Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд донтож, цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо огцом өсөж байгаа нь нийгэмд аюултай үзэгдэл болоод байна. Цахим мөрийтэй тоглоом тоглож, хялбар аргаар мөнгөө өсгөх бодолтой иргэд мөрийтэй тоглоомд донтох, улмаар эд хөрөнгөө алдах, өрөнд орох, сэтгэл зүйн хүнд байдлаас үүдэлтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүл салах, цаашлаад амь насаа хорлох тохиолдол ч олон бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Гэрээт дотоодын цэргийн 816-р дугаар анги хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Цахим мөрийтэй тоглоом” аяны төлөвлөгөө гарган, ажилтнуудын дунд нөлөөллийн ажил, сургалт, сурталчилгаа зохион байгуулан ажиллаж байна.
Дотоод цэргийн Зөрчил шалгах, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны II байранд цахим луйвраас урьдчилан сэргийлэх “Амьдрал мөрий биш” сурталчилгаа зохион байгуулав.
Энэ үеэр, бодит үйл явдлаас сэдэвлэн бэлтгэсэн өгүүллэг, гарын авлага ажилтнуудад тарааж, цахим покер тоглоом хэрхэн явагддаг, хүнд бага, багаар сэдэл өгч, хэрхэн донтуулдаг, яаж залилдаг, их хэмжээний мөнгө алдах эрсдэл бий болдгийг ойлгуулж таниулсан юм.
Гамшгаас хамгаалах штаб, Гэрээт дотоодын цэргийн 816-р дугаар анги хамтран зохион байгуулж буй “Цахим мөрийтэй тоглоом” аяны хүрээнд Орхон аймгийн Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах мэргэжилтэнтэй хамтран Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Тээвэр, ложистикийн төв, Засвар, механикийн завод, Ус хангамжийн цехийн ажилтнуудад цахим мөрийтэй тоглоом, цахим залилан, түүнээс үүдэн гарах хор хохирлын талаар сургалт зохион байгуулж, ажилтнуудын сонирхсон асуултад тодорхой хариу өгч, мэдээлэл хийгээд байна. Мөн ажилтнуудын дунд цахим тоглоом тоглодог эсэх талаарх судалгаа хийгдэж байна.