-Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Засвар угсралтын цехийн мастер А.Эрдэнэцогттой уулзаж ярилцлаа.
-Хоёулаа таны удам судар, өссөн орчноос ярилцлагаа эхлэх үү?
-Манай аав Хөвсгөл аймгийн харьяат. Намайг гурван настай байхад манайх Эрдэнэтэд шилжиж ирсэн байдаг. Аав маань геологич хүн. Хөвсгөлийн Геологи хайгуулын ангийн томилолтоор Эрдэнэтэд ирж ажилласан Галбаагийн Агваандорж гэж хүн байлаа. Аймгийн заан цолтой бөх. Бид эхээсээ наймуулаа. Таван банди, гурван эмэгтэй. Бүгд өөрсдийн ажлаа хийгээд энх тунх амьдарч явна. Манай ээж багш хүн байлаа. Намайг дөрөвдүгээр ангид байхад бурхан болсон. Тэр цаг үеэс гурван эгч маань биднийг өсгөж хүмүүжүүлсэн дээ. Энэ завшааныг ашиглаад биднийг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн гурван эгчдээ баярлаж бахархаж явдгаа илэрхийлье. Би Эрдэнэтэд өссөн хүүхэд. Эрдэнэтийн анхны гэр сургуульд 1-3-р анги хүртлээ хичээллэсэн.
-Их сонин түүх байна. Тэр цаг үеийн үйл явдлаас таны сэтгэлд тод үлдсэн дурсамж байх юм уу?
-Гэр сургууль орон тооны галчтай. Тэр нь хэн байсан гээч. Аймгийн арслан Батдорж. Гарьдмагнай киноны Далайцэрэн. Тухайн үед бидний нүдэнд нэг л их том залуу харагддагсан. Одоо бодоход 18 настай байсан юм билээ.
-Та ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-1990 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад фрезерчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Эрчим хүчний яамны томилолтоор ирсэн. Дарханы Политехникийн дээд сургуулийг дулаан агааржуулалтын инженер мэргэжлээр төгссөн. ЗМЗ-дад Будаев Николивич, Дима Медведов нарын хэсгийн дарга, мастерын удирдлагад ажиллаж байлаа. Эрдэнэт үйлдвэрт ажилладгаараа бахархаж явдаг. Ер нь нэлээн буян заяатай хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажилладаг болов уу. Энэ уулын өгөөж буян их. Эрдэнэт үйлдвэрт 32 дахь жилдээ ажиллаж байна.
-Ажиллах хугацаандаа та яг юу хийж бүтээсэн гэж боддог вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн бүх цех, хэсэг нэгжүүдэд очиж ажилласан. Бүх цех, нэгжийн агааржуулалтын систем, угсралтын ажилд гар бие оролцлоо. Сүүлийн үед Баярмагнай, Мөнхбат нарын ахлагчтай хоёр бригад Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн хүрээнд агааржуулалтын системийн угсралтын ажлыг иж бүрэн хийлээ. Мөн Бөхийн өргөөний агааржуулалтын системийн ажлыг гүйцэтгэсэн. Энэ он гарснаас хойш Ил уурхайн тэсэлгээний бодисын агуулахын агааржуулалтын угсралт, бэлдцийн ажлыг миний бие удирдан хийж ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
-Та хүмүүст ажлын ямар шаардлага тавьдаг вэ?
-Аливаа ажлыг аюул осолгүй, зөв гүйцэтгэхийг эрхэм үүрэг болгодог. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хий гэдэг. Манай үйлдвэрийн хэмжээнд нэгэн үе солигдлоо. Энэ залуус ажлыг дэс дараатай, өндөр сахилга баттай хийж байна. Ажлын талбар дээр ийм зөв дадал маш эрхэм зүйл. Бидний ажил багаар гүйцэтгэдэг. Хамт олноороо нээлттэй сайн ярилцдаг.
-Хөдөлмөрийн талбар дээрээс та юу сурч мэдсэн бэ?
-Алийг нь хэлж барах вэ. Гадаад мэргэжилтнүүдээс маш их зүйл сурсан. Орос ах нараас авах юм их бий. Цаг барьдаг. Ажлыг чанартай хийдэг. Би ажил хөдөлмөрийн амтанд орж, оросуудтай гар сэтгэл нийлж ажилласны хүчинд өдий зэрэгтэй явна.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүнийг Ишдоржийн Уранчимэг гэдэг. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манайх нэг хүү, хоёр охинтой. Том хүү Э.Билгүүн МУИС-ийг IT инженер мэргэжлээр төгссөн. Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Охин Э.Нандинчимэг 12-р ангиа төгслөө. Бага охин Э.Намуунчимэг Эрдмийн сан сургуулийн зургадугаар ангийг энэ жил дүүргэсэн.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би хүн чанартай байхыг л боддог. Хүний амьдрал олон өнгөтэй. Иймээс залууст хүнлэг байхыг захидаг. Алдаагүй хүн гэж байхгүй. Тийм болохоор аль болох зөв хүн байхыг хичээх ёстой л доо. Хамт олон эвтэй байхад ямар ч ажлыг бүтээнэ.
-Таны ажлын онцлог...?
-Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг агааржуулалтын системээр цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг. Өөрөөр хэлбэл, ажлын талбарт цэвэр агаар сэлгэж ажиллуулдаг гэсэн үг. Ер нь ажлын байрнаас шалтгаалсан өвчлөлийн ихэнх хувийг агааржуулалтын систем ашигласнаар шийдсэн байдаг.
-Та ямар спортоор хичээллэдэг вэ?
-Буудлагын спорт сонирхдог. Энэ жилийн Цэргийн баяраар Засвар угсралтын цехийнхний дунд буудлагын тэмцээн явагдсан. Энэ тэмцээнд би гутгаар байр эзэлсэн.
-Та гарын шавь олонтой юу?
-Өө, байлгүй яахав. Б.Батмэнд З.Эрдэнэзул, Н.Билгүүн нарын олон шавьтай. Нэлээн хэд нь инженер техникийн ажилчид болчихлоо.
-Та үндсэн ажлаасаа өөр ямар нэгэн сонгуульт алба хашдаг уу?
-Орхон аймгийн Түрүүч нарын холбооны тэргүүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Түрүүч нарын холбооны чуулга уулзалт Нийслэлд болсон. Дурсгалын цом нь энэ байна. (Үзүүлэв.Сур.)
-Тэгэхээр та цэргийн алба хаасан байж таарах нь ээ?
-Тийм ээ. Зүүнбаянгийн 126-р нэгтгэлийн тагнуулын удирдах газар хоёр жилийн алба хаасан. Тухайн үед Зүүнбаянд 1000 цэрэгтэй том дивиз байлаа. Манайх 34 цэрэгтэй тусгай бателион. 133-р анги дээр байрладаг. Ахлах түрүүч цолтой цэргээс халагдсан.
-Цэргийн алба хаах хоёр жилийн хугацаанд та их зүйл сурсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь хүнээс үг сонсож сурсан. Тэсвэр, хатуужил суусан. Харилцаа хандлагын хувьд зөв төлөвшсөн гэж боддог.
-Та аавыгаа аймгийн цолтой бөх байсан тухай ярьсан. Танай удамд өөр бөх хүн бий юу?
-Байгаа. Манай эгчийн хүүхэд барилддаг. Сумын заан Б.Эрдэнэсайхан гэж хүү бий. Манай аавыг хулгар Г.Агваандорж гэдэг байлаа. Суйлдаг дархан мэхтэй. Бөх гэснээс манай цех зодоглодог залуучуудтай. Энэ бас нэгэн бахархал юм. Сумын заан Гомбожав, Батмэнд, Батзориг нарын бөхчүүдтэй. Хамт олон дунд спортоор хичээллэдэг хүмүүс их болохоор бусдадаа нөлөөлдөг юм байна. Сумын мэргэн Х.Зоригт, волейболын спортын мастер У.Баярмагнай, З.Эрдэнэзул нарыг нэрлэж болно. Манай Засвар угсралтын цехийн Агааржуулалт угсралтын грүпп нийт 22 хүнтэй. Бид гар нийлж ажилладаг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0