Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Уурхайчин эмэгтэйчүүдийн манлайлал” цуврал үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Энэ удаа Ус хангамжийн цех, Тээвэр, ложистикийн төвийн Эмэгтэйчүүдийн зөвлөл “Гавьяатуудаа сонсъё” бахархал, хүндэтгэлийн уулзалтыг Соёл, урлагийн цогцолборын Музейн танхимд зохион байгууллаа. Уурхайчин гавьяат эмэгтэйчүүдээ алдаршуулах, үлгэрлэл манлайллыг түгээх, мэдлэг туршлагаас нь хуваалцах зорилготой энэхүү уулзалтын хойморт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат багш С.Мэнджаргал, П.Оюунсүрэн, Соёл, урлагийн цогцолборын найруулагч асан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг, Соёлын секторын эрхлэгч асан Д.Ганчулуун, “Эрдэнэт” сувиллын цогцолборын ахмад, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Цэцэгсүрэн нар уригдан, хүндэт зочидоор оролцсон юм. Бахархал, хүндэтгэлийн уулзалт гавьяатуудад зориулсан ая дууны болон видео мэндчилгээгээр эхэлж, цехийн хамт олноос нь илгээсэн чин сэтгэлийн захидлаар үргэлжилж, манлайлах ур чадвар, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжил сэдвийн хүрээнд халуун дотно ярилцлага, зөвлөгөөгөөр өндөрлөв.
Гавьяат багш нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн сургалтуудын талаар, мөн хувь хүний хөгжил, төлөвшил, гадаад хэлээ сайжруулахын чухлыг онцлон ярьсан бол Гавьяат жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтнүүд Монголын эмэгтэйчүүд бүгд манлайлагчид гэдгийг цохон тэмдэглээд эмэгтэйчүүдийн манлайлал нөхөрлөлөөс эхэлдэг. Мөн хүсэж хийсэн ажил заавал үр дүнд хүрдэг. Тиймээс мэргэжилдээ, хийж буй ажилдаа дур сонирхолтой байх нь чухал. Манлайлал гэдэг чи өөрөө... гэсэн өвөрмөц, сонирхолтой өнцөг гаргаж ярьсан нь оролцогчдод ихэд таалагдлаа.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг “Та бүхэн сардаа нэг удаа Хүүхэлдэйн театр очиж бай, бясалгал болно, Улиралдаа нэг удаа Улаанбаатар явж гэр бүлээрээ драм, концерт тоглолт үзэж байгаа. Жилдээ ядаж нэг удаа нөхөртэйгөө болз, ханьдаа гэнэтийн бэлэг барь. Алсдаа гайхалтай үр дүн мэдрэх болно” гэж бүсгүйчүүдэд зөвлөсөн нь сэтгэлд хүрсэн. Уурхайчин эмэгтэйчүүдийн уулзалт-ярилцлага ийнхүү нандин сэдвээр халуун дулаан харилцаан дунд үргэлжилж, бахархал хүндэтгэл дүүрэн өндөрлөв.