Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн Үндсэн чиглэлд Орд, хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2022 оны 379 дүгээр тогтоолоор Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх талбайн солбицлыг баталж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, тухайн аймгуудын Засаг дарга нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2022 оны 11 дүгээр сард Эрдэнэтийн стратегийн ордын талбайн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг олгосноор Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг ахиулах боломж нээгдсэн билээ. Улмаар Эрдэнэтийн овооны бүлэг ордын Оюутын хэсэгт XV-022171 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу нарийвчилсан хайгуулыг эхлүүлсэн байна.
Оюутын хэсэгт өмнө нь 1986-1990 онд урьдчилсан хайгуул хийж байсан бөгөөд үр дүнгийн тайлан, зураг материалууд бүрэн эхээрээ Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байв. Иймд үйлдвэрийн зүгээс геологи хайгуулын ажилд шууд хамааралтай тус тайланг авч ашиглах зайлшгүй шаардлага үүссэн юм. Иймд үйлдвэрийн зүгээс УУХҮЯ-д хандан, Үндэсний геологийн албаны Баримт материал нягтлан шалгах арга зүйн комисс, Архивын ерөнхий газрын Арга зүйн зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Эрдэнэтийн овоо ордын Оюутын хэсэгт хамаарах урьдчилсан хайгуулын тайланг Үндэсний геологийн албаны төрөлжсөн архиваас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Энэ дагуу Оюутын ордын урьдчилсан хайгуулын иж бүрэн тайлан, мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Геологийн баримтын төв архивын дарга В.Энхтүвшин, Эрдэс баялгийн судалгаа төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, Геомэдээллийн төвийн дарга Ц.Минжинсор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Архивын дарга Б.Одонтуяа, УБТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Д.Доржмаа нарын албаны хүмүүс байлцав. Ингэснээр уг материалын анхдагч эх хувь үйлдвэрийн газрын төрөлжсөн архивт албан ёсоор шилжиж, түүнийг хуулбарлан авах тохиолдолд гарах байсан 4.9 сая төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.
Дээрх материалыг ашиглан Оюутын ордын нарийвчилсан хайгуулын хүрээнд 2024 онд нийт 20000 тууш метр өрөмдлөг, газрын гадаргаас доош 100 м орчим гүнд далд нэвтрэлт, исэлдсэн болон сульфидын хүдрийн баяжигдах чанарын болон орд, ирээдүйн уурхайн гидрогеологи, геотехникийн судалгаа гэх зэрэг нэн чухал ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Ордын нөөцийг 2025 онд эцэслэн тогтоож, ашиглалтанд бэлтгэх юм.