Энэ удаа бид ШУТИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын гавьяат багш, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш Пүрэвжавын Оюунсүрэнг ярилцлагад урилаа. Түүнийг угтаж авахад Гендирекцийн үүднээс манай өрөө хүрэх хооронд л таван ч шавьтайгаа тааралдав. Тэд өөриймсөн мэндэлж, зав зайтай яваа бол уртаас урт яриа өрнүүлэх шинжтэй. Багш нь шавьдаа элгэмсүү, шавь нар нь ч багшдаа халамж, хүндэтгэл дүүрэн болох нь илт байлаа.
-Төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн аав, ээжийнхээ тухай дурсана уу?
-Би 1956 онд Булган аймгийн Тэшиг сумын Ар булгийн шил хэмээх газар Харгал нуурын хажууханд төрсөн. Аав, ээж маань нутагтаа бүх л насаараа мал малласан сайхан буурлууд байлаа. Би дөрвөн дүүтэй, айлын ууган хүүхэд. Аав минь ажилсаг, олон үггүй, гүндүүгүй сайхан монгол эр. Ээж маань амьдралын нарийн ширийн бүхнийг зохицуулдаг байсан. Бас хүнд тустай, эрдэмд шамдангуй, цэгцтэй байхын чухлыг үргэлж сануулдаг, хатуухан шаардлагатай хүн байв. Манайх цэвэр цэмцгэрээрээ нутаг усандаа гайхагддаг айл байлаа. Сумын дарга нар аймаг нийслэлийн төлөөлөгчийг ихэвчлэн манайхаар дагуулан ирдэг байсан нь сум орныхоо нүүр царай болгодог байсан юм уу даа. Аав, ээж минь бидэнд өөрсдөөрөө үлгэрлэдэг байлаа.
-Та мэргэжлээ хэрхэн сонгов?
-Би хүүхэд байхаасаа хими биологийн багш болохыг хүсдэг байв. 10-р ангиа төгсөх жил уралдаант шалгалтад дээгүүр оноо авлаа. Эхэнд жагссан хүүхдүүд гадаадын хуваарь л авч байв. Би ч бас аавынхаа нагац ахтай ярилцаж байгаад ЗХУ-д суралцах ашигт малтмалын баяжуулагч инженер, хөрс судлал гэсэн хуваариас химийн хичээлд ойрыг нь бодож ашигт малтмалын баяжуулагч инженерийг сонгосон. Энэ мэргэжлийн хүн юу хийдгийг ч мэдэхгүй ээ. Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэлд нэг жил сураад, Украйны Кривой Рог хотын Уул уурхайн дээд сургуульд таван жил суралцаад Баяжуулагч инженер мэргэжил эзэмшсэн.
-Их сургуулиа дүүргээд л шууд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж эхэлсэн үү?
-Тэгсэн. 1980 онд сургуулиа төгсөөд, Уул уурхайн яам дээр очлоо. Ш.Отгонбилэг захирал маань яамны мэргэжилтэн байсан юм. Бид гэрээнийхээ дагуу Эрдэнэт үйлдвэрт ажиллах саналтай байна гэхэд Эрдэнэт үйлдвэр аль эрт мэргэжилтнээ бэлдчихсэн, одоо та нарыг хүлээж авдаг юм уу, гэж загнаж байгаад л томилолт бичиж өгч билээ.
-Та бүхэн хэдүүлээ ирж байв?
-Миний хань В.Дашдаваа, хожим Үйлдвэр техникийн хэлтсийн мэргэжилтэн болсон Эрдэнэдалай бид гурав нэг сургуулийг баяжуулагч мэргэжлээр төгсөж ирсэн юм. Хань бид хоёр 1980 оны 7-р сарын 16-нд вагоноор ирчхээд хаачихаа мэдэхгүй алхаж явтал манай 10 жилийн ангийн Цахилгаан цехийн инженер байсан Намжилдорж тааралдаж, бид бөөн баяр болж, гэрт нь чемодантай хувцсаа тавьчхаад л Гендирекц орж, Боловсон хүчний хэлтсийн мэргэжилтний зааснаар Үйлдвэрийн Ерөнхий инженер Эрдэнэжавтай уулзлаа. Тэр биднийг эелдгээр хүлээн авч, Баяжуулах фабрикийн дарга П.Батмөнх рүү утасдав. Ингээд л би Төв корпуст баяжуулагчаар, хань маань Бутлан тээвэрлэх хэсэгт бутлуурчнаар ажлын гараагаа эхэлсэн юм.
-Та баяжуулагчаар хэр удаан ажилласан бэ?
-1981 оны 3-р сар хүртэл Баяжуулах үйлдвэрт ээлжинд ажиллаж байгаад, Шинжилгээний төв лабораторид судлаач инженерээр 1993 он хүртэл ажилласан.
-Мөрөөдөл тань биелж багш болсон тухайгаа..?
-Өргөн цар хүрээтэй мэргэжилтэн бэлтгэдэг Сургалтын төв маань зах зээлийн эхэн үед сургалт курсийн кабинет болон жижгэрсэн байсан. 1993 оны 4-р сард тушаал гарган, эргэж арай томсгоод Сургалт курсийн комбинат болгосон. Ингээд багш нараа татаж эхэлсэн. Энэ үед намайг ээлжийн амралттай хөдөө явсан хойгуур С.Давааням багш, манай нөхөр хоёр “хуйвалдаад” намайг сургуульд багшаар оруулчихсан. Тухайн үед С.Давааням Баяжуулах фабрикийн дарга, манай нөхөр Үйлдвэр техникийн албаны дарга байсан. Миний хувьд хүүхэд насны мөрөөдөл минь биелсэнд тун их баяртай байсан. Ингээд 1993 оны 9-р сарын 1-нээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульдаа багшилж эхэлсэн. Би мэргэжлийн сургалтуудын болон давтан сургалт, хос мэргэжил эзэмших хөтөлбөрүүдийг монгол хэл дээр шинэчилж боловсруулах ажлыг хийж эхэлсэн. Би сургуульдаа багш, Тэнхимийн эрхлэгч, Сургалт эрхэлсэн дэд захирал, Тэнхимийн дэд профессороор ажилласан. Ингээд 2015 оны 12-р сард гавьяаны амралтад гарсан ч, одоо сургуульдаа багшилж байна.
-Та бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудад баяжуулахын хичээл заасан анхны багш нарын нэг. Тэр үеэ дурсана уу?
-Зах зээлийн нийгэмд шилжих үеэр Баяжуулахын мэргэжлийнхэн олноороо ажлаасаа гарч, наймаа арилжаанд явснаар, энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг болж, Орост бэлтгэх нь ч багассан шиг байгаа юм. ШУТИС-ийн Уул уурхайн сургууль дээр анх 1994 оноос Баяжуулагч инженер мэргэжлээр элсэлт авсан. Ш.Отгонбилэг захирал, С.Давааням багш нарын санаачилгаар Эрхүүгийн Политехникийн дээд сургуулиас багш урьж, Эрдэнэт үйлдвэр цалинжуулан ажиллуулсан. Дараа нь манай сургууль 1996 оноос баяжуулагч инженер бэлтгэж эхэлсэн. Тэр үед техникум төгссөн Баяжуулах фабрикийн ажилчдаас үндсэн цалинг нь өгөөд 2,5 жил сургасан. Анхны төгсөгчдөөс Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах фабрикийн дарга асан Д.Эрдэнэцогт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, МАК-ийн Хандмаа зэрэг манай тэргүүний шавь нар байна. Эдэнтэй зэрэгцүүлэн оройн ангид 4,5 жилээр 10-р анги төгссөн Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудыг элсүүлж байлаа. Тэднээс Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамир, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын албаны дарга Б.Намуунгэрэл зэрэг шилдэг мэргэжилтнүүд байна. Манай сургууль 1997 оноос механикч, баяжуулагч инженерийн өдрийн анги нээсэн. 1997 оны анхны анги удирдсан багшаар би ажиллаж байлаа. Чанарын хяналтын хэлтсийн техник хяналтын албаны дарга М.Наранбат, Стратеги, хөгжлийн бодлогын газрын тэргүүлэх инженер Д.Эрдэнэбаатар, Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл нар өдрийн ангийн анхны төгсөгч юм. С.Давааням багш бид хоёр Баяжуулах фабрикийн механикчийн ангийн хөтөлбөрийг шинээр боловсруулж, элсэлт авснаас одоогийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Баян-Өндөр сумын Засаг дарга асан С.Ганцогт нар анхны төгсөгч юм. Түүнээс хойш жил бүр Баяжуулах үйлдвэрийн мэргэжлээр сургаж төгсгөж байгаа. Инженер бэлтгэж эхэлсэн эхний жилүүдэд мэргэжлийн багш үгүй, баяжуулахын бүх хичээлийг би заана. Монгол хэл дээр ашиглах ном сурах бичиг байхгүй. Орос номноос орчуулж, лекцээ бичнэ. Өдөрт 5-6 пар хичээл ордог. Олон цагийн хичээлтэй болохоор гэртээ ч, сургууль дээр ч цаг үргэлж лекцээ бэлтгэдэг. Ийм байдлаар жил гаруй явсан даа.
-Багшлахын зэрэгцээ баяжуулахын хичээлийн анхны ном, сурах бичгүүд, гарын авлагууд бүтээсэн, олон хөтөлбөр боловсруулахад оройлон оролцсон гээд танаар хамт олон тань бахархах юм билээ. Олон жилийн онцгой хөдөлмөрийг тань төр үнэллээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон би их азтай хүн. Өдгөө 43 жил энэ үйлдвэртээ ажиллажээ. Үйлдвэрийнхээ 45 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат багш хэмээх нэр хүндтэй цол хүртлээ. Энэ бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олны надад илгээдэг халуун дулаан элч энерги, намайг дэмждэг тэдний минь хүч юм. Би хамт олондоо үргэлж талархаж, тэднээрээ бахархдаг.
Баяжуулагч бол Монголд харьцангуй залуу мэргэжил. Энэ ч утгаараа эхэн үед монгол хэл дээр ном, сурах бичиг, гарын авлага юу ч байсангүй. Тийм болохоор би оюутнуудаа сурах бичигтэй болгохсон гэж зорьсон. Ингээд л заадаг хичээлүүдийнхээ үндсэн гол сурах бичиг болох “Баяжуулалтын үндэс”, “Флотацын арга”, “Гравитацын арга”, “Русский язык для обогатителя” гэх дөрвөн ном гаргасан. Янз бүрийн курсийн төсөл бичих, Лабораторийн ажлын аргачлал гэх зэрэг гарын авлага 20 гаруйг гаргасан. Сургуулийнхаа хоёр удаагийн магадлан итгэмжлэлийн тайлан бичих, хөтөлбөр боловсруулах олон ажлыг удирдсан.
-Гэр бүлийнхээ талаар ярина уу?
Би ханьтайгаа оюутны нэгдүгээр курст танилцаж, нэг мэргэжлээр таван жил сурч “хэлхэлдэж” явсаар их сургуулиа төгссөн. Төгсөнгүүт аав ээждээ ч хэлэлгүй Хуримын ордонд орж, гэрлэлтээ батлуулж, багахан хүрээнд хурим хийчхээд л Эрдэнэтийг зорьсонсон. Хань минь Баяжуулах үйлдвэрт олон жил ажилласан. 1996 оноос “Эрдмин” үйлдвэр ашиглалтад ороход Нийгмийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад 2009 онд насан өөд болсон юм. Манайх гурван хүүхэдтэй. Том охин Д.Будсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэст албаны дарга, хоёр хүү маань Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Нэг нь цахилгааны, нөгөө нь механик инженер мэргэжилтэй. Гурван зээ, гурван ачтай.
-Удахгүй “Мартын 8” болно. Та Эрдэнэт үйлдвэрийнхээ бүсгүйчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Гэр бүлийн амьдрал эмэгтэйчүүд биднээс ихээхэн хамаардаг. Иймээс бүсгүйчүүд минь үр хүүхдэдээ зөв үлгэрлэж, боловсролтой төвшин сайхан хүн болгоход анхаардаг сайн ээж, хань ижилдээ халамжтай сайн эзэгтэй байгаарай. Эрдэнэт үйлдвэрийнхээ Уурхайчин эмэгтэйчүүддээ “Мартын 8”-ны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.
П.Оюунсүрэн багш тэртээ 1997 онд шавь нартаа: “Та бүхэн ирээдүйд энэ үйлдвэрийг авч явах мэргэжилтнүүд болно” гэж хэлж байж. Тухайн үеийн шавь нар нь энэ үгнээс сүрдэж байсан бол өнөөдөр тэдний дундаас Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн хамгийн чухал мэргэжилтнүүд болон өсөж, “Эрдэнэт” хэмээх их айлын удирдах бүрэлдэхүүнд ачааны хүндийг үүрэлцэж явна. “Багш хичээлээ ойлгомжтой, логик дараалал сайтай заадаг болохоор ой тойноос гардаггүй” гэж шавь нар нь ярих. Багшийн эрдэм шавьд гэж энэ.