Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах үеэр цөөн хором ярилцлаа.
-Танаар ахлуулан ирсэн ажлын баг Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаагийн ажлын онцлог юу байв?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олонтойгоо УИХ-ын бодлогын хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж саналыг нь сонслоо. Тус үйлдвэрийн хэмжээнд өргөтгөл, шинэчлэлтийн ажил сайн хийгдсэнд сэтгэл өег явна.
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаас гарсан санал, асуултад ямар хариулт өгөхөөр байна. Энэ чиглэлээр УИХ-аас ямар бодлого барьж ажиллах вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын тавьсан тодорхой асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг тодорхой яам, агентлагуудын удирдлагуудыг байлцуулж, шийдвэрийн хариуг мэдэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг хангахад шаардлагатай, төрийн худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хөндлөө. Мөн Белазын жолооч нарыг ажлын хүнд хортой нөхцөлийн жагсаалтад хамруулах асуудал яригдлаа. Үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудал ч хөндөгдсөн. Энэ бүхнийг УИХ, Засгийн газрын түвшинд авч үзэж, зохих шийдвэрүүдийг гаргана. Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэж байгаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэр 180 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бол өнөөдөр 1.1 их наяд төгрөг төвлөрүүлдэг болсон байна. Энэ нь улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, Үйлдвэрлэл, технологийн парк бий болгох асуудалд УИХ онцгой анхаарч ирсэн. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулийг 2022 онд УИХ-аас батлан гаргасны дагуу үйл ажиллагаа нь амжилттай явна. Дэд бүтцийн асуудал нь 80-90 хувьтай явж байна. ТЭЗҮ-үүд нь хийгдсэн. Зэс, молибдены эцсийн бүтээгдэхүүн гаргах гурван үйлдвэр байгуулна. Эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Илүү үр ашигтай ажиллах боломжууд бий. Үүнийг дагаад Эрдэнэтчүүдийн амьдрал дээшилнэ. Хөгжих боломжууд нээгдэнэ. Энэ утгаараа Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Үйлдвэржилтийн байнгын хороогоор энэ паркийн асуудлыг хэлэлцэж, бодлогын баримт бичгүүд боловсруулна.
-Танай баг баялаг бүтээгчдийн ажилтай танилцлаа. Таны сэтгэгдлийг сонсъё?
-Эрдэнэт үйлдвэрийн долоон мянга орчим ажилтан Монголчуудын бахархал. Ойрын жишээ татахад цар тахлын үед монголчуудын хэрэглээний ус, цахилгаан бусад урсгал зардлыг хариуцсан. УИХ-ын гишүүдээс тавьсан саналын дагуу хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах зорилгоор сургуулийн нойлын асуудлыг Эрдэнэт үйлдвэр шийдэж өгсөн. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг олон нийт хүртэж байгаа. Иймээс үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана.
-Эрдэнэтийн зэс, молибдены баяжмалыг Биржээр худалдаалах асуудал яригдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг Биржээр худалдахын ач холбогдол юу вэ?
-Биржийн тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан. Уг хуулийн хэрэгжилтийн дагуу нүүрс, төмрийг биржээр арилжаалсан нь их үр дүнтэй ажил боллоо. Зөвхөн нүүрс биржээр арилжаалсан хугацаанд 150 гаруй сая доллароор өссөн үзүүлэлттэй байгаа. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Эхний ээлжид зэсийн баяжмалын 10 хувийг биржээр арилжаална. Алсдаа 100 хувь биржээр арилжаалах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчил, ил тод биш асуудал арилна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалснаар үнийн өсөлтийн үр өгөөж нь улсын төсөвт орно. Үүнээс гадна авлига, албан тушаалаа урвуулан ашиглах зүйлээс ангид байх боломж нь биржээр бүтээгдэхүүнээ зарах асуудал юм.
-Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах вэ?
-Эрдэнэтийн хувьд таны хэлснээр баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэр зэс болгон гаргах чухал зорилт байгаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн зорилго нь цэвэр зэс гаргах асуудал юм. Нэгдүгээрт, Үйлдвэрлэл, технологийн паркийн хууль эрх зүйн үндэс нь бүрдсэн. Хоёрдугаарт, ТЭЗҮ-үүд нь гарсан. Ирэх оноос ажлууд нь эхлэх гэж байна. Нэг тэрбум орчим долларын төсөл хэрэгжих юм билээ. Үүний 700 орчим сая нь зэсийн үйлдвэртэй холбоотой. Бусдыг нь молибдены үйлдвэр байгуулахад зарцуулах юм. Ингэснээр зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэнэ. Энэ нь аж үйлдвэржилт болоод УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр, хэрэгжилтийн үр дүн байх болов уу.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.