Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн ажлын явцын талаар тус цехийн дарга М.Отгоноос тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон танай цехэд бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөж байна?
-Баяжуулах үйлдвэрт одоо хэрэгжиж байгаа болон ирээдүйд хэрэгжих үндсэн таван төсөл бий. Эдгээрийн хамгийн ойрхон нь өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн Хаягдлын аж ахуйн 5М далангийн ажил. Энэ сарын 25 гэхэд ажил дуусах төлөвлөгөөтэй яваа. 190 м3 материалаар 5М даланг барилаа. Автотээврийн цех, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн хамт олон 24 цагийн турш ажиллаж, бүтээн байгуулалтыг дуусгалаа. Шугам хоолой угсрах ажил есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Үүнийг хийснээр булингыг өвлийн улиралд хаях, Баяжуулах үйлдвэрийг ажиллуулахад 4-5 жилийн аюулгүй нөөц бүрдэж байна гэсэн үг.
-Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын ажил хэр урагштай яваа вэ?
-2022 онд залгасан Өөрөө нунтаглах хэсгийн зургаан сая тонн хүчин чадалтай, 4-р шугамын хүчин чадлыг хоёр сая тонноор нэмэгдүүлэх нэмэлт тоног төхөөрөмж суурилуулаад дуусаж байна. Бид наймдугаар сарын 5-аас 10-ны хооронд 72 цагийн туршилт хийсэн. Амжилттай болсон. Наймдугаар сарын 19-нөөс эхлээд зогсоогоод жилд найман сая тонны хүчин чадалтай болгохын тулд тээрмийн решотко, шигшүүрийн тор, насосны редуктор зэргийг солих ажлыг гүйцэтгэж байна. Ажлууд хийгдэж дууссанаар бид энэ сарын 22-ны өдрөөс залгана. Ингэхдээ тээрмийн хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллана. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилийн 40 сая тоннд хүрэх юм.
-Хам баяжуулалтын гуравдугаар секцийг солих ажил эхэлсэн үү?
-Эхлээд явж байна. Буулгалт болон газар шорооны ажил бүрэн дууссан. Одоо суурь бетон хийцлэлийн ажил хийгдэж байна. Хам баяжуулалтын гуравдугаар секцийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахыг зорьж байгаа. Үргэлжлээд хоёрдугаар секцийг солих ажлыг эхлүүлнэ. Үүнээс гадна ирээдүйд хийгдэх том төсөл хөтөлбөрүүдээс хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын ажил хийгдээд явж байна. Тоног төхөөрөмжийг Америкийн “FLS” компани, Финляндын компани үйлдвэрлэж байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 55 хувьд хүрсэн. Барилгын зураг энэ сардаа багтаад Барилгын хөгжлийн төвөөр хэлэлцэгдээд, нэгдсэн дүгнэлт гараад ирнэ. Үүний дараа барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам, анхан шатны бутлуур бүрэн шинэчлэгдэнэ. Хүдэр бэлтгэлийн дөрөвдүгээр шатны өндөр даралтын машинууд суурилуулснаар ашиглалтын зардлыг бууруулж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа нэмэгдэх боломжууд бүрдэх юм.
-Түүнээс гадна хаягдалтай холбоотой хоёр төсөл хэрэгжиж байгаа байхаа. Энэ талаар..?
-Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын зураг төсөл бүгд Барилгын хөгжлийн төвөөр ороод, нэгдсэн дүгнэлт гараад, батлагдаад ирчихсэн. Ирэх сараас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Шинэ хаягдлын сан барих ажил үргэлжлээд явж байна. Үүнтэй холбоотойгоор Австралийн “ATC Williams” компани ТЭЗҮ боловсруулах, инженер, геологи, байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэнэ. Энэ ондоо ТЭЗҮ-ийг гүйцээх, ирэх жил нарийвчилсан зургийг дуусгах төлөвлөгөөтэй. 2026 оноос шинэ хаягдлын сангийн бүтээн байгуулалт эхлэх юм. Таван жилийн хугацаанд Баяжуулах үйлдвэр таван том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн бүтээмж өснө. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн шинж чанар өөрчлөгдөж, хүдэр дэх металлын агуулга буурч, хатуулаг өсөж байгаа. Үүний эсрэг бүтээмжийн уналтыг зогсоох, хүрсэн түвшингээ хадгалах боломж бүрдэнэ. Дээр нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулаад, бага зардлаар өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна.
-Эдгээр төсөлтэй зэрэгцээд хуучин хаягдлын санг хаах менежмент хэрэгжих болов уу?
-Тэгнэ. Ер нь Хаягдлын аж ахуй өөрөө хамгийн урт настай төсөл байдаг. Уурхайг ашиглаж эхлэхээс өмнө хаягдлын аж ахуйг төсөөлж, барьж байгуулдаг. Уурхай хаагдсан ч хаягдлын аж ахуйн арчилгаа үйлчилгээ байнга хийгддэг. Одоо бид шинэ хаягдлын сан бариад, хуучнаа зүгээр орхичихно гэж байхгүй шүү дээ. Энд байгаа уснуудаа авна, тогтворжилтыг нь байнга хангаж байх хэрэгтэй. Аюулгүй байдлыг нь хангана, дээр нь нөхөн сэргээлтийн ямар ажил хийх талаар уурхайн хаалт хөгжлийн менежментийн техникийн бичиг баримтдаа тусгаж боловсруулна. Түүний дагуу ажлаа хийгээд явна. Ашиглагдахгүй болсон ч байнга арчилж, аюулгүй байдлыг хангаж зардал гаргасаар байх болно.
- Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.