Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй Хүний нөөцийн тогтолцооны 30400 болон ХАБЭА-н ISO 45001, 9001 стандартуудад хийх нэгдсэн дотоод аудит өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр эхэллээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан “Нэгдсэн дотоод аудитын төлөвлөгөө” нь жилийн турш бүтцийн цех нэгжүүдэд хэрэгжих юм.
Олон улсын менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэгч байгууллагад дотоод аудит маш чухал. Стандарт хэрхэн хэрэгжиж, үйл явцдаа нэвтрүүлж буй эсэх, баримт бичгийн бүрдүүлэлт, харилцаа холбоо зэрэг бүхий л үйл явцыг хянадаг учраас өндөр ач холбогдолтой. Ингэснээр менежментийн стандартууд бүрэн дүүрэн хэрэгжиж буйг баталгаажуулахад дотоод аудит нэг чухал үе шат гэдгийг нээлтийн хурал дээр ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд онцлов. Нэгдсэн дотоод аудитын хүрээнд ажлын байруудтай танилцаж, ажилтнуудтай ярилцах, санал хүсэлтийг сонсох, стандарт хэрэгжилтийн үйл явцыг үнэлж дүгнэх, үл тохирол, сайжруулах ажлын зөвлөмжүүдийг гаргаж, цехийн удирдлагад танилцуулах зэрэг үйл ажиллагаа хийгдэх аж.
Өмнөх жилүүдэд тухайн стандартын чиглэлээр тус тусдаа хийдэг байсан дотоод аудит энэ жилээс нэгдсэн байдлаар хийгдэж буйгаараа онцлогтой. Ингэснээр цаг хэмнэх, стандартын нийцлийг хангахад илүү цэгцтэй болох зэрэг эерэг үр дүн өгнө. Дотоод аудитын үр дүн, давуу болон сул талуудыг хамтдаа дүгнэж, хэлэлцэнэ. Дараагийн хоёр дахь хагас жилд анхаарах, илүү сайжруулах санал санаачилгаа нэгтгэх гэх мэтчилэн олон боломж нээгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Дотоод аудитын баг бүрэлдэхүүнд ХАБЭА-н хэлтэс болон Хүний нөөц, захиргааны хэлтсийн нийт 11 аудитор, ажиглагч 3 аудитор ажиллах бол ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Хүний нөөц, захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд нар аудитын багийг ахалж байна.