Монгол Улсын Их Хурлын дэд дарга болон Байнгын хороодын дарга, гишүүд ажлын айлчлалаар ирж Эрдэнэт үйлдвэрт ажиллах үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболдтой цөөн хором ярилцлаа.
-Эхлээд та Үйлдвэржилтийн байнгын хорооны даргын хувьд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-УИХ шинэ бүтцээрээ Үйлдвэржилтийн байнгын хороог бий болгосон. Өмнө нь Монгол Улсын Хүнд үйлдвэрийн бодлогыг Эдийн засгийн байнгын хороо хариуцдаг байсан. Тэгвэл бие даасан бүтцийн байнгын хороотой болсноор манай улсын хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарын хууль тогтоомжийг боловсруулан, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Бид УИХ-ын дэд даргын хамт Эрдэнэт үйлдвэр дээр ажиллалаа. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа амжилттай сайн явж байна. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл доошилж, баяжмалын агуулга буурч байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр өмнө нь 0,86 хувийн агууламжтай байсан бол 0,37 хувийн агууламжтай болсон. Иймээс үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр хуучин технологиороо явбал үйлдвэрийн ашиг буурна. Сүүлийн жилүүдэд хийсэн технологийн шинэчлэлүүд маш үр дүнтэй байгаа. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 125 сая долларын хөрөнгө оруулалтыг нэг жилийн дотор нөхсөн байх жишээтэй. Цаашид Засвар, механикийн заводыг өргөжүүлж, Эрдэнэт үйлдвэрийнхээ дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ “Эрдэнэс монгол” нэгдлийн хэмжээнд байгаа Монголын төрийн өмчит олон компаниудын импортоор авдаг сэлбэг хэрэгслүүдийг бүрэн үйлдвэрлэх боломжтой.
- Засвар, механикийн завод машин үйлдвэрлэлийн төв болох зорилт дэвшүүлсэн. Энэ боломжийг та хэрхэн харж байна вэ?
-Засвар, механикийн заводын хувьд тоног төхөөрөмжүүд нь бүрэн автоматажсан байна. Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрийнхээ захиалгат тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хийж байна. Тэгэхээр бүс нутгийн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хийх зах зээл байна. Иймээс “Эрдэнэс монгол” нэгдэлд харьяалагдах бусад уурхайнуудаас захиалга авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломж бүрдсэн байна.
-Та Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн бүс нутгийн хэмжээний кластер үйлдвэрүүдийг бий болгох шаардлагатай гэж ярьсан. Энэ талаар..?
-Бид Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон 450 гаруй ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Тэгэхээр УИХ-ын зүгээс хүнд үйлдвэр рүү, Эрдэнэт үйлдвэр рүү чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч өгөх, хууль тогтоох дээд байгууллагын хувьд хуулийн төслүүд, худалдан авалт дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт есөн удаа, Сангийн яаманд гурван удаа тендер нь буцсанаас шүүхдэлцдэг. Үүнээс болоод том үйлдвэр шаардлагатай техник, тоног төхөөрөмжөө авч чадахгүйгээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдох эрсдэлүүд гардгийг хэллээ. Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаас гадна бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийг хангаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрээс хямд үнээр эрчим хүч аваад цааш нь хоёр дахин өндөр үнэтэй түгээдэг асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Энэ бүхнийг УИХ-ын түвшинд, байнгын хорооны түвшинд, шаардлагатай бол хаврын чуулганаар хүнд үйлдвэрийн тухай хууль, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ярилцах явцад Эрдэнэт үйлдвэрийг бүс нутгийн томоохон төв болгон ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх боломж байна. Тэгэхээр орчин үеийн хамгийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмж ашиглах хэлбэр рүү явж ажиллавал илүү үр өгөөжтэй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын саналуудаас сонслоо. Иймээс энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх ёстой.
-Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот. Эрдэнэтээс өөр үйлдвэр, үйлдвэржилтийг бий болгоход ямар бодлого барих вэ?
-Үйлдвэр дагасан хот манай улсад ч, гаднын оронд ч олон бий. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагддаг. Нөөц нь дуусна. Геологичдын судалгаагаар 60 орчим жилийн нөөцтэй гэж тогтоосон ч агуулга буураад байгаа болохоор мэдээж үр ашиг багасна. Тэгэхээр Эрдэнэтийн нөөц нэг өдөр дуусахад энэ хотын 100 гаруй мянган хүний ажил амьдралыг тасралтгүй явуулах зайлшгүй шаардлага гарна. Нефт үйлдвэрлэдэг улс орон гэхэд нөөц дуусахад аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэх талаар хэтийн төлөвлөгөөтэй ажилладаг. Тэгэхээр Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн, шинжлэх ухаан технологийн гэсэн хоёр парк байгуулах асуудал яригдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн ийм том материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчнүүдийг ашиглах ёстой. Ер нь 20-30 жилийн ирээдүйг харж, Монгол Улсын хэмжээний уул уурхайн компаниудыг түүхий эдээр хангах кластер хэлбэрийн үйлдвэрүүдийг зайлшгүй хөгжүүлж, ажиллахад анхаарал хандуулах шаардлагатай. Үүнийг хаврын чуулганаар орох Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр нэлээн том зургаар харж, УИХ, Монгол Улсын Засгийн газар дэмжих ёстой.
-Баярлалаа.