Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, цаашилбал өрөнд орж залилан, хулгайн гэмт хэрэгт холбогдох, сэтгэл зүйн асуудлаа давж гарч чадахгүй хүнд байдалд орсноор өөрийн амь, амьдралаа алдах тохиолдол ч цөөнгүй гарсан байна.
Нийгэмд аюулын харанга дэлдээд байгаа энэ асуудлыг хөндөж, Дотоодын цэргийн 816-р анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб хамтран, Цахим мөрийтэй тоглоомын аюул, хор уршгийг таниулан сурталчилсан цуврал үйл ажиллагааг “АМЬДРАЛ МӨРИЙ БИШ” уриан дор зохион байгуулж эхлээд байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд энэ сарын зургааны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, албан хаагчдад цахим мөрийтэй тоглоомын хор уршгийн талаар танилцуулж, гарын авлага тараасан. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас байршуулан ажилтнуудад зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Цахим мөрийтэй тоглоом тоглосон хүн багахан ч болов хэмжээгээр хожиж байна гэдэг нь түүнийг дахин тоглох сэдлийг төрүүлж, улам татаж, донтуулах гэсэн нэг төрлийн “хавх” юм. Иймээс иргэн таныг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, улмаар хохирогч болохоос ухаалгаар татгалзаж, өөрийн эд хөрөнгө төдийгүй хамгийн үнэ цэнтэй гэр бүл, дотнын хүмүүсийнхээ сэтгэл зүй, эрүүл мэнд болон ажил, амьдралаа аварч, хамгаалахыг уриалж байна. Г.ГАНЦЭЦЭГ