Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга, үндэсний сурын Дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүүд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Ингэснээр 46 жилийн түүхэн замналтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олны дундаас 9 дэх хөдөлмөрийн баатар төрж буй нь энэ юм.
Өнгөрсөн ням гаригт үйлдвэрийн төлөөлөл, нийгмийн цехүүдийн удирдлага, хамт олон шинэхэн хөдөлмөрийн баатраа “Эрдэнэт” угтах хаалган дээр алд цэнхэр хадагтай хүндэтгэн тосож авлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар Ш.Даваахүү, уурхайчин хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, гуч гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт үйлдвэрээрээ овоглож, энэхүү эрхэм алдрыг хүртсэндээ сэтгэл туйлын өндөр буйгаа хуваалцав.
Ш. Даваахүү нь үндэсний сурын спортоор 1989 оноос хичээллэж эхэлснээс хойш ардын төрийн наадамд 5 удаа түрүүлж, 7 удаа үзүүрлэж 4 удаа айрагдсан цорын ганц харваач юм. Мөн түүний 40 сумнаас 40 оносон үнэмлэхүй дээд амжилт нь одоог хүртэл давтагдаагүй байна.
Тэрээр үндэсний сурын спортоор хичээллэж, амжилтанд хүрэхийн зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Спорт цогцолборт арга зүйч, маркетингийн ахлах менежер, ахлах дасгалжуулагч, захирал зэрэг ажлуудыг тасралтгүй 28 жил гүйцэтгэж, нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн ажлыг байгууллагын боловсон хүчин, материаллаг баазаа түшиглэн үйлдвэрийн хамт олны дотор мэргэжлийн чиглэлээр нийтийн биеийн тамирын олон талт ажлыг жил, улирал, сараар төлөвлөж зохион байгуулж ирсэн байна. Үр дүнд нь тус үйлдвэрийн хэмжээнд нийтийн биеийн тамирын олон хэлбэрийн ажил, спортын уралдаан тэмцээн, өдөрлөг, уулзалт, өвөл зуны спартакиад уламжлал болон зохиогдож, жилд дунджаар спортын 17-20 секц, 30 шахам чийрэгжүүлэх дугуйланд 2400 гаруй хүн хамрагдан, нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнийг спортын 13 төрлийн уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 80-100 мянган хүн оролцдог болсон юм.
Түүнчлэн их спортын менежментийг боловсронгуй болгох, шигшээ багийн дасгалжуулагчдыг дотоодын болон гадаадын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төлөвлөгөөтэйгөөр сургаж тэдний мэдлэг чадварыг өндөр түвшинд хүргэж, тамирчдын бэлтгэл, сургалтыг орчин үеийн спортын шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн төлөвлөж чанартай хийснээр Хангарьд клубын тамирчдаас олимпийн медальтан 6, дэлхийн аварга 3, дэлхийн аваргын медальтан 12, тивийн аварга 10, тивийн аваргын мөнгөн медальт 12, хүрэл медальт 13 тус тус төрж олон улс, улсын аваргын тэмцээнээс сүүлийн 5 жилд 750 гаруй медаль авч багийн дүнгээр улсын аваргын тэмцээнд тогтмол эхний байруудад шалгарч ирлээ.
Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгийн энэхүү ажил хөдөлмөрийн ололт, үр шим болон үндэсний сурын спортод үзүүлсэн үнэмлэхүй дээд амжилтыг үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.