Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводод Тоон удирдлагатай суурь машины төв байгуулж, мэргэжилтнүүдээ мэргэжлийн өндөр түвшинд дадлагажуулж, чадавхжуулах боломж бүрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг төвийг түшиглэн оюуны өндөр чадамж, хүчин чадлыг төвлөрүүлж, мэдлэг түгээх, бусдадаа хуваалцах зорилгоор “Мэдлэг түгээх” төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь ЗМЗ-ын металлургийн салбарт бий болгох орчин үеийн дижитал үйлдвэрлэлийн суурийг одооноос зөв тавьж, хамгийн түрүүнд тэнд ажиллах хүний нөөц, мэргэжилтнүүдээ бэлтгэх эхлэл болох юм. Тиймээс мэдлэг, мэдээллийг түгээх гол ажлын байраар Тоон удирдлагатай суурь машины төвийг сонгосон гэж ЗМЗ-ын удирдлага төслийн нээлтийн үеэр онцоллоо.
Мэдлэг түгээх ажлын байр бий болгож, энэ чиглэлээр дагнах зорилт тавьснаар ажилтнуудтайгаа илүү ойр ажиллаж байна. Ажилтнуудын дунд санал асуулга зохион байгуулж, мэдлэг мэдээллийг ямар арга хэлбэрээр түгээж, солилцож болох, дараагийн ажиллах хүний нөөц, мэргэжилтнүүдэд аль арга туршлага, мэдлэг илүү чухал хэрэгцээтэй байх талаар байнгын судалгаа хийсэн. Үүн дээрээ үндэслээд их мэдээлэл биш, хэрэгтэй, чухал мэдлэг, мэдээллийг богино хугацаанд, үр дүнтэй түгээж, хүргэх нь өндөр ач холбогдолтой юм байна гэж дүгнэсэн. Тийм учраас мэдлэг түгээх ажлын байрандаа хамгийн хэрэгцээтэй, оновчтой мэдээллээр дата сан үүсгэж, хурдан шуурхай авч байх боломж бүрдүүллээ. Мөн хэрэгцээтэй мэдээллээ QR код уншуулан, гар утсандаа татаж авснаар тухайн ажилтан ажлын дараа, эсвэл амралтын цагаа ашиглан танилцах боломжтой боллоо гэж төслийн үр дүнгийн талаар Механик цехийн Үйлдвэрлэлийн ажил хуваарилагч Д.Ариунзул ярилаа.