Хангайн бүсийн аймгуудын нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч нарын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2024” сургалт, зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд оролцож буй Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн аудиторуудыг оролцуулсан “зангиагүй уулзалт”-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс санаачилан зохион байгууллаа. Уг уулзалтад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Сургалт, судалгаа стандартын хороо хариуцсан дэд захирал н.Батцэцэг, Мэргэжлийн үйлчилгээ зохицуулалтын хороо хариуцсан дэд захирал М.Давааням, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баярбат, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин болон хангайн бүсийн таван аймгийн Төрийн аудитын газрын дарга, мэргэжилтнүүд, аудитын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компанийн захирлууд оролцсон юм.
Аудиторууд харилцагч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг, ард иргэдийн амьдралыг сайжруулахад үр нөлөө үзүүлэх, Төрийн аудитын үйл ажиллагааг иргэдэд таниулах, ингэснээр төрийн хяналтыг иргэдэд давхар нээлттэй болгож өгөх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдлээ. Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин эрсдэлд суурилсан аудитын үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, аудиторууд зөвлөн туслах зарчимаар ажиллахад тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолсон. Үүнийг хангайн бүсийн аудиторууд дуу нэгтэй дэмжсэнээр уулзалт өндөрлөлөө.
Хангайн бүсийн аудиторууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0