид хоногт 102 мянган тонн хүдэр боловсруулж, 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн жил 2.0 их наяд гаруй төгрөг төвлөрүүлэн ажилласан. Одоо ч үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, амжилттай ажиллаж байна. Уурхайчин хамт олны маань үйлс өөдрөг, өнгө жавхаатай, эв нэгдэлтэй байгаа нь од эрхсийн таалал, тэнгэр тэтгэсний шим биз ээ. Хүмүүн бид сав, шим ертөнцийн бүтээл. Эцэг тэнгэр, эх газрын үр сад билээ. Эрдэнэт хотын 100 гаруй мянган иргэн, Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй уурхайчин, тэдний гэр бүлийн амьдрал ахуй, ажил үйлс өөдөө байж, амжилт бүтээлийн гал бадамлаж, элбэг хангалуун, элэг бүтэн, төр төвшин, түмэн олон амгалан дэвжин дээшлэхийн өлзий ерөөл бүрдэх болтугай” хэмээв.
Энэ өдөр Дээрхийн Гэгээн XIV Далай ламын “Намжил” дацангийн Хансүр, Лхаарамба, Агримба Жадо Ринбүчи Монголд айлчилж, Эрдэнэт нутагт морилон саатах ховор учрал тохиол бүрдсэн төдийгүй, “Долоон бурхан” од тайх ёслолд оролцож сүсэгтэн олонд номын авшиг хайрлаж, даллага авхуулсан нь их ерөөл байлаа. Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нараар ахлуулсан шашин, төрийн зүтгэлтнүүд, үйлдвэрийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон юм.
Лам хуврагууд “Долоон бурхан” одны нэг бүрд эрхшээх жилтний засал ном айлдах үед сүсэгтэн олон өргөлөө өргөж, ёслол дэг журамтай сайхан боллоо. Төгсгөлд нь Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин Н.Нямсүрэн “Долоон бурхан од” дуугаар Монгол түмний зам мөрийг мөнхөд гэрэлтүүлж, ивээлээ хайрлахыг хурайлснаар зан үйлийн ёслол өндөрлөлөө.