“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхт 45 жилийн ойг тохиолдуулан Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот, Шаньдун мужийн төв Жинань буюу “Улаан цав” хотын аяллыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Уг аялалд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдээс хамт олноо манлайлан ажилласан тэргүүний ажилчид, мэргэжилтнүүд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 43 хүн хамрагдав. Аялагчид Жинань хотод байрлах Өвөр Монголын 5 одтой, 33 төрлийн халуун рашаантай, хамгийн том “Water World” амралтын цогцолбор, Хүслийн суварга, “Ябаолу” олон улсын арьсан эдлэлийн худалдааны төв, Хөх хотын Үндэсний түүхийн музей, Далайн амьтдын үзүүлбэртэй усан парк, Мини аватар - шилэн гүүр, амьтны цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхлоо.
Энэхүү аяллын багийг Засвар, механикийн заводын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Төмөрцоож ахалж явсан юм. Тэрээр, “энэ удаагийн аялал Ковидын цар тахлаас хойш зохион байгуулж буй анхны аялал байлаа. Аялалд Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдээс гадна Гэрээт Дотоодын цэргийн 816-р анги, Гэрээт Цагдаагийн хэлтэс, Гэрээт Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн алба хаагч нарыг хамруулсан нь онцлог. Манай холбоо үйлдвэрийн газартай байгуулсан Хамтын гэрээний хүрээнд энэхүү аяллаа цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 50 жилийн ой ирэх онд тохионо. Бид ойгоо угтан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн аялал эхлэл нь боллоо. Цаашид үйлдвэрийнхээ захиргаа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газартай нягт уялдаа холбоотой хамтран ажиллана” гэв.
Аялалд хамрагдсан зарим ажилтны сэтгэгдлийг хүргэж байна.
Соёл, урлагийн цогцолборын дарга Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан Жинань, Хөх хотын аялал маш сайхан боллоо. Аяллын баг бүрэлдэхүүн бие биетэйгээ танилцаж, эерэг уур амьсгалтай, нэг хамт олон болж, хөгжилтэй дурсамж дүүрэн аялаад ирлээ. Түүх соёл, үзвэр үйлчилгээний олон сайхан газруудаар аялж, танилцан туршлага судаллаа. Энэхүү аяллыг дэмжиж, зохион байгуулж буй Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олондоо баярлалаа.
ХАБЭАХ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн инженер С.АЛТАНХУЯГ: Манай хэлтсийн 45 жилийн ой өнгөрсөн 11-р сард тохиосон. Энэхүү баяр дээр маань баяр нэмж Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гэр бүлийн хамт аялах супер азтан шалгаруулсан. Миний бие сугалааны азтанаар шалгарч, Өвөр Монголын томоохон хотуудаар гэр бүлийн хамт аяллаа. Бид Жинань хотод Хүслийн суварга нэрт гайхамшигт газрыг үзсэн. Хөх хотод ирээд Үндэсний түүхийн музей, Мини аватар, далайн амьтдын үзүүлбэр тоглолт, олон төрлийн загастай том аквариумыг үзэж стресс, ядаргаагаа тайлж сайхан амарсандаа баяртай байна. Аяллыг зохион байгуулсан Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
АТЦ-ын Белазын жолооч Б.ЗАНАЦООЖ: Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан аялалд багтсандаа их баяртай байна. Энэ удаагийн аялалд олон залуусыг хамруулсан байна. Дотоодын цэрэг, онцгой, цагдаагийн бие бүрэлдэхүүнээс аяллын багт мөн багтсан. Залуучууд маань нэгэн цул болж, дуу хууртай, дурсамжтай сайхан аяллаа. Үйлдвэрчний эвлэлийн холбоондоо аяллыг маш сайхан зохион байгуулсанд талархсанаа илэрхийлье.
“Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын менежер Л.МАШБАТ: Жинань 2023 аялалд оролцсондоо туйлын баяртай байна. Бидний аялал Эрдэнэт хотоосоо эхэлж, Улаанбаатар–Замын үүд–Эрээн-Жинань-Хөх хот гэсэн маршрутаар сайхан яваад ирлээ. Аяллын онцлог нь нэг цех нэгжийн хамт олон биш бүх бүтцийн нэгжээс ажилтнуудыг хамруулсан нь сонирхолтой байлаа. Уг аялалд “Эрдэнэт” сувиллын цогцолбороо төлөөлж миний бие аялагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хариуцан, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх эмчийн үүрэг гүйцэтгэж явсан. Манай аяллын багт тусархаг, эвсэг, бие биеэ гэсэн сэтгэлтэй олон сайхан залуус байсан. Миний хувьд аялалд хамрагдсан цех, нэгжүүдээс нэг нэг сайхан танилтай болсон. Бид Жинань хотод байрлах 33 төрлийн халуун рашаан, саун, бассейнтай том усан цогцолборт аяллын алжаал, ядаргаагаа тайлж сайхан амарсан. Хот хоорондын зам нь халтиргаа ихтэй байсан ч аяллын компани маань биднийг тав тухтай сайхан аялуулсан. Бид холын замд танилцан, дуу хууртай, наргиан хөгжөөнтэй уйдах завгүй явлаа. Хөх хотод олон сайхан зүйл үзсэний хамгийн гайхалтай нь аварга гүрвэлүүдийн олдвортой музей байсан. Энэхүү аяллыг хөдөлмөрчин хүний төлөө гэсэн чин сэтгэлээр зохион байгуулж, таатай сайхан аялуулсан Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, хамт олондоо талархъя.
Баяжуулах үйлдвэрийн Зохион бүтээгч инженер С.БАТНАСАН: Би Эрдэнэт үйлдвэрт 31 дэх жилдээ ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан Жинань-Хөх хотын аялалд хамрагдсандаа маш их баяртай байна. Үйлдвэрийн газрын бүх цех нэгжүүдийг хамруулж 43 хүнтэй баг бүрдүүлсэн нь шинэлэг, сайхан аялал боллоо. Аяллын хугацаанд миний төрсөн өдөр тохиож, хамт олон маань надад тусгайлан бэлэг барьж, баяр хүргэсэн нь мартагдашгүй дурсамж үлдээсэн. Ингээд аялалд хамрагдсан бүх хүмүүстээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Удахгүй болох Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойн баярын мэндийг нийт ахмадууд, ажилтнууддаа хүргэе.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мастер, комендант Б.ХИШИГДАРЬ: Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулсан 43 хүний бүрэлдэхүүнтэй аялал маань маш сайхан болсон. Өвөр Монголын үзэсгэлэнт газрууд, түүх соёл, бүтээн байгуулалт, их хотын хөгжлийг хараад бахархах сэтгэгдэл төрсөн. Аяллын богино хугацаанд бид нэг хамт олон болж, цагийг сайхан өнгөрүүллээ. Замд “Автобусны Опен мик” зохион байгуулж шилдэг дуучнаа шалгаруулж, хоёр азтан тодруулсан. Миний бие азтан болсондоо сэтгэл маш өндөр байв. Ингээд Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагын багийнханд, нийт уурхайчин хамт олондоо удахгүй болох 45 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.