Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхөөс сонирхсон асуултандаа хариулт авлаа.
-Жил бүрийн 3-р сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн үйл ажиллагааг “Ус ба Энхтайван” уриан дор явуулахаар дэлхий нийтэд зарласан. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Усны өдрийг тохиолдуулаад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос тодорхой ажлын төлөвлөгөө гаргадаг. Энэ хүрээнд бид цех дээрээ ямар ажил хэрэгжүүлэх талаар ярилцаж тодорхой ажил хийдэг. Таны хэлснээр энэ онд “Ус ба Энхтайван” сэдэвт уриан дор тодорхой ажил төлөвлөж хийгээд явж байна. Юун түрүүнд Эрдэнэтэд устай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дунд гар бөмбөгийн холимог багийн тэмцээнийг Сэлэнгэ голын сав газрын захиргаа, “Гал сэнтий” компанитай хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 80 гаруй тамирчин амжилттай оролцлоо. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, манай цехийн бүсгүйчүүдтэй хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаад байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан бид хэрэглэгчдийнхээ саналыг сонсож, сэтгэл ханамжийн судалгаа авна. Дунд сургуулийн сурагчдын дунд мэдээллийн чанартай тодорхой сэдвүүдээр сургалт явуулна. Ингэснээр хэрэглэгчид болон ирээдүйн хэрэглэгч залуус усыг ариг гамтай хэрэглэхийн ач холбогдлын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болно.
-Дэлхийн нийт цэвэр усны хангамжийн асуудлыг их хөндөж ярих боллоо. Ер нь цэвэр усны нөөц хэр байдаг вэ?
-Дэлхийн усны 97,5 хувь нь далай, тэнгисийн ус байдаг. Дөнгөж 2,5 хувь нь унд ахуйн хэрэглээний цэвэр усны нөөц байх жишээтэй. Энэ бага нөөцтэй холбогдуулаад дэлхийн тодорхой бүс нутгуудад хүн амын ундны усны хүртээмжтэй байдал алдагдсан. Үүнээс үүдэлтэй амар амгалан амьдрах нөхцлийн асуудал хөндөгддөг. Дэлхийн усны байгууллагын мэдээллээр Энэтхэгийн дөрвөн том хот цэвэр усны хангамж дампуурснаа зарласан. Энэ бол маш ноцтой асуудал. Дээр нь тодорхой бүс нутагт усны асуудлаас болж мөргөлдөөн гарч байна. Тэгэхээр ус гэдэг чандмань эрдэнэ хүн амар амгалан амьдрахад ямар их ач холбогдолтойг эндээс харж болно. Тиймээс дэлхий нийт “Ус ба Энхтайван” сэдвийн дор Усны өдрийг тэмдэглэж байна.
-Эрдэнэтүүд маш цэвэр ус хэрэглэдэг талаар мэргэжлийн шинжээчид ярьдаг. Үүнээс гадна усаа холоос татаж өндөр өртөгтэй ус хэрэглэдэг. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Эрдэнэтчүүд Сэлэнгэ мөрний ай сав газар амьдардаг. Энэ утгаараа Сэлэнгэ мөрнөөс цэвэр усаа татан хэрэглэдгийг хүн бүхэн мэднэ. Эрдэнэтчүүдийн хэрэглэж буй ус ундны усны чанар стандартыг дээд зэргээр хангасан. Монгол улсын хэмжээнд дээд зэргийн чанартай ус болох нь бүх төрлийн шинжилгээгээр батлагдсан. Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг усны байгууллага дотроо Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех том орон зай эзэлдэг. Учир нь 65 километрийн цаанаас усаа татдаг ямар ч байгууллага байхгүй. Тэр тусмаа ус хангамжийн хувьд хэрэглэж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал, ус дамжуулах шугамаараа хамгийн томд тооцогддог байгууллага. Энэ утгаараа хамгийн өндөр өртөгтэй усыг бид хэрэглэгчдэд түгээж байна. Тэгэхээр усны өртөг бидний гаргаж буй усны өөрийн өртгөөс бага. Өөрөөр хэлбэл нэг литр усны өртөг нэг төгрөг 50 мөнгө байх жишээтэй. Бид дэлгүүрээс нэг литр усыг 3-4 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ хооронд ямар их зөрүү байгаа нь хүмүүсийн төсөөлөлд буух биз. Тэгэхээр хэрэглээний ус ийм хямд байгаа. Ер нь юм хямд, үнэ цэнгүй байх тусам түүнийг хайрлах, хямагдах сэтгэхүй хүмүүст бага байдаг. Монгол Улсын Засгийн газраас Усны байгууллагуудыг 2031 он хүртэл тогтвортой хөгжүүлэх бодлого гарсан. Энэ бодлогын нэг чухал заалт нь хүн амын ундны усны үнийг зохих түвшинд хүргэх зорилт тавьсан. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд нэг литр ус 4-6 төгрөгт хүрч зохистой түвшинд хүрэхээр байдаг. Бид үүнээс маш доогуур үнээр ус хэрэглэдэг.Энэ нь бидний хэлж заншснаар бор уулын буянд зөрүү алдагдлыг нь Эрдэнэт үйлдвэр, төр даагаад иргэддээ хямдхан ус хүргэж байгаа нь нэг талаас сайшаалтай. Нөгөө талаас усаа ариг гамтай хэрэглэх нь иргэн бүрийн үүрэг. Өнөөдөр усгүйгээр ямар ч амьд организм амьд явах боломжгүй. Тэгэхээр хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдэлж хайрлаж амьдарцгаая. Усны гурван дусал гэж ярьдаг. Энэ нь өргөн утгаараа бие, хэл, сэтгэл гурав юм. Зөвхөн амьд биетэд энэ гурав бий. Тэгэхээр амьд эрдэнэ усыг бусад амьгүй эдтэй харьцуулахгүйгээр дээд хэмжээнд үнэлж, хайрлан хамгаалж явах учиртай.
-Баярлалаа.