Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Бүтцийн цех нэгжүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа товч мэдээлж, шинэ эхэлж буй долоо хоногийн төлөвлөгөөгөө танилцуулав.
Өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн Мод тарих үндэсний өдөр, хаврын тарилтаар уурхайчид нийт 6600 гаруй ширхэг мод тарьсан байна. Харин “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2021 оноос хойш 3.4 сая орчим мод тариад байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Тээвэр ложистикийн төвийнхөн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж, энэ үеэр нийт 5.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал бүтцийн цех нэгжүүдэд борлуулсан байна.
Үйлдвэрийн дэргэдэх Залуучуудын холбооны 25 жилийн ойн хүрээнд “Залуусын хавар-2024” 1000 залуусын цугларалт уулзалтыг зохион байгуулж, цех нэгжүүд спорт урлагийн олон төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Залуу ажилтнуудын хоорондын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлж, залгамж чанарыг хадгалах, байгууллагын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулах юм байна.
“Их зогсолт”-ын бэлтгэл ажил үргэлжилж, засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал худалдан авах, нийлүүлэх хангамжтай холбоотой ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа аж. Тендер шалгаруулалтын ажлыг яаравчлах, шуурхай зохион байгуулахад холбогдох цехүүд анхаарч төлөвлөсөн хугацаанд биелүүлж ажиллахыг Механикийн хэлтсээс сануулав. “Их зогсолт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг Баасан гаригт хуралдаж, долоо хоногийн ажлын явц болон бусад асуудлаа дүгнэж хэлэлцэх юм байна.
Шинэ долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон хавар зуны бэлтгэл, “Их зогсолт” гэх мэтчилэн цаг үеийн ажил, тэдгээрийн бэлэн байдал зэрэгт цех нэгж бүр онцгой анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, бүтээмжээ ахиулан ажиллахыг Ерөнхий инженер үүрэг болголоо.