ИХ УРСГАЛЫН ЭЗЭН

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобусны цуваа цехийн гадна цэгцтэй эгнэхэд баялаг бүтээгчдийн их урсгал өөдөө хөвөрнө. Энэ урсгалтай нэгдэхэд ер бусын тайван, сэтгэл дүүрэн мэдрэмж төрдөг. Хийх ажил, хүрэх үр дүн нь тодорхой болохоор тэр биз. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхий үнэлж авдаг гэхээр тэд ч дэлхийн хэмжээний ажилчид. Тиймээс тэр зэргийн дүүрэн итгэл төрөх нь зүй ёсных.
Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Сангаагийн Лхагвасүрэн гэх энэ эмэгтэй баяжуулагчдын их урсгалтай 30 жил хөл нийлүүлэн алхаж байна. Тэр заримдаа, автобуснаас буугаад ажил руугаа олны дунд алхаж явахдаа “Ийм сайхан хамт олны дунд би 30 жил ажиллаж дээ” гэж бодохын зуурт хайр, хүндлэл асгарч басхүү хөнгөн гуниг хургадаг гэж ярьсан. Хүний амьдралын өдий он жилүүдийн нугачаа дунд асаж бадамласан гэрэлтэй мөчүүд, гомдож гуньсан бүрхэг өдрүүд нь үлдсэн. Тэр бүх дурсамжид нь журмын нөхөд нь, түүнээс үлгэр дуурайлал авдаг шавь нар нь тод дүртэй байгаа. Энэ бол гурван арваныг өртөөлсөн амьдралын зам. Түүнийг 20 гаруйхан настай, хонгор зүстэй бүсгүй байхаас нь “мөнгөн хяруу”-гаараа гоёсон, Аварга ажилтан болтлоо хөдөлмөрлөсөн амьдралын замнал, ааль төрхийг нь хамт олон нь хэн хүнээс илүү мэдэх учраас хариу хайрладаг гэлтэй. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерын машинч С.Лхагвасүрэн автобуснаас буугаад ажил руугаа алхах замдаа энэ мэт ихийг бодож амжина. Хийх ажлаа төлөвлөнө, дэс дарааллаа бодно, хэрхэн цэгцтэй, зөв хийх талаар тунгаана. Цагаар биш, минут секундээр хэмжигддэг үйлдвэрийн ажил хариуцлага өндөр. Заримдаа, ээлжээс үлдэж, сунаж ажиллах шаардлага ч гарна. Энэ бүхэнд бие, сэтгэл, оюуны байнгын бэлтгэлтэй байх нь туршлагатай ажилтны нэгэн чадвар. 
С.Лхагвасүрэн Завхан аймгийн Тэлмэн сумын “Дунд шумуултай” гэдэг газар малчин Сангаагийн долоо дахь хүүхэд болон мэндэлж, дороо таван дүү дагуулжээ. Багадаа хөдөлгөөнтэй, сэргэлэн, аманцардуу хүүхэд байснаа тэр дурссан. Ямартаа л Бригадын дарга нь тэднийд ирээд “Энэ жил танай хэдэн хүүхэд сургуульд суух билээ?” гэж асуухад аав, ээжээсээ урьтаж “Дөрөв нь сургуульд явна” гэж хариулаад инээдэм болж байхав. Ер нь тэднийд буусан хүмүүс “Танай галзуу шар хаачаав?” гэж хайж асуудаг байсан гэдэг. Намар дүү нараа дагуулаад, сумын сургуулийн Дотуур байранд суухаар очихдоо тавтай тухтай, дулаан өрөөг нь бусдаас өрсөж сонгохын тулд эртлэн хөдөлдөг байжээ. Амьдралын арга ухаан, хөдөлмөрч зан чанар, хүнтэй харилцах эв дүй эрт төлөвшсөн тэрээр тооны чиглэлийн хичээлд сонирхолтой, эдийн засагч болох мөрөөдөлтэй сурагч байв. Гэсэн ч улаан шугамын доогуур таслагдаж, Анагаахын дунд сургуулийг сонгож сувилахуйн ухаанд суралцсан нь ханьтайгаа учрах замын эхлэл байлаа. С.Лхагвасүрэн Завханы Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа, амралтад Эрдэнэт хотын даруухан залуутай танилцаж дотноссон нь нэгэн насны амьдралаа холбох хань нь байсан юм. Тэд 1990 оны өвөл Эрдэнэтийг зорьж, өрх тусгаарлажээ. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт сувилагчаар ажиллаж, анхны үрээ өлгийдөж, амьдралын утга учрыг илүү сайхнаар мэдрэх үедээ Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Эрүүл мэндийн салбараас уул уурхай руу урвасан, хөрвөсөн нь буруутаагүй, харин ч их урсгалтай нэгдэж, улс орныхоо хөгжлийн төлөө баялаг бүтээх хувь тохиосонд баярлаж явна. 
С.Лхагвасүрэн Баяжуулах үйлдвэрийн хүдэр хүлээн авалтын сар, улирал, жилийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирсэн Уул уурхайн Тэргүүний ажилтан. Хариуцсан тоног төхөөрөмжийнхөө найдвартай ажиллагааг бүрэн хангаж, ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол чанартай хийснээр 2023 онд Баяжуулах үйлдвэр төлөвлөгөөт үзүүлэлтээс 50 тонн хүдэр илүү боловсруулсан байна. Өөрөөр хэлбэр 1,3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлэхэд С.Лхагвасүрэн аварга ихээхэн хувь нэмэр оруулжээ. Түүнээс гадна Бутлан тээвэрлэх хэсгийн үндсэн үйл ажиллагаа болох хүдэр дамжуулах, нөөцгүй конвейеруудыг хүдрээр жигд ачаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн тоосжилт бууруулах чиглэлд санаачилгатай, үлгэр дуурайлалтай ажилладгийг журмын нөхөд нь үнэлдэг. Тэрээр дунд конвейеруудын металл баригчийн хог шатны торон дээр хаягддаг байсныг металлын уут, агуулах хайрцаг санаачлан хийж, ашигласнаар эмх цэгцэд оруулжээ. Мөн конвейер 1, 2-ын урт галерейн агааржуулалтын том хоолойнуудаас хүйтэн агаар шууд орж ирдэг байсанд таг хийж, дулаан алдагдлаас хамгаалсан зэрэг олон бүтээлч ажлыг өөрийн сэтгэл, зүтгэлээр хэрэгжүүлэн ажилласаар...
Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар дөрвөн удаа шалгарсан энэ эмэгтэй 10 гаруй шавьтай. Ууган нь V зэрэгтэй, үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж буй өөртэй нь дүйх хэмжээний шавь байхад, дөнгөж нэг сар дагалдаж буй, зүгээ олоогүй нөхөр ч бий. С.Лхагвасүрэн шавь нартаа “Ажлаа ямагт төлөвлө, хийснээ эргэж хар. Дутуу бол гүйцээ” гэх шаардлага тавьдаг хатуу багш. “Хүний араар суудаг”, ажилд сэтгэлгүй нэгэнд дургүй гэдгээ шууд хэлж, өөрийн дүрмээ тогтоодог. Тэр нь хэн хэндээ амар гэх нь түүний эрс шулуун занг илтгэнэ. Хоёр сар шахам ээлжийн амралттай яваад ирэхэд залуус нь ээжийгээ санасан хүүхдүүд шиг тойрч суугаад энэ тэрийг “ховлодог” гэнэ. Зарим нь амьдралын асуудлаа дэлгэн зөвлөгөө авна. Ийм л ажил, амьдралд түшигтэй “өндөр ээж” Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт, Эрдэнэт үйлдвэрийнхээ их урсгалтай хөл нийлүүлэн, эрхэлсэн ажилдаа эзэн, энэ цагийн залууст бахархал болон ажиллаж явна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %