“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр
О.Дүгэрсүрэн гуай 1972 онд ОХУ-д ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Дараа нь эх орондоо эргэн ирж ХАА-н яаманд Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн, Монгол Улсын ХАА-н ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дархан САА-д ерөнхий агрономич, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар нийт 13 жил ажиллаад нэлээн дадлага туршлагатай болсон хойно Намын төв хороо түүнийг дуудаж Эрдэнэт хотын Улаантолгойн сангийн аж ахуй, Жаргалант хорооны даргаар томилжээ. Тэрээр 1985 оны нэгдүгээр сард Эрдэнэт хотод шилжин ирснээс хойш өнөөдрийг хүртэл Орхон аймгийн ХАА-н салбарт цуцалтгүй хөдөлмөрлөсөөр 2019 онд Монгол Улсын гавьяат агрономич цолоор шагнагдсан юм. Гавьяат агрономич О.Дүгэрсүрэн гуай Орхон аймгийн Жаргалант суманд мод үржүүлгийн газартай, хүү, бэр хоёр нь ч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн газраа өргөтгөн 4 га талбайд мод, бут үржүүлэн “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрт хувь нэмэр оруулсаар явна.
Гавьяат агрономич О.Дүгэрсүрэн гуай энэ оны 5-11 сард “Зэс эрдэнийн хувь” ХХК-д “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллажээ. Тэр Эрдэнэт хотын анхны ногоон байгууламжийг бүтээлцсэн түүх болон 2023 онд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн зөвлөхөөр ажилласан тухайгаа ийнхүү хуучилж сууна.
Монгол Улсын гавьяат агрономич О.ДҮГЭРСҮРЭН: - Намайг 1985 онд анх ирэхэд Эрдэнэт хотод дандаа улиас тарьсан харагдав. Мэргэжлийн хүний хувьд шинэ хотод ганцхан төрлийн мод ургуулах нь арай л харамсалтай юм даа гэж бодоод “Эрдэнэтэд шилмүүст мод таримаар байна” гээд саналаа хэлтэл Эрдэнэт хотын дарга С.Цэвээн, Намын хорооны дарга Ж.Банзрагч нар “Чи агрономич мэргэжилтэй, мод тарих талаар мэдлэгтэй болсон хүн” гээд Эрдэнэтэд шинэ төрлийн мод тарихад хамтран ажиллаарай гэв. Энэ үед угаасаа “Эрдэнэт хотод улиаснаас өөр мод тарья” гэдэг яриа өрнөөд эхэлсэн байж. Ингээд бид Эрдэнэтэд шинэс тарихаар болов. Ингэхдээ “Эрдэнэтийн-Овоо”-ны хөрс хуулж байгаа учраас тэндээс шинэсийг маш том сууриар нь шороотой нь авчирч хотын төв зам дагуу тарина гэдэг дээр санал нэгдэв. Улаантолгойн сангийн аж ахуйн зөвлөх, орос мэргэжилтэн Самус Иван Фёдорович бид хоёр мэргэжлийн зөвлөгөө өгч, модыг газраас авах, шилжүүлэн суулгах ажлыг “Медьмолибденстрой” удирдах газар гүйцэтгэхээр болов. Манай зөвлөх мэргэжилтэн “За Дүгэрсүрэн, ил уурхайн моддыг 2 м-ийн диаметртэй ухаж, шороотой нь хотын төвд авчирч суулгавал сайн ургана шүү. Түүнийг яаж гүйцэтгэхийг чи мэдэх үү“ л гэж байна. Би ч Дарханд ажиллаж байхдаа шилмүүст мод шилжүүлэн суулгаж байсан тухайгаа яриад, дараа нь тэр ажлыг хэрхэн гүйцэтгэх ажлын зураг төсөл хийж, оролцох байгууллага, хүмүүсийг жагсаав. Ингээд “Медьмолибденстрой” удирдах газрын УМ-ын кран, бульдозерыг дайчлан ажиллуулахаар боллоо. Тэр үед НАХГ (Нийгмийг аюулаас хамгаалах газар)-ын даргаар Загдсамбар хурандаа ажиллаж байсан. Нийгмийн зөрчил гаргаад хэд хоногоор түр саатуулагдсан хүмүүсийг НАХГ-аас авч мод суулгахад дайчлахаар болов. Загдсамбар хурандаа ч зөвшөөрсөн. Мөн цэргийн ангиас цэргүүд авчирч ажиллуулан хүч нэмэхээр тогтов. Тэр үед Эрдэнэтийн 186-р анги 1000-аад цэрэгтэй, дивизийн захирагчаар Рэнцэннацаг хурандаа ажиллаж байсан. Ингээд 200-аад цэрэг дайчилж модны шинэ нүх ухах ажлыг шөнийн цагаар хийлгэв. Харин “Эрдэнэтийн-Овоо” уулнаас моддыг ухаж гаргах ажлыг Ил уурхайн машин механизмаар гүйцэтгэсэн. Уулнаас сугалахад бэлэн болсон моддыг мэргэжлийн хүмүүс оосорлож, том берзинт дээр өргөж тавиад дараа нь зэсийн баяжмал савладагтай адил том уутанд хийгээд машин дээр ачна. Тэр үед хамгийн том багтаамжтай машин нь краз байсан. Ингээд краз машин дээр ууталсан 2-3 мод кранаар өргөж тавиад хотын төв рүү шөнө авчирна. Мод шилжүүлэн суулгах ажил мөн л шөнө хийгдэнэ. Ингээд өмнө нь ухаж бэлдсэн нүх рүү авчирсан моддыг дахин кранаар өргөж суулгана. Энэ ажлыг удирдан зохион байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Эрдэнэжав гуай их үүрэг гүйцэтгэсэн. Эрдэнэтийн төв зам, их тойруугийн гудамжинд өнөөдөр өндөр ургасан шилмүүст моддыг ийнхүү 1985 оны намар 10 сарын сүүлч, 11 сарын эхээр шилжүүлэн суулгаж билээ. Энэ ажил дуусаад л 11 сарын 7-нд тохиодог Октябрийн баяраар хийсэн ажлынхаа үр дүнг мэдээлж байсан юм. Улаантолгойн САА-н дарга миний зөвлөх, гайхалтай мэдлэг чадвартай Самус Иван Фёдорович өнөөгийн төслийн удирдагч нар шиг л ажилласан даа. Байгальд олон арван жил ургасан том моддыг үндсээр нь авчирч шинэ газар шилжүүлэн суулгаж тарина гэдэг тийм амар ажил биш учраас хүн, машин техникийн тийм их хүчээр хийж байсан юм. Бараг 40-өөд жилийн тэртээх ийм нүсэр ажлын үр дүнд өнөөдөр Орхон аймгийн Захиргааны 3-р байрны өмнө, Холбооны газраас Нэгдсэн эмнэлэг рүү өгсөх замын хоёр тал, 4-р бичил хорооллын арын өндөр шинэс моддыг ийнхүү уулнаас шилжүүлэн суулгаж ургуулсан юм. Олон арван жилийн өмнө хамтран тарьсан тэдгээр модод саглайн өндөр ургасныг харах үнэхээр сайхан санагддаг гэв.
О.Дүгэрсүрэн гавьяат Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4 байгууллагад зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Тухайлбал, 2008 оноос Тэ-Ён компанийн хүсэлтээр хурдан мор барианы “Сайхан түшигт” гэдэг газарт 2.5 га-д жимсний аж ахуй байгуулж өгсөн. Гавьяаны амралт авсны дараа “Тамирын гурван чулуу” ХХК-ийн хүсэлтээр Оросын консулын ард бүтээн байгуулсан шинэ орон сууцуудын гадна талын ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд хийсэн. Энд тарьсан гүйлсүүд дулааны улиралд цэцэглэн сайхан өнгөөрөө гэрэл нэмж, тайрч тэгшилсэн хайлаасан хашлагууд хамгаалалт болж, мөнх ногоон шилмүүст модод оршин суугчдад нь таатай сайхан харагдах болжээ. Дараа нь Жаргалант сумын хийдийн хамба лам Нямдоржийн урилгаар хийд доторх ногоон байгууламжийг нь бий болгоход зөвлөж тусалсан байна. Нямдорж тэнд 20-иод сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж моддоо маш сайн ургуулсан гэх. О.Дүгэрсүрэн гавьяат одоо “Зэс эрдэнийн хувь” ХХК-д зөвлөн тусалж байна. Эрдэнэт хотод ийнхүү 4 газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад нь зөвлөгөө өгч ажиллахдаа өөрийн болон хүүхдүүдийнхээ тарьж, тордож ургуулсан суулгацуудаа ч нийлүүлдэг гэж ярилаа.
Тэр 2009 оноос хойш мод уржүүлж, нийт 100-аад мянган суулгацыг Эрдэнэт, Булган, Архангай, Говь-Алтай аймагт нийлүүлжээ. Энэ явцад мэдэх чадах бүхнээ залууст зааж сургасаар л явна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан САА-н зөвлөх Б.Жанчив, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эрдэмтэн А.Хүчит нар анх түүнд мод тарих мэдлэг, ур чадвар олгосон аж. Хүү, бэр хоёр нь мөн өрхийн тариалангаа өргөжүүлэн мод үржүүлгийн газар байгуулаад 20 гаруй жил ажиллаж байгаа гэнэ. Тэд ийнхүү гэр бүлээрээ газар тариалангийн салбарт үнэнч хөдөлмөрлөн, хийсэн бүтээснээрээ бахархал дүүрэн амьдарч явна.
О.Дүгэрсүрэн гавьяат өнгөрсөн хугацаанд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Гэр санаачилга” төсөлд хамтран ажиллахдаа хүлэмжийн аж ахуй, мод үржүүлэг, жимс ногооны аж ахуйн чиглэлээр 1200 гаруй хүнд хичээл зааж оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Булганы Орхон, Хишиг-Өндөр, Сэлэнгэ сумдад мөн урилгаар очиж иргэдэд нь газар тариалангийн анхан шатны мэдлэг чадвар олгосон. Ийнхүү сүүлийн 10-аад жил Эрдэнэт хот, Булган аймгийн иргэдэд хичээл зааж, тэд гавьяат агрономичийн ургуулсан тарьц, суулгацаас авч арчилж ургуулан харилцан дэмтэй хамтран ажилласаар өдий хүрчээ. Ахмад агрономич одоо хүлэмждээ мод, цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулан өөрийн болон олон нийтийн хэрэгцээг хангасаар явна.
“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК 1.5 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэлийнхээ бүсэд мод тарьж ногоон байгууламж үүсгэхийн зэрэгцээ, мод үржүүлгийн газар байгуулахаар хичээн хөдөлмөрлөж буй “Зэс эрдэнийн хувь” ХХК-д О.Дүгэрсүрэн гуай 2023 оны 5 сарын 1-ээс 11 сарын 1 хүртэл зөвлөхөөр ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд тэдний хамтдаа хийж бүтээсэн ажлын үр дүнг харахаар гавьяат агрономич бид хоёр саяхан “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг зорилоо .
Бид “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсэд нэвтэрч Байгаль орчны удирдлагын албаны ахлах мэргэжилтэн Ц.Мэндбаяртай уулзаж өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынх нь талаар сонирхлоо.
Ц.МЭНДБАЯР: -Би “Зэс эрдэнийн хувь” ХХК-д хоёр жил ажиллаж байна. Манай компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн дагуу 1.5 сая мод тарьж ургуулах нийгмийн хариуцлагын гэрээг Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан. Энэ зорилгын дагуу жилд 3-4 мянган мод тарьж ургуулах, хашаажуулах, усалгаа арчилгааг сайн хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мод, бут тарьж, ургуулах үндсэн арчилгаа талаас мэргэжлийн агрономич хүний мэдлэг, ур чадвар манайд нэн шаардлагатай байсан. Тиймээс ахмад агрономич О.Дүгэрсүрэн гуайг 2023 онд урьж 6 сарын хугацаанд манайх зөвлөх инженерээр ажиллуулсан. Энэ хугацаанд манай компанийн үйлдвэрлэлийн төслийн талбайд нийт 1572 навчит болон шилмүүст мод тарьж, арчлан ургуулах ажлуудыг бид хамтдаа хийсэн. Агрономич О.Дүгэрсүрэн гуай их хөдөлмөрч хүн учраас залуучууд бид мод тарьж ургуулах, мод үржүүлгийн хүлэмж барьж байгуулах, модны талбайд хайс хамгаалалт хийх талаар маш их зүйл заалгаж суралцлаа.
Энэ жил бид үйлдвэрийн технологийн замын хоёр талаар салхины хамгаалалтын 1.7 км урт зурвас үүсгэн, дандаа тарьц суулгац тарьсан. Тохижилтын зориулалтаар мөн ногоон байгууламж хийж нарс, хайлаас мод тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 1.5 сая мод тарьж ургуулахын тулд манай компани өөрийн мод үржүүлгийн газар байгуулах зорилт тавиад ажиллаж байна. Мод үржүүлгийн газар маань “Эко үйлдвэрлэл-Ногоон ирээдүй” төслийн нэгж нэрээр үүсэн байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрсэн. Манай мод үржүүлгийн газар 4 ажилтантай. Мод үржүүлгийн газрын бүтэц, зохион байгуулалт, хөрс бэлтгэл гээд энэ шинэ ажлыг эхлэхээс л О.Дүгэрсүрэн гуай бидэнд зөвлөж, туршлагаа хуваалцан хагас жилийн турш хамтран ажилласан. Мод үржүүлгийн газар энэ жил бэлтгэл ажлаа бүрэн хангалаа. 2024 оны хавраас мод үржүүлгийн газартаа ил болон далд хөрсний системээр навчит болон шилмүүст модны үр, мөчрийн тарьц ургуулаад, тэр хэмжээний модыг дараа жилээс нь тариална. Ингэснээр 1.5 сая модыг 2032 он хүртэл 10 жилийн хугацаанд тарьж ургуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компани цаашид Орхон аймгийн БОАЖГ-аас сонгож өгсөн газарт дараагийн моднуудыг тарих юм.
Манай мод үржүүлгийн газар хараахан ашиглалтад ороогүй учраас 2022-2023 онд тарьсан модны тарьц суулгацыг Орхон аймгийн Жаргалант суманд мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хан төгөл хайлааст” компани болон аймгийн төвд мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн ургуулсан тарьц, суулгацыг авч өөрийн талбайд тариалан тэдний үйл ажиллагааг дэмжин ажилласан. Бид мод тарихдаа Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил хайж буй иргэдээс сонгон авч ажлын байраар хангадаг. Тэд энэ жил улирлын чанартай ажилласан.
Мод үржүүлгийн газарт 6х30м хэмжээтэй, усалгааны болон мананжуулагч иж бүрэн системтэй 5 хүлэмж худалдан авч хашаа, хамгаалалттай талбайдаа байршуулсан. Одоогоор хүлэмжүүдийг бүрэн босгож, хөрс бэлтгэлийн ажлаа хийсэн. Ирэх жилийн 4-5 сард хүлэмжийг нийлэг хальсаар бүрээд эхний удаад шилмүүст модыг үрээр тарих ажил түлхүү хийнэ. Дараа жилүүдэд тэндээс өөр хөрсөнд шилжүүлэн суулгаж бойжуулна. Нийт 1.5 сая мод тарьж ургуулах нүсэр ажлынхаа суурийг бид ийнхүү тавьсан гэж ярилаа.
Эндээс гараад О.Дүгэрсүрэн агрономич “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хашаан дотор зааварлан тариулсан моддоо харуулж тайлбарлав. Тус компанийн үйлдвэрлэлийн хашааны дотор талд 3 эгнээнд шар хуайс, хайлаас, гүйлс гээд 3 өөр мод бутыг маш эмх цэгцтэй, ургамал болон эгнээ хоорондын зайг нарийн хэмжиж суулгасныг хараад бахархав. Энд мөн агаар цэвэршүүлэх ач холбогдолтой монос нэлээн тарьжээ. Компанийн хашааны гол замын хоёр талаар мөнх ногоон нарс моддыг эгнүүлэн суулгасан нь үзэсгэлэнтэй харагдана. Нэлээн хэдэн жилийн дараа бүгд жигдрэн ургах үед энд битүү нарсан ой найгах нь дээ гэх төсөөлөл сэтгэлд бууна. Нарс модны суулгацыг мод үржүүлгийн “Ган дөл” ХХК-иас худалдан авчээ. Энд нийт 108 нарс суулгасан байна. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэт хотоо ногооруулах гэсэн чин хүсэлтэй байгууллага, хүмүүс ийнхүү бие биеэ дэмжин ажиллаж, орчин тойрондоо хэтийн ногоон төглийн суурийг тавьж байгаа нэг жишээ энэ юм.
Зэсийн үйлдвэрлэлийн зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрт өөрсдийн хувь нэмрийг оруулан 1.5 сая мод тарьж ургуулах том үүрэг амлалт аваад хичээн ажиллаж буй тус хамт олонд ахмад агрономич О.Дүгэрсүрэн гуай ийнхүү мэргэжлийн туслалцаа харамгүй үзүүлсэн нь тэдний тарьсан моддоос илт харагдаж байлаа.
Бид дараа нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн мод үржүүлгийн газарт очлоо. Энд агрономич О.Дүгэрсүрэнгийн заавар зөвлөгөөгөөр гүйлсийг 1.5 м-ийн зайтай тарьж, хашлага хийх зорилгоор шар хуайсыг эгнүүлэн суулгажээ. Дотор талын эгнээнд хайлаас модыг 3 м-ийн зайтай тарьсан байв. Энэ 3 эгнээ 3 өөр төрлийн ургамал жигд ургаад ирэхээр салхинаас найдвартай хамгаална гэж тооцоолсон аж. Энэ гурвын хоёр нь бутлаг, нөгөө нь модлог ургамал. Мод ирээдүйд 3-4 метр өндөр ургах үед хажууд зэрэгцүүлэн тарьсан бутлаг ургамлууд модны ишний хажуугаар исгэрэн орж ирэх салхины хамгаалалт болдог ач холбогдолтой гэж ахмад агрономич тайлбарлав. Мод бутыг зэрэгцүүлэн тарихын ухааныг ийнхүү сонсоод хаа сайгүй тарьдаг бүх модыг ингэж мэргэжлийн агрономичийн заавар зөвлөгөөгөөр таривал мөн ч их үр дүнтэй ажил болно доо гэх бодол төрөв. Ер нь байгууллагууд их хэмжээний мод тарихаар бол заавал ийм хамгаалалтын зурвастай байх ёстой гэж тэрээр ахмад агрономич нэмж хэлнэ билээ. “Зэс эрдэнийн хувь” ХХК мод үржүүлгийн шинэ аж ахуйгаа ийнхүү бүтэн тойруулан хамгаалалтын зурвастай болгох ажлаа эхлүүлсэн байна. Ирэх хавар хамгаалалтын ногоон зурвасаа үргэлжлүүлэн тарих бэлтгэлээ ч хангажээ. Мэргэжлийн агрономич хүнтэй хамтран мэдлэгт суурилсан, туршлагад тулгуурласан мод үржүүлгийн газар байгуулахаар тэр олон мод, бут яг нэг эгнээнд, хэчнээн сайхан эмх цэгцтэй байршдагийг хараад тэдний 6 сарын хамтын хөдөлмөрийн үр дүнгээр бахархав.
О.Дүгэрсүрэн гуай тус компанийн залууст зөвлөн туслахдаа “шинээр мод, бут суулгахдаа нүхний ёроолд Эрдэнэтийн овооны молибден, зэс, алт, мөнгө гээд микроэлемент бүхий чулуулаг давхарга заавал үүсгэж өгөөрэй гээд, түүнийг энд тарьсан бүх модны ёроолд хийсэн байна. Ингэснээр мод, бут ургах тусам чулуулаг давхаргын завсраар агаар солилцож, үндэс нь чөлөөтэй өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх аж. Ер нь шинээр тарих модны нүхэнд 60 хувь хар шороо, 10 хувь бууц, 30 хувь хайрга, элс хийснээр зөв бүтэцтэй хөрс бий болно гэх. Ингэснээр ус нэвчих боломж, ургамал идэвхтэй ургах нөхцөл бүрдэх юм байна. Шинэ модны хөрсний давхарга, бүтцийг ийнхүү зөв хийлгүй, хар шаварлаг хөрсөнд суулгаад орхивол мод мөдхөн амьсгалах аргагүй болж, үндэс нь хөгжихгүй байсаар ургалт зогсох муу үр дагавартай гэж Дүгэрсүрэн гуай залууст тайлбарлаж явна. Ингээд бодохоор ахмад мэргэжилтнүүдээс сурах зүйл мөн ч их байна даа.
Мод, бутыг хэчнээн шинжлэх ухааны үндэслэлтэй тарилаа ч ойр орчмын амьтад сүйтгэх аюул ч ойрхон гэнэ. Тус компанийн мод үржүүлгийн талбайг тойруулан сайхан төмөр хашаа барихдаа доод хэсэгт нь туулайнаас хамгаалан нягтрал ихтэй төмөр тор давхар хийжээ. Энэ нь бас л агрономич О.Дүгэрсүрэнгийн заавар зөвлөгөөгөөр хийсэн ажил. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт туулай элбэг нутагшсаныг хүртэл ахмад агрономич судалж мэдсэн байна. Дуулсан бүхэн эрдэм гэдэг дээ. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн дагуу мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа байгууллага, хүмүүс үүнийг анхааралдаа авч, талбайгаа хашаажуулах явцад туулайнаас хамгаалах тор бас татах хэрэгтэй юм байна.
Монголын салхины урсгал баруун хойноос голдуу чиглэлтэй тул О.Дүгэрсүрэнгийн зөвлөгөөгөөр эндэхийн мод үржүүлгийн газрын 5 шинэ хүлэмжийн хаалгыг салхины урсгалын эсрэг талд гаргасан нь бас нэг зөв шийдэл аж. Ингэснээр хүлэмж 30 м-ийн урт хэсгээрээ байнга наран ээвэрт байх нөхцөл ч бүрдсэн байна. Ирэх хавар хөрс боловсруулахад шаардлагатай бууц, элс, хайргыг энд мөн авчирч буулгажээ.
Мод үржүүлгийн газруудад зориулан Баян-Өндөр сумаас олгосон эндэхийн 25 га газарт орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүний худаг гаргаж өгсөн байна. Одоо цахилгааны шугам татахаар шонгуудыг авчирч буулгасан харагдана. Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буй ААН, иргэдэд Орхон аймаг, Баян-Өндөр сум ийнхүү томоохон бодит дэмжлэг үзүүлсэн байна. Эрдэнэтээ ногооруулах гэсэн хүн бүхний хүсэл биелэг ээ.
Ж.ОЮУН