“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024 оны эхний хагас жилийн ажлын үр дүн-Өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 24-ний бямба гарагт Багануур ХК-д болов. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож, эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, үр дүнг үнэлэн дүгнэж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл солилцон зөвлөлдлөө. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын оны эхний хагас жилийн ажлыг Ерөнхий инженер Т.Батмөнх тайлагнасан бөгөөд уурхайчин хамт олны төлөвлөгөөт ажлын хэрэгжилтэд нэгдэл “хангалттай сайн” үнэлгээ өгсөн байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал уул уурхайн салбарт нэвтрүүлж буй техник, технологийн шинэчлэлийн үр дүн, хүний оролцоог багасгах цахим тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн олон сайн жишгийг энэ үеэр жишээ болгон дурдсан юм. Түүнчлэн, төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн сан бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарласан байна. Түмэндээ харагддаг төрийн өмч буюу шилэн реформын хүрээнд нэгдлийн компаниудын өдөр тутмын үйл ажиллагааны үр ашиг, хяналтыг сайжруулах нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилттай ажиллалаа. Санхүүгийн үзүүлэлтийн хувьд, 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 9.0 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөг 140 хувьтай биелүүлжээ. 2024 оны эхний хагас жилийн байдлаар улсад 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна.