Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллын өдөрлөгийг цувралаар зохион байгуулж байна. Энэ удаа Цахилгаан цехийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Уурхайчин эмэгтэйчүүд-Манлайлал, мэдлэгээ хуваалцъя” өдөрлөгийг Шинэ номын өргөөнд өнөөдөр зохион байгууллаа. Мэдлэгээ түгээх энэхүү уулзалт-өдөрлөгт Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгчид, анхан шатны зөвлөлийн дарга нар, уурхайчин эмэгтэйчүүдийн төлөөлөл 40 гаруй бүсгүй хамрагдав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн, доктор Х.Оюунтунгалаг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, уурхайчин эмэгтэйчүүдээ бүх талаар хөгжүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, нэр хүндийг нь өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг онцоллоо. Цахилгаан цехийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Э.Удвал урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн оролцогчдод талархал илэрхийлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Мэдлэгээ хуваалцах эхний сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сургалтын мэргэжилтэн, доктор П.Мөнхтуяа “Үлгэр жишээ манлайллын дадал” сэдвээр явуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татсан. Эмэгтэйчүүд манлайллын тухай ойлголт, манлайлагчийн чухал чанар, түвшин, үүрэг, түүнийг хөгжүүлэх арга, харилцаагаа сайжруулах зөвлөмж, сонсох чадвар сайжруулах зөвлөгөө, бусдад таалагдах урлаг буюу харизм зэрэг сэдвээр номын “дуу” сонсож, өөрийн туршлага, мэдлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярилцлаа. Мөн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч, Цахилгаан цехийн инженер М.Мөнхчимэг Авсралийн Засгийн газрын богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан талаараа мэдээлэл хийж, уурхайчин эмэгтэйчүүдийнхээ дунд “Ментор ship” хөтөлбөр хэрэгжүүлэх нь удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа дашрамд илэрхийлсэн. Харин Цахилгаан цехийн цахилгаанчин О.Уянга Австралид бүтэл жил суралцсан туршлагаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх бүх талын боломж, манлайллын талаар өөрийн мэдлэгээ түгээсэн юм. Түүнээс гадна АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “American Corner Erdenet” төвийн зохицуулагч Н.Булган дэлхийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үнэ төлбөргүй хэрэгжүүлдэг олон нийтийн хөтөлбөрүүд, англи хэлний сургалтууд, Америкт тэтгэлгээр суралцах боломжийн талаар мэдээлэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн манлайллын өдөрлөг үргэлжилсээр байна.