Энэ сарын 28, 29 –нд “Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоог тахих бөгөөд есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Жадо Ринбүчи гэгээнтэн “Манал” бурхны ван айлтгаж, сүсэгтэн олонд номын авшиг хүртээх ёслол болох юм. Энэхүү шашин соёлын зан үйлийн талаар Жалданжанчүвлин хийдийн Тэргүүн лам, гэвш Б.Мөнхтогоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоог тахих ёслолын онцлог ач холбогдол юу вэ?
-“Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоог тахих ёслолыг Эрдэнэт үйлдвэр хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хамгийн гол онцлог нь Дээрхийн гэгээн 14-р Далай ламын дэргэдэх “Намжил” дацангийн Хансүр, Лхаарамба, Агримба Жадо Ринбүчи багш Эрдэнэт хотод морилон ирнэ. Ринбүчи багш од, овоо тахилгын зан үйлд биечлэн оролцоно. “Долоон бурхан”-ы од болгонд харьяалагдах жил, тэдний өргөл шашны зан үйлд ялгаатай байдаг. Тухайлбал, шанага талаасаа 1-р одны хулгана жилтнүүд сүү, 2-р одны үхэр, гахай жилтнүүд ааруул ээзгий, 3-р одны бар, нохой жилтнүүд цагаан будаа, 4-р одны туулай, тахиа жилтнүүд улаан буудай, 5-р одны луу, бич жилтнүүд гүнждийн үр, 6-р одны хонь, могой жилтнүүд вандуй, 7-р одны морь жилтнүүд хүрэн вандуй өргөж ажил үйлсээ даатгадаг. Мөн овоо тахих зан үйлд оролцох сүсэгтэн олон тухайн өдөр архи, тамхи болон ариун бус идээ ундаа хэрэглэхгүй, сэтгэлдээ гэгээн сайхныг бодож ирэх учиртай.
-Нас буян хайрлах тухайтад Жадо Ринбүчи багштан “Манал” бурхны ван айлтгаж, номын авшиг хүртээнэ гэсэн. Энэ талаар тайлбарлана уу?
- Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгана. Ер нь Маналын ванг нэг өдөрт багтаагаад айлтгаж болох ном. Энэ удаагийн Маналын ванг хот мандалтай нь бүтээж байгаагаараа онцлогтой. Хот мандлыг бүтээхдээ эхлээд чулуугаа уулнаас олборлоно. Дараа нь чулуугаа элсний ширхэг шиг нарийн болгоод таван өнгөнд оруулаад хот мандлыг зорох байдлаар хийдэг. Уран зургийн аргаар Манал бурхны орныг бүтээнэ гэсэн үг. Ном гадаалахаар хот мандлаа хураадаг заншилтай. Эндээс гаргаж авсан зүйлийг бид түлцэнгийн элс гэдэг. Түлцэнгийн элсийг лусад өргөдөг. Лус гэдэг амьтан эд баялаг, эрдэнэсээр элбэг байдаг. Номын утгад, лусыг ганцхан түлцэнгийн элсээр цангаж байдаг гэж үздэг. Үүнийг өргөснөөр лус асар их баясдаг. Нэг удаагийн өргөх түлцэнгийн элс 10 мянган лан алттай тэнцэнэ гэж номд гардаг. Лусад ийм үнэтэй зүйл байх нь л дээ. Ийм сайхан зүйлийг Эрдэнэтэд бүтээнэ. Бид ном гадаалсны дараа тэр түлцэнгийн элсийг Сэлэнгэ мөрөнд өргөнө. Ингэж лус савдгаа баясган аргадна. Бид “Эрдэнэтийн-Овоо”-ныхоо баялгийг ашиглаж амьдардаг учраас гэмүүд гарах магадлалтай. Энэ зан үйлийг хийснээр тэр гарах гэмүүд дарагдана гэсэн үг.