Баяжуулах үйлдвэрийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Сархиа цанын баазын зааланд боллоо. Энэхүү тэмцээнийг хоёр жилд нэг удаа Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл 50 жилийнхээ ойн хүрээнд Баяжуулах үйлдвэртэй хамтран зохион байгуулж байна.
Уг тэмцээний нээлтэд Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, тус цехийн Үйлдвэрчний хорооны төлөөлөл, баг тамирчид оролцлоо. Лигийн зарчмаар зохион байгуулж буй 3 дахь удаагийн энэхүү тэмцээн 14 хоног явагдах бөгөөд 12 багийн 160 гаруй тамирчин авьяас чадвар, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Уг тэмцээнийг “Хайр, хүндлэл, хариуцлага амжилтын үндэс” уриан дор зохион байгуулж байна. Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон нийтийн арга зүйч Б.Нямдэлгэр: “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 онд 45 хоногийн турш амжилттай зохион байгуулж байлаа.
Өнгөрсөн жил цехийн соёл хүмүүжлийн ажил “Ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам амжилтын үндэс” уриан дор явагдсан. Энэ онд “Хайр, хүндлэл, хариуцлага амжилтын үндэс” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. 2024 онд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн 50 жилийн ой тохиож байгаа нь онцлог. Энэ утгаараа ҮЭ-тэй хамтран Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нэг зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сагсан бөмбөгийн төрлөөр шалгарсан багуудтай өрсөлдөх баг тамирчдыг шалгаруулна. Мөн үйлдвэрийн ажиллагсдын дунд явагдах 45 дахь спарткиадын баг тамирчдыг эндээс шинээр бүрдүүлж, оролцуулах зорилгоор энэ тэмцээн явагдаж байна”гэв.