Орчин үеийн суурин иргэншилт хотууд хөгжлийн бодлогоо цахим, шилэн, тэгээд ухаалаг байхаар тодорхойлж байна. Эрдэнэт хот ч ухаалаг технологиор хөгжих тухай багагүй хугацаанд төлөвлөж, түүнийгээ бодитой ажил болгон хэрэгжүүлж буйн нэг жишээ нь “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр. Нийтээрээ ухаалаг утас хэрэглэж, ажил амьдралын бүх харилцаа “утсан дотор” буюу цахим хэлбэрээр зохицуулагдаж буй энэ үед чухлаас чухал хийж хэрэгжүүлэх ажил гэвэл энэ. Тэгвэл Эрдэнэт хотынхон өнөөдөр өөрийн гэсэн төлбөрийн систем бүхий ажил үйлчилгээний платформыг ашиглах боломж нээгдэж байна. Товчхондоо, Эрдэнэт хот ухаалаг хот болон хөгжих эх гараан дээр иржээ. “Бид хөтөлбөрийнхөө суурь ажил болох “Смарт Эрдэнэт” аппликейшнээ бүтээхдээ техник технологи, агуулга, хэрэглээний давуу тал гээд гүйцэтгэл ашиглалтдаа илүү анхаараад хэрэглэгчдэдээ мэдээлж, хүргэх маркетингаа сулруулсан байна. 3000 бизнес эрхлэгчийн мэдээллийг байршуулж, 60 мянган хэрэглэгчийг нэгтгэх зорилготой “Смарт Эрдэнэт” аппликейшныг Эрдэнэтчүүд өргөнөөр хэрэглэхэд бэлэн болсон” гэж Эрдэнэт ШУТП-ийн захирал, Цахим Эрдэнэт төслийн нэгжийн удирдагч Г.Энхбаяр яриагаа эхэллээ. Оюунлаг хот хэмээгддэг Эрдэнэт, ухаалаг Эрдэнэт рүү шилжиж байна.
“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг цаг үе, цахимжуулах төрийн бодлогоос нэг алхам түрүүлж, санаачилсан
- Түүх ингэж эхэлсэн гэдэгчлэн “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөрийн санаачилга, хэрэгжилт түүнийг тойрсон ахиц, бас хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь багцлаад асууя. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
- Эрдэнэт хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэх санаачилгыг анх 2017 онд гаргасан юм. Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн парк байгуулж, үүн дотроо хог хаягдлыг дахин боловсруулах, нийтийн тээврийг цахим төлбөрийн системд шилжүүлэх, гэр хорооллын дулаан хангамжийг био газаар шийдэх гэсэн гурван судалгааг хийж байсан. Үүнийг эхлээд судлаачид гаргаж тавьж байсан байр суурь л даа. Ер нь Эрдэнэт хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэх нь зөв зүйтэй гэдгийг бүх түвшинд, Засаг даргатай ч ярилцаж, санал солилцож байсан. 2020-2024 оны сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ч цахим ухаалаг хот байгуулах зорилтыг тусгасан. Ингээд энэ бүх талуудын санал, төслүүд аймгийн Засаг даргын 2021 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд батлагдаж, “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөрийг боловсруулах ажил эхэлсэн юм. Хөтөлбөрийг боловсруулах явцад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу ажлын хэсэг, мэдээллийн технологийн инженер, мэргэжилтнүүдийн багаас бүрдсэн дэд ажлын хэсгүүдийг тус тусад нь байгуулсан. Ингэснээр хууль эрх зүй, мэргэжлийн гээд аль аль талын бодлого чиглэлд нийцсэн хөтөлбөр боловсруулахад дөхөмтэй байв. Эрдэнэт хот том газар биш л дээ. Мэдээллийн технологийн хувьд авч үзвэл, Эрдэнэт үйлдвэр л мэдээллийн технологийн бүтэцтэй. Бусад байгууллагууд бол жижиг. Гэхдээ тэд тус тусдаа дотроо ухаалаг системтэй болох, техникийн шинэчлэл хийх санал гаргадаг. Бас салбар дагнасан байхаар санаачилгууд ч гарч байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг ухаалаг болгоё, гэх жишээтэй. Олон талын саналыг хэлэлцэж, олон ч хувилбар дэвшүүлсэн. Энэ бүгдийг нэгтгээд, дүгнэлт хийж үзсэн. Яг бодит байдал дээр олон талын саналыг хэрэгжүүлэх боломж тийм ч өргөн биш юм билээ. Үүнд гурван хүчин зүйл гарч ирсэн. Юу гэвэл, нэгдүгээрт хөрөнгө мөнгө, хоёрдугаарт цаг хугацаа бага, эцсийнх нь хэрэглэгчгүй байгаа нь. Хөрөнгө оруулалт эргэлтээ дагаж явдаг байтал манайх шиг ийм жижиг талбарт маш богино хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг бол боломжгүй л гэсэн үг. Тиймээс олон талын байр суурь, хувилбар, төсөөллөөс ердөө 5 хувийг нь л авч үлдье. Өөрөөр хэлбэл, хамгийн эхлээд нийгмийн хөгжлийн суурь үндэс нь “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр болох юм байна. Дараа нь 2024 оноос хойш илүү боловсронгуй хөгжүүлж, үргэлжлүүлнэ гэсэн шийдвэрт хүрч байсан юм. Ер нь манай аймагт цахим, ухаалаг болгох энэ ажлын эхлэл 2007 оноос төрийн байгууллагуудыг компьютер, техникээр хангах, 2014 онд шилэн кабель татаж, өндөр хурдны интернэтэд холбосноор үргэлжилж байв. Тухайн үед улсын хэмжээнд Эрдэнэт, Дархан хотуудын ухаалаг болох суурь дэд бүтцийн ажлууд ингэж хийгдсэн. Дараа нь 2021 онд өргөн цар хүрээнд судалгаа хийж, “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр гэж томьёолоод энэ хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн суурь хөгжлийн зүг чигийг тодорхойлохоор зорьж байгаа юм. Хөтөлбөрт 17 арга хэмжээ тусган хэрэгжүүлж байна.
- Орхон аймаг “цахим хот” болох санаачилгаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд хамгийн бодитой ажлууд хийж эхэлсэн гэж ярьдаг. Дорвитой ч хөрөнгө оруулалт хийсэн..?
- “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр батлагдаж байхад одоогийн Цахим хөгжил, харилцаа холбооны яам Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хэлбэртэй байсан. Яам байгуулагдаад 2022 оны 03 сард аймгуудад цахим болох тухай зөвлөмжийг хүргүүлж байв. Аймаг бүрд орон нутгийн цахим шилжилтийн мэргэжилтэн бий болгож, 2023 оны 7 сард Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүдийг байгуулсан. Мөн “Е-Mongolia” операторын нэгжтэй болгосон гэх зэргээр төрийн зүгээс цахимжуулах ажлуудаа эхэлсэн. Харин манай аймгийн хувьд “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөрөө хэдийнээ боловсруулаад, хэрэгжүүлээд явж байна. Нэг үгээр хэлэхэд, бид ухаалаг хот болох санаачилгаа эхэлж гаргаж байлаа. Хөрөнгө оруулалтаа ч шийдсэн. Орхон аймаг “Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөрт нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөснөөс эхний багцыг 2022-2023 онд зөвлөх үйлчилгээ, судалгаа, аппликейшн бүтээх зэрэг ажлуудад зарцуулахаар шийдсэн. Дараагийн багц хөрөнгө оруулалтаа 2024 онд нийгмийн сайн сайхан, аюулгүй байдал, түүнд хамаарах тоног төхөөрөмж зэрэг дэд бүтцийн ажилд зориулахаар төлөвлөж байна. Мэдээж, хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь зөвлөх үйлчилгээ, зөөлөн дэд бүтэц буюу мэдээллийн технологийн программ, систем үүсгэх чиглэлийн ажлуудад зарцуулагдсан. Үүнийг дагаад олон жижиг ажлууд хийгдэж байна. Ирэх онд гэрлэн дохио, камер, нийгмийн аюулгүй байдал, нийтийн тээврийн төлбөрийн систем гэх зэрэг дэд бүтцийн ажлуудаар хөтөлбөр үргэлжилнэ.
“Смарт Эрдэнэт” аппликейшн бүтээснээр төр, иргэний харилцааг ойртуулж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүллээ
-Цахим Эрдэнэт хөтөлбөрт 17 ажил багтсан гэлээ. Одоогоор эдгээрээс аль аль нь онцлохоор урагшилж байна вэ? Хөтөлбөрийн суурь нь “Смарт Эрдэнэт” аппликейшн гэж ойлгож байна.
- Манай хөтөлбөр “Смарт Эрдэнэт” платформ бүтээж, хэрэглээнд оруулахыг анхнаасаа зорьсон. Одоо хийгдэж буй хамгийн том ажил гэж үүнийг нэрлэнэ. “Смарт Эрдэнэт” платформыг бүтээхдээ Эрдэнэт хот маань өөрөө өнгөтэй, иргэд нь цахим ID-тай, дотроо энэ аппликейшнээр бүх төлбөр тооцоогоо хийдэг бүх нийтийн хэрэглээ нь болно гэж тооцсон. Одоо энэ аппликейшн маань хэлбэр дүрсээ олоод хийгдээд дууссан. Үүнийг хийсний давуу талыг гурван зүйлээр тодорхойлъё. 1-рт, иргэн төр лүүгээ хандахад маш хялбар болсон. Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдол өгөх, талархал илэрхийлэх, санал шийдэл гаргах, асуудал дэвшүүлж нийтийн эрх ашгийн төлөө дуугарах өргөн, цахим, шударга, шилэн сувгийг нээж байна. 2-рт, төр иргэндээ хандах боломж бүрдсэн. Тодруулбал, төр нь иргэнээсээ санал бодлыг нь асуухад хялбар болсноор төр иргэний хоорондох харилцааны асуудлыг шийдсэн. 3-рт, бизнесүүд дундаа ашиглаж, хэрэглэх боломжтой болж байна. Хувийн хэвшил дангаараа аппликейшн хийж, гаргана гэвэл хамгийн багадаа 100 сая төгрөгийн зардал гаргана. Ямар ч аппликейшн бүтээх нийтлэг зардал нь ийм. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй. Төлбөр тооцооны систем ороод ирвэл бүр ч төвөгтэй. Тиймээс Монголын бараг бүх бизнес фэйсбүүк дээр хийгдэж буй өнөө үед энэ дундын аппликейшныг ашиглаад явах нь эрсдэлгүй байх боломжтой. Смарт Эрдэнэт аппликейшн дээр 3000 бизнес байршаад, дундаа ашигладаг платформ болно гэсэн үг. Одоо бол “Смарт Эрдэнэт” аппликейшн бүрэн ажиллахад бэлэн болсон.
“Смарт Эрдэнэт” аппликейшн, орон нутаг өөрөө өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийсний үр шим
- Хувийн хэвшил ийм аппликейшн хийгээд ашиглахад зардал хөрөнгө өндөр, бусад эрсдэлүүд ч багагүй дагуулдаг байх нь. Ер нь төр хийж, хэрэглээнд нэвтрүүлэх нь ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
- “Смарт Эрдэнэт” аппликейшны жишээгээр энд тайлбарлая. Товчхондоо олон бизнесүүдийг дунд нь холбож, хэрэглэж чадах хэрэгслийг нь бий болгох гэж зорьсон. Хэрэв хийж өгөөгүй бол хэн нэг хүн өөрийн зардлаар хийх боломж туйлын хомс. Тиймээс төр энд хөрөнгө оруулалт хийсний гол ач холбогдол нь энэ. Нэг том компани аппликейшн хийлээ гэж бодъё, тэгвэл өөрийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанийн мэдээллийг тэнд байршуулах уу? Бизнесийн өрсөлдөөний зарчмаараа ч энэ боломжгүй. Тухайн компанийн хөрөнгө оруулалт, платформ, дэд бүтэц учраас өөрийн бизнесээ тэнд явуулна. Тиймээс дундаа ашиглах аппликейшныг нэг хувийн хэвшил гаргах боломж бараг байхгүй. Нөгөө талаас, нэг бизнесийн байгууллага өөртөө зориулаад гаргасан ч хэрэглэгч нь цөөддөг. Багадаа 100-200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цахим харилцааг үүсгэсэн ч хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй. Эрдэнэтэд ийм боломж бүрдээгүй. Тэгэхээр энэ боломжийг нь төр нээж өгье. Төрийн мөнгө нь энэ бизнес эрхлэгч, бас хэрэглэгчдийн дундын мөнгө. Үүгээрээ хэрэгтэй зүйлсээ авахад нэмэр болог гэж үзэж “Смарт Эрдэнэт” аппликейшныг бүтээсэн. Нөгөөтээгүүр, тухайн бизнес эрхлэгч иргэд гаднын систем ашиглах биш өөрсдийн дотооддоо хийсэн системийг түрүүлээд ашиглаад эхэлж байна гэсэн үг. Энгийнээр хэлэхэд, магадгүй 2030 оноос эхэлж авах боломжтой байсан үйлчилгээг Эрдэнэтчүүд түрүүлж санаачилж, хөрөнгө оруулсныхаа үр дүнгээр өнөөдөр буюу 7 жилийн өмнө авч чадлаа гэж тайлбарлаж болно. Мэдээж, энд иргэн хожно. Мөн мэдээллийн аюулгүй байдлын баталгааг сайжруулсан аппликейшн болж чадсан. Том утгаараа, орон нутаг өөрөө өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийсний үр шим гэж хэлнэ.
Эрдэнэт-Ус компанийн хэрэглэгчид бүх төлбөр тооцоогоо “Смарт Эрдэнэт” аппликейшн ашиглаж хийдэг боллоо
- “Смарт Эрдэнэт” аппликейшныг яг одоо татаж суулгаад ашиглаж болох уу? Бүрэн дуусаад, хэрэглээнд нэвтэрсэн гэж ойлголоо?
- Хандалт найдвартай, уулзах цэг болон техник талаасаа бэлэн болсон. Бид цаашдаа мэдээллийн баталгаатай суваг болгон ашиглах зорилготой. Иргэд орж, идэвхтэй хэрэглэдэг болох ёстой. Тэндээс үйлчилгээ авна. Иргэд төрд хандах, харилцах зэрэг үйлчилгээг бас авах боломжтой. Одоо эдийн засгийн, тухайлбал төлбөр тооцоо хийх системийн ажил хийгдэж байна. Тун удахгүй Эрдэнэт-Ус компанийн бүх төлбөрийн систем байршиж, хэрэглээнд орох гэж байна. Энэ үйлчилгээ нь маш бага шимтгэлтэй, таатай нөхцөлтэй. Хэрэглэгчид тоолуурын заалт, хэрэглээгээ оруулсны дараа Эрдэнэт-Ус хүлээж аваад, тооцоолол хийж буцаагаад нэхэмжлэхээ илгээнэ. Ингээд хэрэглэгч төлбөрөө шилжүүлж, и-баримтаа цахимаар авна. Цаашдаа энэ дэд бүтцээрээ бусад төлбөрөө мөн ингэж хийдэг болно. Мөн ирэх онд нийтийн тээврийн төлбөрийн систем энд хийгдэнэ. Одоо такси болон хүргэлтийн дуудлага үйлчилгээ бэлэн болсон байна. Манай энд байршсан такси дуудлагын үйлчилгээний хөлс “UB cab”-аас хямдхан. Түүнчлэн бизнес эрхлэгч нарын бараа бүтээгдэхүүний мэдээллийг байршуулж эхлээд байгаа. Хэдий чинээ олон бизнес байна, төдий чинээ хэрэглэгч, худалдан авагчдын тоо нэмэгдэнэ. Бас дахивар бүтээгдэхүүн авах, нийлүүлэх цэс бас суулгасан. Энэ төрлийн бизнес эрхлэгчид энд орж ирж байгаа. Ингээд тоймлоод хэлбэл, Смарт Эрдэнэт аппликейшн бүрэн хүчин чадлаараа хэрэглээнд шилжих гараан дээр, Эрдэнэт ухаалаг хот болох эхлэл цэг дээр ирээд байна. Нөгөө талаар, иргэд орон нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөх бүхий л өдөр тутмын хэрэглээнд зориулсан, төлбөрийн системтэй платформ гэж хэлж болно. И-Монголиа бол иргэн лавлагаа, тодорхойлолт, мэдээлэл авах үндэсний малгай платформ, Смарт Эрдэнэт бол өдөр тутамдаа ашиглах орон нутгийн систем юм.