“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орон сууцны “Уурхайчин-2” хороололд байр захиалсан ажилчдынхаа хохирлыг эхний ээлжинд барагдуулахаар өнгөрсөн оны есдүгээр сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэр гаргуулсан. Ерөнхий захирлын тушаалын дагуу Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын албаны даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, дээрх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллалаа. “Уурхайчин-2” хороололд байр захиалсан ажилчдын бичиг баримтыг нягтлан шалгаж, тооцооллыг инфляцын түвшинтэй уялдуулан Олон улсын аудитын байгууллагаар хийлгэн нийт 330 ажилтанд инфляцын түвшин тооцсон дүнгээр 9.6 тэрбум төгрөг олгож хохирлыг бүрэн барагдуулжээ.
Төслийн гүйцэтгэгч "Өргөө хаан констракшн" компани Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээгээ зөрчиж, баригдаагүй орон сууцанд ажилчдаас урьдчилгаа төлбөр авсан төдийгүй түншлэгч байгууллагатайгаа гэрээгээ цуцалсны үндсэн дээр барилга барих санхүүгийн чадваргүй болсон эрсдэл үүсч төсөл амжилтгүй болсон юм. Одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа төлөөлж шүүхэд нэхэмжлэхээр бэлтгэж байна.
Уг компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гурван жил хохирсон ажилчид мөнгөө буцаан авсандаа баярлаж, Эрдэнэт үйлдвэртээ талархал илэрхийлсээр байна.
ХҮҮХЭД НЬ ААВДАА БҮРЭН НАЙДДАГ ШИГ АЖИЛЧИД БИД ҮЙЛДВЭРТЭЭ ИТГЭСНИЙ ХЭРЭГ ГАРЛАА
/Засвар механикийн заводын тоног төхөөрөмжийн засварчин Г.БАЯРСАЙХАН/
Би 2019 оноос Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Гурван хүүгийн аав. 2021 оны зургаадугаар сард “Уурхайчин-2” хороололд гурван өрөө байрны захиалга өгч байлаа. Манай заводоос 32 хүн захиалга өгсөн байдаг. Анх ажилчид болон залуучуудыг дэмжсэн маш том төсөл гэж харсан л даа. Хүүхэд нь аавдаа бүрэн найддаг шиг ажилчид бид үйлдвэртээ итгэсэн. Тиймдээ ч эргэлзэлгүй захиалга өгсөн. Энэ хугацаанд давагдашгүй хүчин зүйл цар тахлын сөрөг нөлөө, үнийн өсөлт, барилгын материалын хомсдол, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан асуудлууд үүссэн. Хэрэв амжилттай үргэлжилсэн бол 2021 онд ашиглалтад орох байсан. Захиалга өгсөн ажилчид хүндхэн цаг үеийг тууллаа. Үйлдвэр маань ямар нэгэн арга хэмжээ авч, биднийг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж хүлээсэн. Г.Ёндон захирал эр хүн шиг хэлсэн амандаа хүрч, ажилчдынхаа хохирлыг үнийн өсөлттэй уялдуулан 100 хувь барагдуулж байгаад баяртай байна. Өөр компанид ажиллаж байсан бол үнэндээ хохироод л үлдэнэ. Тодорхой цаг хугацааны дараа “Уурхайчин-2” төслийг амжилттай хэрэгжээсэй гэж хүсдэг. Дэлхийн жишиг үйлдвэрийн ажилчид бид сайхан орчин нөхцөлд амьдармаар л байна шүү дээ.
“УУРХАЙЧИН-2” ХОРООЛОЛД БАЙР ЗАХИАЛАХДАА 100 ХУВЬ ТӨЛӨЛТ ХИЙСЭН
/Баяжуулах үйлдвэрийн коньвейерийн машинч Б.МЯГМАРСҮРЭН/
Манайх 2021 оны хавар “Уурхайчин-2” хороололд байр захиалах гэрээ хийж, 100 хувь төлөлт хийсэн. Бүл нэмэх гэж байсан болохоор орон сууцаа томруулж, амьдралын чанараа сайжруулчих санаатай байраа зараад, бүх мөнгөө өгч дөрвөн өрөө байр захиалсан байсан. Гурван жил хэртэй түрээсийн байраар амьдарч, энэ хугацаанд шинэ хүн маань мэндэлж, би хүүхэд асрах чөлөөтэй гэртээ байсан болохоор амаргүй шалгуур давлаа. Үйлдвэр маань бидний хохирлыг 100 хувь барагдуулсанд маш их баяртай байна. Мөнгөө аваад шууд байр авсан. Одоо ам бүл зургуулаа өөрийн орон сууцандаа сайхан амьдарч байна.
ЗОРИГТОЙ ШИЙДЭЛ ГАРГАСАН ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГУУДДАА БАЯРЛАЛАА
/Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын туслах машинч О.ДАШЦЭРЭН/
Би Эрдэнэт үйлдвэрт гурав дахь жилдээ ажиллаж байна. 2021 онд “Уурхайчин-2” хороололд 76 м2-тай гурван өрөө байр захиалсан байсан. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө мөнгөөр хохирохоос гадна цаг хугацаа их алдлаа, сэтгэл санаагаар уналаа. Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Одоо хоёр аавынхаа хооронд явж амьдарч байна. Мөнгөө авсан болохоор байрны асуудлаа шийднэ дээ. Гэхдээ тухайн үеийн ханшаар одоо байр авах боломжгүй болсон. Тендерийн хууль амьдралд нийцэхгүй байгаагийн нэг жишээ энэ. Уурхайчдынхаа хохирлыг барагдуулахаар зоригтой шийдэл гаргаж, хөөцөлдлөгөө сайтай ажилласан үйлдвэрийн газрын удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ААВДАА ХОВЛОДОГ АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД ШИГ БАЙГАА ДАА
/Автотээврийн цехийн зохион бүтээгч-барилгын ашиглалт, хяналтын инженер Э.ӨЛЗИЙНАРАН/
Хамтарсан ажлын хэсэг 11 удаа хуралдсан. Өнөөдөр үр дүнгээ үзэж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газрын удирдлагууд шийдэмгий байлаа. Чиний өмнөөс маргаад өгье, асуудлыг чинь шийдээд өгье гэдэг компани Монголд Эрдэнэт үйлдвэрээс өөр байхгүй ээ. Би өөрөө барилгын инженер. Энэ төрлийн олон төсөл дээр ажиллаж байсан. Ихэнх тохиолдолд “хоёр чихийг минь тасдаад ав” л гэдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр үйлдвэрийнхээ буянаар ажилчид мөнгөө авч, өмгөөлж хамгаалах газартай гэдгээ мэдэрч байна. Шударгаар хэлэхэд аавдаа ховлодог айлын эрх хүүхэд шиг, бид өгөөд алдчихлаа, учрыг нь олж өг гээд л сууж байгаа шүү дээ. Бидний төлөө ажилласан хүн бүрд баярлалаа. Ажилчдад маань ч том сургамж болсон байх. Худалдаа хөгжлийн банкны ипотекийн гурван хувийн зээл гарч байгаа энэ үед мөнгө олгосон нь ажилчдад боломж нээж байна. Хэрэв бид хувиараа шүүхэдсэн бол өгсөн мөнгөө олж авбал зол. Гэтэл үйлдвэр маань хохирлыг үнийн өссөлттэй уялдуулан тооцож олгож байгаа. Ажилчид бид баярлахаас аргагүй.
ҮЙЛДВЭР МААНЬ АЖИЛЧДАА ХОХИРОЛГҮЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ САЙН АЖИЛЛАЛАА
/Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн ажил хуваарилагч А.МӨНХЗУЛ/
Манай хүн Ил уурхайд уулын мастер хийдэг. Бид “Уурхайчин-2” хороололд гурван өрөө байр захиалаад, баригдахыг нь хоёр жил хүлээсэн. Надад анх байршил, орчин нөхцөл нь их таалагдсан юм. Тэгээд “Уурхайчин-1” төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсон болохоор итгэл төрсөн гэх үү дээ. Ер нь ажилчид бид Эрдэнэт үйлдвэртээ л итгэж найддаг шүү дээ. Тийм ч учраас үйлдвэр маань ажилчдаа хохиролгүй болгохын төлөө шат дараатай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллалаа. Үйлдвэрийн удирдлагууд маань хэлсэн амандаа хүрч, гүйцэтгэгч компанийн өмнөөс урьдчилгаа төлбөрийг буцаан олгосонд маш их баярлаж байгаа. Одоо биднийг үйлдвэр төлөөлж ажиллана. Амаргүй олон давааг туулах байх. Амжилт ерөөе. Хэрэгтэй цагт нь хэзээд бэлэн байх болно. Мөнгөө авсан ч байр ховор байна. Дулаан орохоор байрны асуудлаа шийднэ дээ.