Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд хийгдэж буй менежментийн тогтолцооны стандартуудын нэгдсэн аудит Геологи хайгуулын экспедицэд үргэлжилж байна. Өнөөдөр тус цехэд эхэлж буй дотоод аудитын нээлтийн ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр оролцож, аудитын багийн ахлагчийн хувьд нэгдсэн аудитын заавар дүрмийг танилцууллаа.
Мөн Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн цехийн үйл ажиллагааг танилцуулсан бол дотоод аудиторууд өөр өөрсдийн хийх чиглэл, стандартын талаар мэдээлэл хийв. Нэгдсэн дотоод аудитын хүрээнд ажлын байруудтай танилцах, ажилтнуудтай уулзаж, ярилцах, баримтжуулсан мэдээлэлтай танилцах, аудитын дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаа явагдана.
Үйлдвэрийн хэмжээнд явуулж буй нэгдсэн дотоод аудитыг хүний нөөцөд бэлтгэгдсэн мэргэшсэн аудиторууд хийж байна. Энэ тухай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр онцлохдоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж, дэлхийн жишиг уурхай болох эхний зорилт нь олон улсын стандартууд хэрэгжүүлэх ажил. Стандартын хэрэгжилт гэдэг бол байнгын тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагааг хэлнэ. Түүнийгээ хэмжиж, дараагийн хийх ажлын сайжруулалтын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлдэг. Энэ бүх ажлынхаа үр дүнг дүгнэх, эргэж харах, нягтлах үйл явц нь дотоод аудит. Үүний үйл ажиллагааг олон улсын болон өөрийн улсад батлагдсан менежментийн нэгдсэн тогтолцооны үйл ажиллагааны дотоод аудит явуулах стандарт зааврын хүрээнд зохион байгуулахын зэрэгцээ үүнийг эрх бүхий аудиторууд хийнэ. Манай үйлдвэр, MNS 45001, 9001, 30400 багц стандарт хэрэгжүүлэх явцдаа мэргэшсэн аудиторуудаа давхар бэлтгэсэн нь хүний нөөцөд хийсэн том дэвшил болсон. Энэ хугацаанд бид хүний нөөцийн чиглэлээр 26 мэргэшсэн аудитор бэлдсэн. Тэд өнөөдөр үйл ажиллагаанд хэрэгжсэн стандартад аудит хийхээс гадна Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй. Ер нь хүний нөөц өөрөө чадамжтай болж байж, стандартын хэрэгжилтэд сайжруулалт хийгдэх, цаашлаад илүү бат бөх нутагшиж тогтворжих менежментийн тогтолцоо сайжрахад энэхүү дотооддоо бэлтгэгдсэн аудиторууд чухал үүрэгтэй” гэсэн юм.