Газрын хэвлийн баялгийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр газар лус аргадах шашны зан үйлийг хоёр жил тутамд хийж, “Долоон бурхан” од тайх, “Эрдэнэт Мандал” овоо тахих ёслол үйлддэг уламжлалтай. Энэ жил шашны энэхүү зан үйлийг наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлож, өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, “Жалданжанчүвлин” хийдийн Тэргүүн лам Б.Мөнхтогоо тэргүүтэй зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд оролцож, энэ удаагийн шашны зан үйлийн онцлогийн талаар тайлбар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Дээрхийн Гэгээн XIV далай багшийн “Намжил” дацангийн хансүр, Лхаарамба, Агримба Жадо Ринбүчи багш Орхон аймагт морилох завшаантай цаг хугацаа тохиож байгаа нь онцлог юм. Жадо Ринбүчи багш “Долоон бурхан” од тайх, “Эрдэнэт Мандал” овоо тахих ёслолд оролцохоос гадна Эрдэнэтчүүдэд Маналын ван айлтгал, номын авшиг хайрлах, дээдийн номын хур буулгах үйл ажиллагаа 9-р сарын 01, 02-ны өдрүүдэд 13.00 цагаас Цэнгэлдэх хүрээлэн-наадмын талбайд болно.
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх: Ард иргэд, ан амьтан, өвс ургамал, амьд бүхэн амар амгалан байхын тухайд овоо, хангайгаа тахидаг. Өөрөөр хэлбэл, амьдарч буй нутаг орон зуд, ган гачиггүй байхын тухайд буддын шашны зан үйл, ном судар уншлагаар аргадан тахидаг. Ингэснээр газрын эзэн лус савдгийг баясгаж байна гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр газрын хэвлийн баялгийг ашиглан жилд дөрвөн их наяд төгрөг олж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаагийн хувьд газар лусаа аргадах, баясгах учиртай хэмээн хурлын эхэнд онцлов.
Төрийн хэмжээний тахилгатай уул, овоог тахихын өмнө “Долоон бурхан” одыг тайж, тэнгэр, бурхнаа аргаддаг уламжлалын дагуу 08-р сарын 28-ны оройн 20:00 цагаас “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэн буюу Наадмын талбайд “Долоон бурхан” од тахих ёслол үйлдэнэ. “Долоон бурхан”-ы од болгонд харьяалагдах жил, тэдний өргөл шашны зан үйлд ялгаатай байдаг талаар “Жалданжанчүвлин” хийдийн Тэргүүн лам Б.Мөнхтогоо энэ үеэр тайлбарласан. Харин маргааш өдөр буюу 08-р сарын 29-ний өглөө 06:00 цагаас “Эрдэнэт Мандал” овоог тахих ёслол болох юм.