Зууны манлай Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг тохиолдуулан уул уурхайн салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй уурхайчин эмэгтэйчүүдийн төлөөлөлд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Х.Оюунтунгалаг болон газар хэлтсийн удирдлагууд оролцон, уурхайчин бүсгүйчүүдэд баяр хүргэн шагнал гардуулсан юм.
Энэ үеэр тус үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаад төрийн түшээгээр сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, үйлдвэрийн удирдлага, хамт олон, эмэгтэйчүүддээ ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Миний бие УИХ-ын сонгуульд нэр дэвшин, хойд бүсийн аймгуудад ажиллаж байх үеэр төрсөн хамгийн сайхан мэдрэмж бол Монголчууд Эрдэнэт үйлдвэртээ ямар их хайртай юм бэ гэдгийг олж харсан нь байсан. Очсон сум баг бүртээ би Эрдэнэт үйлдвэр, уурхайчдынхаа үйл ажиллагааны үр дүн, үйлдвэрийн хэт ирээдүй, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн түвшин, цаашид бүс нутгийн хөгжилд оруулах үнэ цэн, улс орны хөгжилд хүлээх үүрэг хариуцлага гээд олон талаас нь мэдээлэл өгч, тайлбарлаж явсан. Хамгийн сонирхолтой сэдэв нь ч Эрдэнэт үйлдвэрийн маань тухай энэ мэдээлэл байлаа. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй хамт олон бол Монголчуудын том бахархал юм байна гэдгийг мэдэрч, баярласан. Баялаг бүтээгч уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэн, Эрдэнэт үйлдвэрийн нэр хүнд өнөөдөр намайг төрийн түшээгээр сонгогдоход тодорхой хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Хаа ч явсан Эрдэнэт үйлдвэрээрээ овоглож, Эрдэнэт хотынхоо хөгжлийн бодлогод хойд бүс нутгийн олон асуудлыг тусгахаа илэрхийлсэн маань өнөөдөр ард иргэдийн итгэлийг хүлээх үндэс болсон гэж хэлмээр байна. Тиймээс ч УИХ-ын гишүүний өргөсөн тангарагийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн нэг төлөөлөл, нэг эд эс байж, үйлдвэрийнхээ “гал хамгаалагч” байж ажиллана. Уурхайчдын жаргал зовлон, зорьж буй бүтээн байгуулалт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, зорилтыг сайн мэддэг хүний хувьд цаг ямагт уурхайчид хамт олны эрх ашгийг хамгаалж, хууль тогтоох дээд байгууллагын түвшинд дуу хоолой болж ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд намайг хамгийн их дэмжсэн уурхайчин бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ нийт уурхайчид тэдний ар тал, гэр бүлийнхэнд “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.
“Анхдагч” илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ойн баярын босгон дээр “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн цахилгаанчин Ц.Хоролсүрэн, Чанарын хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний лабораторант Т.Дүүрэнжаргал, Цахилгаан цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер М.Мөнхчимэг, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан”-аар Ус хангамжийн цехийн Хөдөлмөрийн эдийн засагч Л.Лхагвадулам, Ган бөөрөнцөгийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтан Д.Саранзаяа, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын харьяа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч М.Одгэрэл, “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан”-аар нийгмийн харилцааны хэлтсийн тусламж дэмжлэг хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Коллежийн эрхлэгч Н.Зул-Эрдэнэ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны хүндэт “Жуух бичиг”-ээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын менежер П.Мөнхтуяа, Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунгэрэл, Монголын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн албаны дарга Н.Ариунаа, “Дурсгалын тэмдэг”-ээр Хүний нөөц, захиргааны хэлтсийн зааварлагч, арга зүйч А.Энхцэцэг, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын харьяа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дизайнер Ш.Лхамсүрэн, Цахилгаан цехийн засварын монтёр О.Уянга, Ю.Цэдэнбалын нэрэмжит “Хүндэт тэмдэг”-ээр Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Х.Оюунтунгалаг, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тэргүүлэх нягтлан бодогч С.Туул нарын 40 гаруй эмэгтэйчүүд шагнагдаж, шагналаа гардан авлаа.
Мөн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Аюулгүй байдлын эрхлэгч Т. Бат-Ариун, Программ хангамжийн мэргэжилтэн Г.Төгсбаяр нарын 8 ажилтанд “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулан, баяр хүргэлээ.