Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажил юм. Эл төслийг хэрэгжүүлэх, тэнд ажиллах хүний нөөц буюу түлхүүр мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудаас шалгаруулан, ОХУ-ын Уралын Холбооны Их сургуульд металлургийн чиглэлээр суралцуулж эхлээд байна.
Өнгөрсөн онд эхний 10 оюутныг 2+2 сургалтын хөтөлбөр буюу 3-р дамжаанаас Уралын Холбооны Их сургуульд суралцах хөтөлбөрт хамруулсан бол дараагийн ээлжийн 10 оюутныг суралцуулахаар шалгаруулсан байна. Уг хөтөлбөрт шалгарсан болон өнгөрсөн жил 3-р дамжаанд суралцаж, шинэ хичээлийн жилд 4-р дамжаанд элсэх нийт 20 оюутантай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон биечлэн уулзаж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр, Ерөнхий захирал Г.Ёндон, “Монгол Улсын Засгийн газраас Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөсөн цаг хугацаанд чанартай хэрэгжүүлэн, ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгч буйг онцлоод, тэнд ажиллах хамгийн чухал мэргэжилтэн, анхны металлургийн инженерүүд нь одоогийн оюутан залуус та бүхэн болж байна” гэв. Өөрөөр хэлбэл, одоогоос 50 жилийн өмнө илгээлтийн эзэд өнөөгийн Эрдэнэтийг барьж байгуулсан бол түүнийг түшиглэн баригдах Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хоёр дахь ээлжийн илгээлтийн эзэд болж, ажиллах их хувь завшаан та нарт оногдож байна, хэмээгээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
Түүнчлэн, металлургийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад гол гарын авлага болохуйц өөрийн гарын үсэг бүхий зэс хайлуулах үйлдвэрлэлийн онол практикийн шинэ ном бэлэглэн, хамтдаа дурсгалын гэрэл зураг татуулав. ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд эхний хоёр дамжаанд суралцан , 3,4-р дамжаагаа ОХУ-ын Уралын Холбооны Их сургуульд металлурги инженер мэргэжлээр сурч төгсөхөөр тэнцсэндээ баяртай буйгаа, энэ боломжийг олгосон Эрдэнэт үйлдвэрт талархаж байгаагаа оюутнууд энэ үеэр илэрхийлэв.