Намуухан ярьж, үе үе сайхан инээмсэглэх энэ бүсгүй бол Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн товчооны дарга, Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны Хөдөлмөрийн аварга Санжаагийн Буяндэлгэр. Анхны А үсэг заасан багш, Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг нь С.Буяндэлгэрийг “Миний шавь хүүхэд байхын хэмнэлээ алдаагүй бүсгүй” хэмээн тодорхойлсон нь учиртай.
Булган нутгийн хүний их эмч ээж, малын их эмч аавын гурав дахь охин болон мэндэлсэн тэрээр багаасаа бие даасан, ухаалаг, хэрсүү охин байж. Завгүй ажилтай аав, ээжийнхээ арыг ах, эгчтэйгээ дааж, эрдэм номд ч шамдан суралцав. С.Буяндэлгэр 1975 онд Булган аймгийн нэгдүгээр сургуулийн босгыг алхаж, Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэгийн анхны шавь нарын нэг болжээ. Монгол хэлний хичээлийг тайлбартай дасгалын аргаар зааж, Улс даяар алдаршин, тэргүүн туршлагаа дэлгэрүүлж явсан багшийн шилдэг сурагч. Тэртээх 40-өөд жилийн өмнө хөх эмжээртэй, улаан галстук зүүсэн “сэнтэг” нь дэндсэн ч, тусч, зөөлөн сэтгэлт, хүнлэг охиныг нөхөд нь одоо ч ангийн даргаа хэмээн дуудаж, аливаад түүний шийдвэрийг дагах нь олонтаа. Арав төгсөхдөө аймгийн сурагчдаас сурлагаараа нэгд жагсаж, конкурсын оноогоор ч группээ тэргүүлсэн Буяа хуваарь сонгохдоо ээжийгээ дагуулав. Их эмч ээж нь онц сурлагатан охиндоо итгэж, сонгох эрхийг өөрт нь үлдээв. “Хил давж” сурах хүсэлдээ хөтлөгдсөн охин ОХУ-д хими, технологийн дээд сургуулийн хуваарь гардав. Эрхүүд орос хэлээ базааж, Иванов хотод дээд сургуулиа инженер мэргэжлээр амжилттай дүүргэсэн тэрээр тухайн үеийнхний жишгээр нийслэлд ажиллаж амьдрах хүсэлтэй байлаа. Гэлээ ч дотно найзынхаа найрсаг дуудлага, Уул уурхайн яамныхны уриалгахан томилолтоор Эрдэнэтийг зорьсноор өдгөөгийн Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга С.Буяндэлгэрийн ажил үйлс, амьдрал хайрын замнал эхэлсэн түүхтэй. 1991 оноос Эрдэнэтийн ууган “гал голомт”-ын Хими ус бэлтгэлийн хэсэгт лаборантаар ажиллаж эхлэв. Оросууд олноороо ажилладаг энэ хэсэгт Буяа тун ч чухал ажилтны нэг болов. Зөвлөлтийн нөхдөөс ч ихийг суралцав. Цаг, нарыг умартан явах үест, станц дээр ч, түүний амьдардаг “Сургалтын төв”-ийн дотуур байранд ч байнга тааралдах нүдэнд дулаахан залуутай удалгүй дотно танилцсан нь түүний насны хань Ганхуягийн Эрдэнэбаатар байв. Тэр ЗХУ-ын Ленинград хотод Усан зам тээврийн сургууль төгссөн инженер бөгөөд С.Буяндэлгэрийг ажилд орохоос гуравхан сарын өмнө тэнд ажиллаж эхэлжээ. “Нөхөр маань цехийн дарга Балжинням гуайд, амьдрал зохиож тусдаа гарах тухайгаа ярьж, байр сууц олгох боломж бий юу хэмээн халгасхийн асуухад нь тун ч уриалгахнаар хүлээн авч, “Манай хоёр инженер гэр бүл болж байгаад баяртай байна. Байрыг ямар ч гэсэн шийдүүлж өгнө” гэв. Хүний нөөцийн мэргэжилтэн Долгоржав эгч, хөөцөлдөж гүйсээр 6-18-р байранд нэг өрөө байр хуваарилуулан авч өгч билээ. Ингэж л бид Станцаасаа гал голомтоо бадраасан юм. Амьдралаа төвхнүүлэх гэж буй бидэнд энэнээс илүү тус, дэмжлэг гэж юу байхав, хүний төлөө сэтгэлээ чилээдэг, бодитойгоор тусалсан тэдэндээ их баярладаг, тэр үеэ дурсан санахад сайхан байна” гээд инээмсэглэв.
Хөдөлмөрч, хичээнгүй С.Буяндэлгэрийг 1998 онд зохион бүтээгч инженерээр, 2000 онд Үйлдвэр техникийн товчоонд тооцооны инженерээр, 2021 онд Үйлдвэр техникийн товчооны даргаар томилов. Станцынхан хүндхэн үеийг туулсан тухайгаа “Манайх 1990-ээд оны эх хүртэл хүчин чадлаараа 4,5 зуух ажиллаж байсан. Бүтээл, Орхон хийц зэрэг барилгын компаниуд их хэмжээний уур ашигладаг байснаа багасгав, ингэж хумигдсаар л. 2000 он гэхэд хамгийн том хэрэглэгч Баяжуулах үйлдвэр үйлдвэрлэлээ үр ашигтай байлгахын тулд уургүй технологит шилжсэнээр уурын хэмжээ хоёр дахин багасав. Станцаа зундаа зогсоодог болов. Үйлдвэрлэлийн тайлан баланс хамгаална гэдэг их хүнд ээ. Манай Дулааны станц зөвхөн үйлдвэрийн халаалт, уурын хэрэглээг л хангадаг байлаа. Тэр үед станц үр ашигтай ажиллаж чадсангүй, татаастай л ажиллалаа гээд л зэмлэл хүртэнэ. Үнэхээр санаа зовмоор. Манайхан бүгд л сэтгэл түгшээстэй” гэв.
Дулааны станцад үйлдвэрийг хөгжүүлэх бодлогоор 2008-2011 онд 2,5 мВт-ын хүчин чадалтай хоёр жижиг трубин суурилуулж, станцынхны хувьд бага ч гэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болсон нь тэднийг огшоосон, сэтгэлд нь гэрэл гийсэн он жил байсан нь С.Буяндэлгэр инженерийн ярианаас илт. Бүхий л бичиг баримтыг орос хэл дээр боловсруулдаг байсан энэ үед бичгийн төгс орос хэлтэй С.Буяндэлгэр төслийн хүрээнд гарах үр ашгийн болон үйлдвэрлэлийн тооцоо, Дулааны станцаас гарах бүхий л баримт бичгийг бэлтгэх ажлыг гардан хийсэн чансаатай мэргэжилтэн.
Чадварлаг инженер С.Буяндэлгэр Дулааны цахилгаан станцын 48мВт-ын өргөтгөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, том “гавьяа” байгуулсан гэлцдэг. Түүний тухай Эрчим хүчний хэлтсийн дарга асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ш.Төрбат: “Манай Буяа дайчин шаргуу, ажлыг өндөр түвшинд гүйцэтгэдэг, нягт нямбай хүн. Станцын технологио ч маш сайн мэддэг, манай урдаа барьдаг шилдэг ажилтны нэг. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх томоохон төслийн нарийн бичгийн даргаар С.Буяндэлгэрийг томилсон нь тун их оносон. Төслийн хамгийн хүнд ажил бол тусгай зөвшөөрөл авах, түүнийг ойлгуулах, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, баримт бичгийг ном ёсоор нь үйлдэх. Энэ үед миний баруун гар маань болж явсан. Төслийн ажлын штаб 78 удаа хуралдсан байдаг. Гурван жил орчим үргэлжилсэн энэ төслийн хүрээнд 46000 ширхэг цаас, нэг пургон, нэг жип дүүрэн баримт бичгийг Улсын архивт тушаасан байдаг. Үүний цаана авч үлдсэн, яам тамгын газар явуулсан баримт бичгийг тооцвол ямар дүн гарах нь тодорхой. Улсын комисс ирж ажиллаад буцахдаа Дарханы станцын өргөтгөлөөр очоод, Эрдэнэт үйлдвэрийн станцын өргөтгөлтэй танилц. Техникийн баримт бичгийн боловсруулалт яаж хийдэг талаар туршлага судал гэж. Дарханыхан ирж, гайхаж, шогшроод л явсан. С.Буяндэлгэрийн хийсэн бүхэн ийм л өндөр гүйцэтгэлтэй байдаг юм даа. Хаанаас ч ямар ч хяналт шалгалт ирэхэд, үзүүлэх баримт бичиг, түүнийг хамгаалахдаа нүүр бардам байсан даа бид. Энэ бол С.Буяндэлгэрийн гавьяа” гэв.
Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяр “С.Буяндэлгэр Станцын үйлдвэрлэлийн тооцоог маш сайн хийдэг, манай хамгийн шилдэг мэргэжилтний нэг. Станцын өргөтгөл бүрт мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж ирсэн. Ялангуяа 48 мВт-ийн өргөтгөлийн нарийн бичгийн даргаар онцгой сайн ажиллаж хүндтэй гавьяа байгуулсан хүн дээ. Ерөнхий инженер миний хувьд “баруун гар” болсон мэргэжилтэн. Ер нь манай станцыг бүх талаас сайн мэддэг хүн. С.Буяндэлгэр залууст мэдлэгээ өвлүүлэх, тэдэнд зөвлөж тусалдаг их сайхан чанартай” гэв.
С.Буяндэлгэртэй олон жил хамт ажиллаж буй Үйлдвэр техникийн товчооны инженер Г.Гантуяа: “Манай товчооны дарга С.Буяндэлгэр их чадварлаг инженер төдийгүй маш сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу нэгэн. Бидний дотнын зөвлөгч, сайн эгч байж чаддаг. Тэр хүний төлөө сэтгэл зүрх, цаг хугацаагаа харамгүй зориулдаг. Хүний зовлон жаргалыг сонсож, чин сэтгэлээсээ зөвлөхдөө цаг нараа хайрлахгүй ээ. Өөрийнхөө ажлыг хойш тавиад, орой сууж ажлаа хийх жишээтэй. Бас их хөдөлмөрч хүн. Гэр бүл, үр хүүхэд, өндөр настай ээждээ жигтэйхэн халамжтай. Ер нь үлгэр дуурайлалтай сайхан эмэгтэй дээ” гэв.
Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг: “1975 онд анхны нэгдүгээр ангиа дааж авсан нь 1б буюу С.Буяндэлгэрийн анги. Эд маань хоёрдугаар ангидаа Монгол хэлний улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж, том амжилт үзүүлсэн. Үүнд ангийн даргын гавьяа их бий гэж боддог. Хичээнгүй нямбай, зарчимч шударга, хичээлдээ маш сайн энэ охиныг би ангийн даргаар томилж, С.Буяндэлгэр маань сургуулиа төгстөл ангийн дарга явсан. Одоог хүртэл анги хамт олноо зангиддаг, тэднийхээ нөмөр, нөөлөгтэй, дотнын зөвлөгч байж чаддаг хүнлэг бүсгүй. Ангийнханд тохиолдсон зовлон жаргал бүхнийг чин сэтгэлээсээ хуваалцдаг. 10-р анги төгссөний 30 жилийн ойгоо манайх Байгал далай дээр тэмдэглэж, их гоё дурсамж бүтээсэн. Би Москвад нэг удаа томилолттой явахад, Ивановоос надтай ирж уулзаад, багшийгаа суралцаж буй хотдоо аваачиж, сайхан зүйлс үзүүлээд, буцаан хүргэж өгч байсан. Тэр үед надад нэг гоё цэцгийн ваар бэлэглэж байсан бөгөөд би одоог хүртэл түүнийг нь нандигнан хадгалдаг юм. Би түүнийг Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсонд баярлаж байна. Шавийнхаа ийм л хүн болохыг аль эрт мэдэрсэн би “нүдтэй” багш юмаа. С.Буяндэлгэр минь сайн ажилтан төдийгүй, сайн ээж, сайн хань, сайн охин. 90 настай ээжийгээ өдийг хүртэл өргөж, үргэлж хамтдаа явдаг халамжтай, хүнлэг хүн дээ миний шавь” гэлээ.
Дулааны цахилгаан станцыг өргөтгөх үйлсэд олон гарамгай хүмүүстэй хамтран гар бие оролцсон би азтай хэмээн тэр даруухан өгүүлнэ. С.Буяндэлгэр бол цахилгаан хэрэглэгч байхаас томоохон үйлдвэрлэгч болсон Эрдэнэт үйлдвэрийн ууган гал голомтын “эзэгтэй” буюу.
Хүүхэд байхын хэмнэлээ алдаагүй бүсгүй
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
10
0
0
0
0