“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс санаачлан, үйлдвэрийн цех нэгжүүдэд “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн явц, үр дүн, цаашдын төлөв байдлын талаар тус хэлтсийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа.
-“Мэдлэг түгээх ажлын байр” төсөл үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж байна. Үүгээр дамжуулан ямар үр өгөөж үлдээхийг зорьсон бэ?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хүний нөөцийн менежментийн тогтолцоондоо ISO 30400 багц стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалт хийлгэсэн. Хүний нөөцийн багц стандартын нэг стандарт болох MNS ISO 30401:2021 мэдлэгийн стандарт багтаж байгаа нь “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг эхлүүлэхтэй шууд холбоотой. Байгууллагын мэдлэг гэдэг бол зорилгоо биелүүлэх биет бус үнэ цэнтэй хөрөнгө гэсэн үг л дээ. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх 46 жилийн түүхэнд улс орны нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулахын зэрэгцээ маш том мэдлэгийн уурхай болон хөгжиж ирсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өөрийн гэсэн онцлог мэдлэгээ оюуны хөрөнгө болгож, түүнийг зохистой удирдах өрсөлдөх давуу талаа бий болгох зорилгоор “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бүрэлдэхүүнд гарч байгаа томоохон шилжилт нь нийт ажиллах хүчний 70 гаруй хувийг залуу ажилтнууд эзлэх болсон. Үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжид ажилтнуудын тасралтгүй суралцах орчныг бүрдүүлэх, ажилтны ажлын гүйцэтгэл мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ мэдлэгийг бий болгох, дамжуулах түгээх зорилгоор Ерөнхий захирлын 2024 оны 01дүгээр сарын 05-ны өдрийн А/05 тушаалаар “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд наймдугаар сард үйлдвэрийн газрын 10 бүтцийн нэгжийн 13 “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг нээж, тэдний танилцуулгыг сонсож байхад бидний хүлээж байснаас ч илүү өгөөжтэй болсон байна. Төслийн хүрээнд 375 шинэ мэдлэгийг тодорхойлж, 404 технологийн схем зураг, 3D постер 96, сургалтын видео контент, танилцуулга, гарын авлага, QR танилцуулга 216, биет үзмэр дээж макет 558 шинээр бий болгож чадсан байна. Эдгээр мэдлэгийг биет болон цахим хэлбэрээр бие биедээ түгээж, харилцан солилцох боломж нээсэн ажлын байруудыг харахад, энэ төсөл маань өндөр ач холбогдолтой болж байна гэж дүгнэсэн.
-Цехүүдэд нээгдсэн “Мэдлэг түгээх ажлын байр”-аар та бүхэн очиж, нэг бүрчлэн танилцсан. Олон шинэ зүйлүүд тэндээс харагдсан байх. Тэр бүгдээс заримыг нь онцолбол?
-Энэ төслийг анх санаачлах үед бид эхлээд нэг ажлын байрыг загвар маягаар тохижуулж нээгээд, тэр жишгээр бусдад нь түгээе гэсэн зорилготой байсан. Энэ үүднээс 2023 онд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт анхны “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлсэн. Өмнө нь огт ашиглагдахгүй болсон сэлбэг хэрэгслийг ашиглан, ажилтнууддаа хэрхэн мэдлэг өгөхүйц болгож болох тод жишээг тус хэсгийн Засварын мастер Т.Ганболдоор удирдуулсан хамт олон, засварчин залуус үлгэр жишээ хийж үзүүлсэн. Тиймээс ч энэ төсөл маань Эрдэнэт үйлдвэрийг Азийн бүтээмжийн загвар байгууллага болоход гол түлхэц болсныг дурдах нь зүйтэй. Авто тээврийн цехийн удирдлага, хамт олон, засварчин залуусын хамтын идэвх зүтгэл, мэрийлт, дэмжлэгийн үр дүнд амжилттай хэрэгжсэн Мэдлэг түгээх ажлын байрны сайн туршлагад тулгуурлаад бусад цех, нэгжүүдэд ийм 30-40 ажлын байр бий болгохыг зорьсон. Манай цехүүдэд нээгдсэн Мэдлэг түгээх ажлын байр өөр өөрийн онцлогтой. Жишээлбэл, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех дээр л гэхэд автоматжуулалт, цахимжуулалтын чиглэлээр байхад Авто тээврийн цехийн Шатахуун түгээх станцын ажлын байрнаас түгээх мэдлэг нь өөр агуулга, сэдэвтэй байдаг. Тиймээс цех, нэгжүүд маань ажлын байрны онцлогтоо тохируулан сайн туршлага, санал санаачилгаа шингээсэн байсан. ХМТАЦ-ийнхэн эхлээд түлхүүр ажлын байруудаа сонгож, хэд хэдэн ажлын байранд Мэдлэг түгээх ажлын байр төслийг зэрэг хэрэгжүүлсэн байв. Баяжуулах үйлдвэр бол хүнд, дуу чимээ, доргио ихтэй ажлын байруудаа ажилтнуудад ээлтэй, таатай орчин болгохын зэрэгцээ нас, насны онцлогт тохируулан мэдлэг, мэдээлэл түгээх олон сувгууд ашиглаж байна. Авто тээврийн цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн хамт олон Мэдлэг түгээх өдөртэй болсон байна. Энэ өдрөөрөө ахмад ажилтнууд өөрсдийн арвин туршлага, арга барилаас залуучууддаа өвлүүлж, сургаж, хуваалцаж байна. Ийм олон шинэ санал санаачилгыг бүгд гаргаж, хэрэгжүүлээд үр дүнгээ танилцуулсан нь маш олзуурхууштай. Түүнчлэн, “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг нэг удаа нээгээд орхих биш тасралтгүй сайжруулах, бие биеэсээ санаа авч, баяжуулах зорилгоор Хүний нөөц, захиргааны хэлтсээс Мэдлэг түгээх ажлын байрны туршлага судлах аялал болон Хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж эдгээр ажлын байрыг бий болгоход ашигласан арга барил, гарсан хүндрэл бэрхшээл болон шийдэл, ололт амжилтуудаа хэлэлцсэн. Одоо нээгдээд байгаа Мэдлэг түгээх 13 ажлын байрны хамрах хүрээ нь ойролцоогоор хоёр мянган ажилтныг хамарч байгаа нь хүртээмж, өгөөж нь маш өргөн цар хүрээтэй ажил болсныг онцолмоор байна.
-“Мэдлэг түгээх ажлын байр”-ны ирээдүйд өгөх үр дүн юу юунаас чухал. Тиймээс энэ төслийн хэрэгжилт, сайжруулалт, урт удаан хугацаанд үнэ цэнтэй байх дархлааг хэрхэн төлөвлөж байна вэ?
-“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн цаашдын үр дүнг маш томоор харж байна. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л ажлын байр яг ийм мэдлэг өгдөг байх ёстой. Ажлын байр бүрээс мэдлэг ундарч байдаг, нэг үгээр хэлбэл “Мэдлэгийн уурхай” байх ёстой. Ажлын байр нь туршлага дадлагатай, шинэ залуу гэх мэтчилэн насны болон мэдлэг, арга туршлагын өөр өөр зөрүүтэй байдалд нь тохирсон мэдлэг өгдөг байх чиглэлийг бид барьж байгаа. Нөгөө талаас, энэ төслийн нэг том давуу тал гэвэл хамт олны эерэг уур амьсгал, бүтээлч байдал, бие биеэ дэмжих сэтгэлгээ дээшилж байгаад оршиж байна. Эцсийн дүндээ ажилтнуудынхаа хийж бүтээх хүсэл эрмэлзэл, ажлын байран дахь бүтээмжийг дээшлүүлье гэвэл тухайн баг хамт олон, ажилтнаас гарсан санал санаачилга, эхлүүлсэн ажлыг нь удирдлагын зүгээс маш сайн дэмжих л хамгийн чухал гэдгийг “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хэрэгжилтийн явцаас олж харлаа. Ингэснээр удирдлагын байнгын даалгавар, ямар нэг үүрэг чиглүүлэлтгүйгээр ажилтнууд өөрсдөө идэвх санаачилгаа өрнүүлж, ажлын байрнаас мэдлэг түгээх, хуваалцах урсгал тасрахгүй байх дархлаа тогтоно гэж бодож байна. Мэдлэгийн менежмент нь байгууллагын тогтвортой өрсөлдөх давуу талыг бий болгож, бүтээлч байдал, байгууллагын соёлыг дэмжих чухал хүчин зүйл юм.
- Ярилцсанд баярлалаа, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд нь амжилт хүсье.