Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ахмад, ҮОМШӨ-ний улмаас хувь тогтоолгосон хүмүүсийн 2024 оны урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, энэ жилийн онцлогийн талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Урьдчилан сэргийлэх үзлэг эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо ямар шатанд явна?
- Эрдэнэт сувиллын цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг Медикал эмнэлэгтэй хамтран найм дахь жилдээ явуулж байна. Энэ жилийн үзлэг Ерөнхий захирлын тушаалаар гуравдугаар сарын дөрөвнөөс эхэлсэн. 2024 онд ажилчид, ахмад, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хувь тогтоолгосон хүмүүс нийт 9000 хүнийг үзлэгт оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 2053 хүн хамрагдаад байна.
-Энэ жил хэдэн төрлийн үзлэг шинжилгээ хийгдэх вэ? Үзлэгт орохдоо юунд анхаарах вэ?
-Энэ онд нийт 16 төрлөөр үзлэг шинжилгээнд хамруулж байна. Үзлэгт орохдоо өөрт мэдэгдэж буй шинж тэмдэг дээр тулгуурлан эмчтэйгээ зөвлөөд багцаа сонгож орох нь зүйтэй. Үзлэгийн явцад эмч нар зөвлөгөө өгч байгаа. Түүнийг анхаарахын зэрэгцээ эмчтэйгээ эргэн холбогдож, зөвлөгөө авах, нэмэлт шинжилгээ шаардлагатайг эмч зөвлөсөн бол нэн даруй хийлгэж, эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Манай ажилчдын дунд үзлэг шинжилгээний дүнгээр зонхилон ямар өвчлөл илэрч байна вэ?
-Эхлээд Улсын хэмжээнд тэргүүлэх таван өвчлөлийг танилцуулъя. Эхний байрт, хоол боловсруулах замын, хоёрт зүрх судасны, гуравт, гэмтэл хордлогын, дөрөвт амьсгалын замын, дараа нь бөөр шээсний замын өвчлөл ордог. Бид үйлдвэрийн ажилтнуудын 2016-2023 оныг дуусталх хугацааны эрүүл мэндийн үзүүлэлтийн судалгааг гаргасан. Судалгаагаар мөн л нэгд, хоол боловсруулах замын өвчлөл, хоёрт, бодисын солилцооны хямрал, таргалалттай холбоотой эмгэгүүд, гуравт зүрх судасны өвчлөл, дөрөвт бөөр шээсний замын өвчлөл, тавд үе мөч, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл орж байгаа юм. Эдгээр өвчлөл нь тухайн хүний амьдралын хэв маягтай холбоотой гэж үздэг.
-Амьдралын хэв маягаа өөрчлөх чиглэлээр ажилтнууд юуг эрхэмлэх, Эрдэнэт сувиллын цогцолбороос ямар ажил хийж байна вэ?
-Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эмнэлэг, эмнэлгийн байгууллагын ажил үүрэг бус, хувь иргэн, ажил олгогч байгууллага хүртэл анхаарал хандуулах асуудал юм. Хувь хүн шүд угаах, гар угаах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл мэндийн хамгийн энгийн дадал хэвшлээ зөв болгохоос эхлэх хэрэгтэй юм. Амьдралын буруу хэв маяг, зан үйлийг өөрчилснөөр бид эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өвчлөлд хүргэж байгаа анхдагч эрсдэлт хүчин зүйлүүд нь хорт зуршлын хэрэглээ, дасгал хөдөлгөөнгүй байдал юм. Хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ халдварт бус өвчлөлөөр 1,5 дахин илүү өвчилж байгаа нь судалгаагаар гарсан. Манай эмч нар үйлдвэрийн ажилчдын дунд сар бүр эрүүл мэндийн сургалт зохион байгуулдаг. Удирдамж, хөтөлбөртэй уг сургалтаар эрүүл мэндийн дадал хэвшлээ хэрхэн өөрчлөх, биеийн жинг хэрхэн бууруулах, хорт зуршлаас ангижруулах чиглэлээр сургалт, мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж өгдөг. Цех хариуцсан эмч нар ажилчдад эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох ажлыг тогтмол хийдэг. Ажилчид эдгээрт идэвхтэй оролцож, өөрийнхөө төлөө төдийгүй, хамт ажиллагч, ойр тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авч, ахуй амьдралдаа хэрэгжүүлээсэй.
-Энэ жил үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, та бүхэнтэй хамтран бүх эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байгаа. Энэ талаар ярина уу?
-Эрдэнэт үйлдвэрт 2400 орчим эмэгтэй ажилчид ажилладаг. Энэ нь үйлдвэрийн ажилчдын 38 хувийг эзэлдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн эмэгтэйчүүдийн багц гэж тусдаа байгаа. Энэ нэлээн дэлгэрэнгүй шинжилгээ бий. Энэ багцаар 700 эмэгтэй үзлэгт орох боломжтой. Бусад багцыг сонгон орж буй эмэгтэйчүүдэд өндгөвчний, хөхний, умайн хүзүүний эсийн маркер шинжилгээнээс аль нэгийг нь сонгон өгч болно.















