Хүүхдийн“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын арга зүйч О.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Манай зуслангийн нэгдүгээр ээлж 6-р сарын 15-наас эхэллээ. Уламжлал ёсоор нийт найман ээлж зохион байгуулан, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авч, амраана.
-“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Эрдэнэт үйлдвэр бодлогоор байгаль орчныг унаган төрхөөр нь хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс зуслангийн орчинд төрөл бүрийн амьтан нутагшуулдаг. Энэ бааз суурь дээр тулгуурлан 2007 оноос манай зуслан гадаад орчны хөтөлбөр үйл ажиллагаа явуулдгаараа бусдаас онцлогтой. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйд болон байгаль дэлхий, амьтан ургамлыг хайрлан хамгаалах, экологийн мэдлэг олгох чухал ач холбогдолтой. Хүүхдүүд манай зусланд ховор амьтдыг ойроос харах боломжтой. Амрагч хүүхдүүд манайхыг “Бугатай зуслан” гэж нэрлэдэг.
-Зуслангийн хөтөлбөр үйл ажиллагаагаа хэрхэн боловсруулдаг вэ?
-Бид амрагч хүүхэд бүрээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. 2007 оноос хойш 40 гаруй мянган хүүхдээс судалгаа авсан. Өмнөх таван жилийн хөтөлбөрийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнтэй уялдуулан, энэ зуны хөтөлбөр үйл ажиллагааг боловсруулсан.
-Зуслангийн ээлж бүрээр насны онцлогт нь тохирсон хөтөлбөр үйл ажиллагаа явуулдаг байх. Энэ талаар...?
-Эхний ээлжинд 6-9 насны хүүхдүүд амарна.Тэдэнд зориулан “Альфа” хөтөлбөр хэрэгжүүлнэ.Бага насны хүүхдүүдэд зориулсан гадаад орчны энэ хөтөлбөрөөр бие хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн дадлага хийнэ. Хоёрдугаар ээлжинд 10-14 насныхан хамрагдах бөгөөд, тэдэнд “Эерэг дадал” хөтөлбөр хэрэгжинэ. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дадал хэвшүүлэхэд чиглэх юм. 3,4-р ээлжинд 10-16 насныхан амарна. Гуравдугаар ээлжинд “Өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв алхам” гадаад орчны хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээр ээлжинд гадаад орчны “Зөв манлайлал” хөтөлбөр хэрэгжих юм. 5, 6-р ээлжинд 10-18 насныхан амрах бөгөөд тавдугаар ээлжинд Сагсан бөмбөгийн 3х3 Өсвөрийн улсын аварга шалгаруулах “Эрдэнэс-2024” сургалт, тэмцээн болно. Зургаадугаар ээлжинд “Тархины фитнес-2024” өсвөрийн хакатоны сургалт, тэмцээн болох юм. 7, 8-р ээлжинд 14-18 насныхан амрах бөгөөд, долдугаар ээлжинд “Фрийдом кап-2024” чөлөөт бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, сургалт болно.Наймдугаар ээлжинд өсвөр, ахлах насныханд зориулсан “Эерэг краш” үйл ажиллагаа явагдана.
-Альфа үеийнхэнд зориулсан хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Энэ үеийнхний онцлогийг судалж, хөтөлбөртөө тусгасан. Тэд ямар потенциалтай, ямар чадварыг нь түлхүү хөгжүүлэх шаардлагатай болохыг судалсан. Ингээд бид хүүхдүүдэд байгаа чадвар боломжид тулгуурлан илүү ихийг нээх зорилгоор эхний хоёр ээлжинд Монголын мэдрэмжийн боловсролын төвийн доктор, тархи судлаач Энхтуяа багштай хамтарч ажиллах юм.
-Багш нараа хэрхэн бэлтгэсэн бэ?
-Бид дөрвөн долоо хоногт багш нараа бэлддэг. Хүүхэдтэй ажиллах онол арга зүй, төрөл бүрийн дадлага ажлын сургалтууд явуулсан. Бид чиглүүлж, идэвхжүүлдэг учраас харьцангуй сайн дадлагаждаг. Ер нь зусланд ажилласан багш нар өндөр чадавхтай, харилцааны топ 10 чадварыг эзэмшчихдэг. Дараа нь тэд аль нэг байгууллагад ажиллахад дөхөм болдог.
-Зусланд гадаадаас хүүхдүүд ирж амрах уу?
-Манай зусланд сүүлийн таван жилийн дотор Америк, Канад, Герман, Польш, Солонгос улсаас монгол хүүхдүүд ирж амарсан. Сэтгэл ханамжийн судалгаанд Монголд амрахдаа “Найрамдлын Эрдэнэс”-ийг зорин ирсэн, их сайхан амарсан гэж дурьдсан хүүхэд нэлээд бий. Орчин үеийн хүүхдүүд 2-3 ч гадаад хэлээр ярьдаг болсон. Иймээс дээрх орнуудаас ирсэн монгол хэл мэдэхгүй монгол хүүхдүүдтэй харилцахад хэлний бэрхшээл гардаггүй, найзалж нөхөрлөөд сайхан амраад буцдаг. Энэ жил ч гадаадаас манай зусланг зорих хүүхдүүд бий.
-Гадаад багш нар ажиллах уу?
-Энэ жил бид Piece corpus Олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Манай 5, 6-р ээлжинд Америкаас ирсэн багш нар ажиллана. 11 бүлэгт бүр тус бүрт нэг нэг Монгол, Америк багш ажиллана. Тэд хүүхдийн хөгжлийн, мөн зуслангийн нэрэмжит Адал явдалт буухиа зэрэг хөтөлбөрт хамтрах юм. Манай зусланд хүүхдийн ур чадварыг нээхэд чиглэсэн өртөөчилсөн бүтэн өдрийн хөтөлбөр байдаг. Гадаад багш нар өртөө бүрийг хариуцаж, шийдвэр гаргах ур чадварыг ахиулах, багаар ажиллах, бусдаас ялгаатай байдлыг ойлгож мэдэхэд нь туслах зэргээр оролцох юм. Түүнчлэн хариуцсан бүлэгтээ англи хэлний болон ярианы хичээлийг сонирхолтой байдлаар заана. Өмнө нь манай зуслан сайн дурын байгууллагатай хамтран, англи хэлний вакум ярианы анги бүрдүүлэн ажилласан. Энэ нь олон хүүхдийг хамарч чадахгүй байсан учраас энэ жилээс ингэж шийдсэн.
-Зусланд амрах эрхийн бичгийг хэрхэн борлуулах вэ?
-Нэг ээлжинд 500 хүүхэд амрах бөгөөд, 250 эрхийн бичгийг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд квотоор өгнө. 250 эрхийн бичгийг цахимаар борлуулна. Зуслангийн ээлж 7 хоног бүрийн бямба гарагт эхэлнэ. Эрхийн бичгийг ээлж эхлэх 7 хоногийн даваа гарагт, 14 цагаас цахимаар борлуулна. Манай “Найрамдлын Эрдэнэс” пейжээс мэдээлэл аваарай. Бид пейж дээрээ эрхийн бичиг борлуулах линкээ тавьдаг. Зарласан цагаас өмнө хандсанаар линк идэвхгүй болох тохиолдол бий. Иймээс яг 14 цагаас линк рүү орж, бүртгүүлээрэй. Бүртгүүлэхдээ анхаарах зүйл бий. Хүүхдийн овог нэрийг зөв бичих, Регистрийн дугаарыг зөв оруулах, Холбоо барих эцэг, эх асран хамгаалагчийн дугаарыг алдаагүй оруулах, Хамгийн чухал нь таны бүртгүүлсэн мейлээр төлбөр тушаах QR код очих тул мэйл хаяг ямар ч алдаагүй байх. Таны бүртгүүлсэн овог, нэр, регистрийг төрсний гэрчилгээтэй тулгаж оруулах тул хариуцлагатай хандаарай.
-Төлбөрийн хэмжээ хэд вэ? Зарим хүүхдүүд өлслөө гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Зуслангийн төлбөр 1-4-р ээлжнийх 420 мянга, 5-8-р ээлжийнх 460 мянган төгрөг. Зах зээл дэх хүнсний материалын үнийн нэмэгдлээс шалтгаалан төлбөр өнгөрсөн жилээс нэмэгдсэн. Манайх хүүхдийн насны онцлогт тохирсон илчлэгтэй, эрүүл хоолоор үйлчилдэг. Зарим хүүхдүүд чихэр ихтэй, халуун ногоотой зэрэг хоолны буруу хэрэглээтэй байдаг. Ийм зүйл өгдөггүй болохоор чихэр сахар, бэлэн гоймон зэрэг зүйлээр өлсдөг болов уу гэж боддог.
-Эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хуульд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр гадуур явуулах боломжгүй. Манай зуслангийн автобус Эрдэнэт хотын төв А.Амарын талбайгаас хөдөлнө. Энд хүүхдээ хүргэж ирнэ. Зуслангаас буухдаа ч мөн талбайд ирнэ. Хүүхдээ үдэх, тосохдоо хариуцлагатай хандаарай. Зусланд явах, ирэх цагийг бид пейж хуудсаараа зарлана. Улаанбаатар, Дархан зэрэг хотоос ирэх хүүхдүүдийг галт тэрэг, унаанаас тосох, үдэх асуудлыг эцэг, эхчүүд хариуцна.