СТАНЫ ТЭМДЭГЛЭЛ

Станы орнууд гэхээр Киргизстан, Казакстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан гэж санаанд бууна. Нэрэнд орсон стан дагавар улс гэсэн үг бөгөөд Монголоор Хиргис, Хасаг, Узбек улс гэх мэтээр бичнэ. Эдгээрээс Хасаг, Узбек улсад зорчоод ирлээ. Энэ шийдвэр гэнэтийн байв. Гэхдээ тасралтгүй үйлдвэрт насаараа ажилласны хувьд гэнэтийн зүйлд бэлэн байх дадал суужээ. Эрчмийн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрээ ус, дулаан, цахилгаан, хийгээр тасралтгүй хангах үйлсэд тугалыг нь хариулж тугийг нь өргөлцөж яваа хүний хувиар үйлдвэрлэл тасалдах эрсдэл үүссэн гэнэтийн тохиолдол болгонд оновчтой шийдвэр хурдан гаргаж үр дүнтэй шуурхай ажиллахад суралцсаар явна. Тийм болохоор очих газрынхаа цаг агаараас эхлээд ойр зуурын мэдээлэл олж харчхаад мордлоо. Өглөөний 8 цагт Хөшгийн хөндийн Чингис хаан нисэх буудалд очсон байхаар тооцоолж Эрдэнэтээс шөнө хагаслан хөдлөхөд намар цагийн тогтуухан шөнийн тэргэл саран үүлний чөлөөгөөр булталзан наадаж эрхлүүлэн жаргаах эх орны минь сайхныг сануулан мэлтэлзэнэ. Заавал онгоцны буудлаас үднэ гээд эрхлэн дагах эхнэр минь хүртэл дотроо тээж явах эх орны минь хэсэг юм даа. Хөшгийн хөндий залгаад бударсан цас алсын аянд сүүн мөртэй явахын ерөөл өргөж байх шиг сэтгэлд гэгээтэй. Ийнхүү онгоцны буудалд ирж Узбек улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох уурхайн ажил, металл боловсруулалтын үзэсгэлэн, зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээ төлөөлөн оролцохоор томилогдсон нөхөдтэйгөө нийлэв. Уул уурхайн дэд бүтэц болох эрчмийн болон механикийг, технологийн автоматжуулалтын, чанарын хяналтын, аюулгүй байдлын гээд төрөл бүрийн мэргэжлийн төлөөллийг багтаасан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Хасаг (Казак) улсын Алмата хотыг дамжин Узбек нисэхээр мордож байгаа нь энэ. 


Хөшигтийн хөндийн нисэх буудалд анх ирж байгаа хүний хувиар тохижилт үйлчилгээг нь сонжоод овоо доо гэсэн бахархлаар өөрийгөө дүүргэв. Эв нь таарвал анхны цаснаар мордож ангийн мөр хардаг миний сонирхол албан томилолтод даруулаад өнгөрөх болж байгааг ганзага нэгтэй нөхдөдөө дуулгахаар нүүр номын хуудсандаа татал бичиж үлдээгээд мордлоо. Бид Хүннү Эйр компанийн эзэмшиж байгаа Бразил улсад үйлдвэрлэсэн 97 хүний суудалтай Embraer Е190-100 загварын агаарын хөлгөөр цастай өдрийн битүү үүлийг нэвтлэн хөөрч баруун зүгт нисэхэд Алтайн уулсын маань мөнх цаст оргилууд энэ их үүлсийг нэвтлэн гялалзаж байгаадаа гэж төсөөлөгдөнө. Харин үүлний сиймхийгээр нүцгэн уулсын дундах богино холын горхи бараадсан хэдэн гэр харагдахад бараг л хэнийх гэдгийг нь хэлчихмээр дотно санагдав. Шөнө машин жолоодсондоо нойроо ганзагалах миний зүүрмэглэлд онгоц үүлэн дээр тогтоод намайг бүүвэйлэн байх шиг дүнгэнэнэ. Онгоц алгуурхан доошилж эхлэхэд Хятад, Хиргис, Хасаг, Узбек, Тажикийн нутгийг дамнан сүндэрлэх Тяньшанийн уулсын мөнх цаст оргилууд очир гилбэрээ үүлэн дээгүүр гялбуулан өндөр сүрлэгээ гайхуулж эхлэв. Энэ л их уулаас эх авсан голын хөндий даган үржил шимийг нь хүртэж амьдрах хувьтай ард түмнүүдийн нэг бол Казахууд. Байр сууцны газраасаа бусдыг тариа ногооны талбай болгосон уулсын хоорондох хөндий үргэлжилсээр Алмата хоттой залгах юм. Алматагийн нисэх буудалд биднийг тосон албаны хүмүүс Ташкентын онгоц нисэх хүртэл хугацааг ашиглаад Алатау уулан дээрээс хотоо танилцуулахаар авч явав. 
Энэ хотын нэр зэрлэг алимын эх нутаг гэсэн утга бүхий Алма-алим, ата-эцэг гэсэн үгнээс гаралтай. Алим жимс чухам эндээс л торгоны замаар дамжин бусад улс оронд тархсан гэнэ. Бидний зорьж яваа уул бол жилийн 4 улиралд мөс, цас толботон алаглаж харагддаг учраас Ала-алаг, тау-уул, цаана нь харлаж харагдах уулыг Хара-хар, тау-уул гэж танилцуулав. Уул руу дүүжин бүхээгт сууж өгсөхөд хөл доор өнгөрөх хувийн сууцуудыг дээврийн хэлбэр өнгөөр нь хэдийн үед баригдсаныг ялгаж болохоор юм. Сүүлийн үед баригдсан сууцууд хэлбэр хэмжээ донж маягаараа эрхгүй ялгарна. Бидний хүрч очсон Алатау уулын энэ өндөрлөгт амарч зугаалах, аялж цэнгэхэд зориулсан бүхнийг цогцоор нь бүтээжээ. Алсыг харагч, ховор ховор сонин амьтдын бичил хүрээлэн, хотыг дурандах цэгүүд, кино театр, музей, худалдаа үйлчилгээ, тоглоомын цэгүүд, ногоон байгууламж, гээд зорьж ирсэн бүхний сонирхлыг татах гайхамшгийг бүтээж. Эрдэнэтийнхээ Сархиа уулыг ийм болгохсон гэдэг мөрөөдлийн гал асаж байна билээ. Энэ өндөрлөгөөс Алмата хотын байдлыг ажихад өндөр сүрлэг барилгууд багатай юм. Учир нь энэ хотын бүс нутаг газар хөдлөлтийн таван том хавтангийн уулзвар учраас аль Зөвлөлтийн үеэс л өндөр барилга барихыг хориглож иржээ. Нийслэлээ энэ хотоос шилжүүлсний нэг шалтгаан газар хөдлөлтийн аюул юм байна. Тийм болохоор 1911 оны газар хөдлөлтөөр цор ганцаараа тэсэж үлдсэн Христийн сүмийн сүрлэг сайхан барилгаа бахдан танилцуулах ялдамдаа энэ шашныхаа ач буяныг давхар хэлээд авч байна билээ. Харин сүүлийн үед газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барьдаг шинэ технологиудыг ашиглан өндөр сүрлэг барилгууд барьж байгаа гэнэ. Хөтөч маань 2 сая гаран хүнтэй энэ хотын зон олны амьдралд исламын шашны нөлөө ихсэж жаахан охид бүсгүйчүүд зөвхөн нүдээ ил гаргасан хар гивлүүр зүүн намигнах болсныг дургүйцсэн өнгөөр сонирхуулсан. Казахстаны хотууд бичдэг үсэг, шүтдэг шашин, баримтлах бодлого гээд олон юмаар Оросоос өөр болохоо харуулах гэж оролдож байгааг хэлээд авч байна лээ. Оройн зоогоос татгалзан байж танилцсан хотын байдалдаа сэтгэл цадаад Ташкентийг зорив. Шөнийн тэнгэрт одтой ханьсаж ниссэн болохоор газар орны байдлыг сонжих боломж олдсонгүй. Бид Ташкент хотод буусан буудалдаа шөнө хагаслан байж маргаашийн ажлаа төлөвлөөд өглөө эртлэн Самарканд хотыг зорихоор болов. 


Манай багийн ахлагч үйлдвэрийн маань ерөнхий механикч Б.Чинзориг манлайлан Самарканд хотод байх ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэлийн “SamAuto” компанийн үйлдвэртэй танилцаж Засвар, механикийн заводдоо ядаж өөрийн хэрэгцээний автобусаа угсрах том зорилго өвөрлөн мордож байгаа нь энээ. Б.Баасансүрэн дарга, мэргэжилтэн Б.Болорсүх нар хэзээ мөдгүй өөрсдийн гараар бүтээсэн автобусаар үйлдвэрийн ажиллагчдаа зөөх гэж байгаа юм шиг догдлохыг хараад ийм л зорилго томтой, мэдлэгтэй, бүтээлч хүмүүсийн гараар үйлдвэрийн маань ирээдүй дархлагдаж явааг төсөөлөхөд сайхан байлаа. Узбекстан улсын машин үйлдвэрлэлийн нэгэн том төв болоод байгаа Самарканд хот бол эртний Ром, Афин хотуудтай нас чацуу, төв Азийн хамгийн эртний хотуудын нэг юм. Төмөр хааны эзэнт гүрний сэргэн мандалтын төв болж байсан энэ хот руу 300-аад км авто замаар зорчиж Узбек улсын зүүн хэсгийн газар орны байдалтай танилцах завшаан олдов. Нүдэнд өртөх уул толгод, өндөрлөггүй ерөнхийдөө тэгш газраар явж Самарканд хүрэх юм. Тариа ногооны, тэр дундаа Зөвлөлтийн үеэс алдартай хөвөнгийн тариалалт хийсэн талбайнууд харагдана. Талбай бүрээ ойн зурвасаар хүрээлсэн байх нь битүү мод бутан дунд тариалангийн талбай засчихсан мэт харагдана. Талбайн захаар 40-50 хүрэхгүй цөөн тооны бараан зүсмийн том хонь хариулж яваа шилбүүр барьсан хоньчин, энэ тэнд 5-6 тоогоор аргамжиж орхисон үхэр таарах нь сонин. Илжиг тэрэг энэ тэндгүй таарна. Тосгон сууринуудад олон давхар байшин ер үзэгдэхгүй. Үүнийг хараад 1970-аад оны сүүлээр УБ орж үзсэн нагац ах маань олон давхар барилга хараад газар мундсан биш юунд л ингэж овоолж байх юм гэж хэлсэн нь санаанд бууна. Тосгон суурингийнхаа бүх айл өрхийг шар өнгөөр ялган будсан шатдаг хийн хоолойд холбосон байх юм. Хий нь цахилгаанаас хямд тул өргөн хэрэглээ болж чаджээ. Машин тэрэгнээсээ авхуулаад гал хэрэгтэй бүхэндээ хий ашиглах тул утаа тортог агаарын бохирдол гэж үнэндээ алга. 


Хураалтын үе нь таарсан тул зам дагуу анар жимс болон шүүсийг нь зарж байгаа цэгүүд зөндөө байна. Манай ХАБЭА-н хэлтсийн албаны дарга С.Алтанхуяг эндээс анар жимс аваачиж шүүсийг нь савлаад үйлдвэрийн ажилчдадаа өгдөг болох мөрөөдөл ярьсан нь даамжраад ерөөс Узбекийн үзэсгэлэн яармагаас хэдэн экскаватор ачаад буцах санааг Техникийн хэлтсийн Д.Очирбат хөгжөөхдөө мал аж ахуйн салбарт анхны төрийн шагнал хүртсэн анхдагчдын өлгий Булган нутгийн зоотехникч аавынхаа үйлсийг үргэлжлүүлж эндэхийн том хониноос бас ачаад явахаар хачирлав. Шинэ санааг түүчээлэгчийн удам гэсэндээ бас л задгай сэтгэж ярих юм. Сайн хүний удам аа гэж. Чанарын хяналтын хэлтсийн Д.Тунгалаг ногоо цагаанаас авхуулаад том техник, хонь мал юу ч зөөсөн чанарын асуудлыг хариуцахаар болж тооцоолон бодохын Х.Байгалмаа шаардлагатай тооцоо, программ хангамжийг гэх мэтээр төрөл бүрийн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй сайн сэтгэгчдийг багтаасан том баг яваа болохоор асуудлыг дор нь шийдэх, сүүлдээ хувийн онгоц хөлөглөөд буцахаар шинжтэй болоод Самаркандад ирэв. Ажлын зав чөлөөгөөр агуу Төмөр хааны бунхант сүм, Үлэгбек хааны удирдан байгуулсан одон орны төв гээд 13-14-р зууны үеийн түүхийг өнөөгийн бидэнд хадгалж ирсэн гайхамшигт өв соёлтой танилцав. Өрнө дорныг холбосон торгоны замын уулзвар Самарканд хотыг Араб согдуудын тэмцэлд туйлдаж байхад Чингисийн эзэнт гүрэн эрхшээснээр түүний Их засаг дор амар амгалан тогтож шинэ хөгжлийн эх тавигджээ. Энэ газрыг монголоороо тамгалсан дээдсийнхээ мөрөн дээр гишгэж яваагаар төсөөлөхөд бахдалтай. Төмөр хааны бунхант сүмийн 700-д жилийн настай модон хаалга агуу хааныхаа түүх рүү нэвтрүүлэх гэж өчнөөн хүнд нээгдсэний тоонд бид хэд нэмэгдсэн дээ. Франц улсын ерөнхийлөгч энэ хотод айлчилж таарахаар нь - Энэ нөхөр бидэнтэй зэрэгцээд юу хийж яваа юм гэж хөтчөөсөө асуутал - Чингис хаан Макроныг Төмрийнд хүрээд ир гэж дуудсан гэнээ хэмээн түгдрэлгүй хариулах нь Өндөр хааны алдрыг хүндэтгэсэн хэрэг байв. Энэ удаагийн томилолтоос Самарканд хот илүү ихээр сэтгэлд үлдсэний нэг шалтгаан энэ биз ээ. Харин Ташкент хотын Төмөр хааны цэцэрлэгт хүрээлэн, Ид шидийн орны усан оргилуурын шөнийн үзүүлбэр, худалдааны Чорсу захыг сонирхов. Энэ захын нийтийн хоолны газарт хонины толгой шийр, гэдэс дотрыг чанаад тавьсан байх нь манайхтай их төстэй юм. Узбекийн мөнгөний нэгж 12000 суум нь 1 доллартой тэнцэх тул том мөнгөн дүнтэй наймаа ярих хэрэг гарч байна лээ. Өдөртөө 18-22 градус дулаахан, намуун тайван давамгайлсан орчинд тааваараа үзэж харснаа дүгнэвэл өв уламжлал хийгээд хөгжлөөрөө бахархах Узбек түмний найрсаг занг онцолмоор санагдаж байна. Торгоны замын төв болж түмэн хэлийн наймаачидтай өгөлцөж, авалцаж сурсан уламжлал нь хаанахын хэн байхаас үл хамааран найрсаг харилцаа өрнүүлэх өвийг тээж үлдээсэн биз ээ. Баярлалаа найрсаг Узбек түмэнд. Буцахдаа Алмата хотын төвөөс захын хороолол хүртэл нийтийн тээврийн автобусаар өдөржин явсныгаа Их хурлын гишүүд ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж байгаатай зүйрлэн хөгжилдөөд буцсан даа. Захын хорооллын амьдрал ахуй манай Улаанбаатарын 100-н айл хавийн төрхтэй ойролцоо санагдсан шүү. Аялал өндөрлөж шөнө оройтон Улаанбаатартаа буухад эх орны минь элгэмсэл биднийгээ тэвэрч угтсан даа.

 Г.БАТМӨНХ. Эрдэнэт-Алмата-Ташкент-Самарканд-Улаанбаатар

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
3
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %