О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө

Энэ удаа бид Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлттэй уулзаж, салбарынх нь ажлын бодлого, төлөвлөлт, шинэчлэлт, хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Өнөөдөр Боловсролын салбарын хөгжил, санхүүжилт хэр байна вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Ямар ч цаг үед боловсролын санхүүжилт хөгжингүй орны түвшинд хүрч чадсан уу гэвэл үгүй. Өнөөдөр бодит амьдрал дээр 960 хүүхдийн сургуульд 2400 гаруй хүүхэд хичээллэж байна. Ер нь 320 хүүхдийн барилга дотор хоёр ээлжийн 600 хүүхэд байгаа нь социализмын үеэс хэвшмэл болчихсон ойлголт. Ийм орчинд хүүхэд багачуудыг мэдлэг боловсролтой, зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх угаасаа боломжгүй. Дэлхийд тэргүүлэх топ улсад дүрэм журам яг стандартынхаа дагуу явдаг. Тэр хамран сургах тойргийн 900 хүүхдэд стандартаар нь хичээл орж, өдөр хооллоод, үдээс хойш өөрсдийг нь хөгжүүлэх урлаг спортын үйл ажиллагаанд хамруулдаг. Ингэж хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг бадрааж ажилладаг. Ийм боломж манайд хомс. Тэгэхээр эрүүл хүүхэд, тэгш боломж, хүүхдийн хөгжил төлөвшил төсөл хэрэгжүүлэх болсон нь энэ орон зайг нөхөх зорилготой. 
-Багш дэд хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд явна. Та төслүүдийнхээ хэрэгжилтийн талаар ярина уу?
-Манай аймгийн тухайд боловсролын салбараа дэмжиж тусалдаг. Хүүхдийн төлөө юм хийж бүтээе гэсэн зорилго дээр нэгдэж ажилладаг. Багш дэд хөтөлбөр 2020 оноос хэрэгжээд явж байна. Багш нарт хичээл сургалт явуулахад шаардлагатай нийгмийн асуудлуудыг эхний ээлжид шийдэж өгөх ёстой. Төр засгаас сургалтын үйл ажиллагаа ажил хөдөлмөрт нь анхаарсан зүйлүүд бий. Гэвч багшийн нийгмийн асуудал, цалингийн баталгаа, амьдарч байгаа орчин нөхцөл шаардлага хангаж байгаа эсэх, багшийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах ёстой. Иймээс Багш дэд хөтөлбөр хэрэгжүүлж тэдний нийгмийн болон эрүүл мэндийн асуудалд анхаарч, давтан сургах арга зүйг нь сайжруулах, гадаад, дотоодын сургалтад хамруулж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, тэргүүн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. Бидний санаачилсан Багш дэд хөтөлбөр Боловсролын шинэчлэлийн бодлоготой уялдан хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Манай аймаг түрүүлээд Багш дэд хөтөлбөр санаачлан багш нарын эрүүл мэндийн асуудлуудад анхаарч эхэлсэн. Тэгвэл багш нарын эрүүл мэндийн зардал болох БШУЯ-ны санхүүжилт сургуулиудад нь ирдэг болсон. Нөгөөтээгүүр цаг үе нийгмийн өөрчлөлтийг дагаад янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бий болсон. Эдгээр хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг гэрт нь хүргэхийн тулд тухайн сургуульд мэргэжлийн хүн зайлшгүй хэрэгтэй. Одоогийн байдлаар зургаан сургууль дээр “Тэгш боломж” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан төвийг үүсгэсэн. Энэ төвүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, давтан бэлтгэгдсэн багш нараар хангах ажлыг эхлүүлээд явж байна. Тухайлбал, хүүхэд зурсан зургаа компьютерт яаж график болгох, дизайныг нь хэрхэн гаргахад тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Биеийн тамирын хичээл дээр сүүлийн үеийн гимнастик аэробикээр хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэхэд сургалтын авсаархан, хөнгөн, энгийн хэрэглэгдэхүүн хэрэгтэй. Иймээс биеийн тамир, дуу хөгжим, зураг технологи, биологи гэсэн судлагдахуун хичээлийн кабинетад хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн баяжуулалт хийсэн. Жишээлбэл хүүхдүүд гидропоник гэдэг ургамлыг ангидаа тарьж, хичээлээр үзсэнээ бататган хүнсэндээ хэрэглэх гэх мэт туршилт хийгдэнэ. Ийм байдлаар боловсролын салбарт хийгээгүй зүйлийг хөрөнгө оруулалтуудаар хийгээд явж байна. “Эрүүл хүүхэд” төсөл амьдралын зөв дадал хэвшлийг хүүхдэд бий болгох зорилготой. Одоогийн байдлаар шүд эрүүл байх арга хэмжээг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд сүүн шүдийг эрүүл байлгахыг зорино. Дараа нь сүүн шүд байнгын шүдээр солигдоход түүнийг бүрэн бүтэн байлгах зорилт тавьсан. Шүд бүрэн хүн ходоод дотрын өвчин тусахгүй эрүүл байна гэж үздэг. Дээр нь биеийн тамираар хичээллүүлж бие бялдрын өв тэгш хүмүүжлийг хүүхдэд багаас нь суулгах зорилготой энэ төсөл хэрэгжиж байна.
-Манай аймагт багшийн хүрэлцээ хэр байна. Энэ тал дээр ямар бодлого барин ажиллаж байгаа вэ? 
-Нийгмийнхээ хөгжлийг дагаад улс үндэстний залуучууд сурч боловсордог. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч адилхан. Бид Америк, Япон, Хятадад ажил үүргийнхээ чиглэлээр туршлага судалсан. Манай аймагт зочилсон Герман, Оросын боловсролын төлөөлөгчидтэй уулзахад яг бидэнд тулгамдсан асуудлуудыг хөндөж байх жишээтэй. Тэгэхээр эцэг, эхчүүд залуужиж, цахим ертөнцийн хэрэглэгдэхүүн их болсноор хүүхдүүд гар утасны донтой болж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчинд зөв хандлагатай болох талаар яригддаг. Мөн эцэг, эхчүүдээс багш нарт ирэх дарамт, боловсон хүчний дутагдалд оруулах бас нэг шалтгаан болдог. Японд явж байхад эцэг эхчүүд хүүхдээ өмөөрөх, багш нарт үзүүлж байгаа дарамт зан харилцаанаас шалтгаалаад тэд өөр ажилд шилжих хандлагаас боловсон хүчний дутагдалд орж болзошгүй байна гэж ярьсан. Ийм асуудал манайд ч байна. Төрөлт тэлж тэр бүлэг хүүхдүүд гарч ирэхэд өнөөдрийн бэлтгэгдэж буй багш нарын хүрээнд боловсон хүчин дутагдахаар дүр зураг харагддаг.
-Энэ асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ?
-Одоогийн байдлаар манай аймаг 1100 багштай үйл ажиллагаа явуулж байна. Гэвч багшлах боловсон хүчний дутагдалтай. Тодруулбал эрэгтэй хөдөлмөрийн, дуу хөгжмийн багш дутагдалтай байна. Дээр нь бага ангийн болон байгалийн ухаан, математикийн багш нар дутагдах хандлагатай байгаа юм. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах зорилготой ЗГ-ын тогтоол гарсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатараас Эрдэнэтэд 20 мянган хүн татах бодлого хэрэгжихээр байгаа. Үүнтэй уялдуулан 20 мянган хүний, хүн ам зүйн бодлогыг гаргаж үзсэн. Эдгээр 20 мянган хүн ирэхэд таван мянган өрх нэмэгдэх нь. Энэ таван мянган айл өрхийн 1000 орчим нь ахмадууд байх нь. Тэгэхээр 20 мянган хүний бараг найм орчим нь хүүхдүүд байх тооцоо гарсан. Уг судалгааны явцад багшийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Архангайн Багшийн сургууль, Боловсролын их сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудтай уулзаж Эрдэнэтэд гарч буй ажлын байрны талаар танилцуулсан. Хэрвээ Эрдэнэтэд ирвэл багшийн ажлын гол хэрэглэгдэхүүн болох нөүтбүүкээр хангах, цаашид орон сууц, газартай болгох гэх мэт нийгмийн асуудлыг нь шийдэх байдлаар хандсан. Нөгөөтээгүүр Эрдэнэт рүү бусад хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөн байгаа. Тэр дунд Дархан шилжих үү, аль эсвэл Эрдэнэт үү гэсэн эргэлзээ хүмүүст гардаг бололтой. Тэгэхээр бид багш нарын цахим группүүдээр Эрдэнэтэд ирвэл ийм давуу талтай гэсэн мэдээлэл цацсан. Ийм мэдээлэл цацсаны үр дүнд 60 орчим багш манай аймагт шилжин ирж ажиллаж байна. Эдгээр хүмүүстэй багш нарын баярын үеэр уулзсан. Аймгийн болон боловсролын салбарын удирдлагууд ажлын амжилт хүсэж, санал бодлыг нь сонссон. Гэвч энэ үйл ажиллагааны хүрээнд асуудлыг шийдчихлээ гэвэл үгүй. Боловсролын их сургууль буюу багш мэргэжил сонгосон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг ЗГ-аас 100 хувь хөнгөлж байгаа. Өөрөөр хэлбэл багшийн ангид элсэн орсон хүүхдүүдэд тодорхой хэмжээний босго тавьсан. Энэ босгыг давсан хүүхдүүд ЗГ-ын 100 хувийн тэтгэлэгтэй багш мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллана гэсэн үг. Ийм хэлбэрээр багш бэлтгэх үйл ажиллагааг санхүүжүүлэн, дэмжих ажлыг эхлүүлээд байна. 
-Өмнө нь СӨБ-ын хууль, ерөнхий болон мэргэжлийн боловсролын хууль гараад цаг үедээ хэрэгжээд явсан. Зарим үед нэмэлт өөрчлөлт орж 30 гаруй жил боловсролын хуулиуд хэрэгжиж ирсэн байдаг. Энэ жилийн нэг онцлог нь боловсролын эрдэмтэд ТББ-ын хүмүүс нэг баг болж бүх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Боловсролын шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн талаарх таны бодлыг сонсъё?
-Энэ оны 7-р сарын 7-ны өдөр хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн боловсролын салбарын хуулиуд цогц хэлбэрээрээ батлагдсан. Дараа нь 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл 8-р сарын 3-ны өдрөөс боловсролын багц хуулийн эрх зүйн орчин бүх шатанд хэрэгжээд явсан. Боловсролын шинэчлэлийн хууль энэ салбарт шинэ сэргэлт авчирна гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнийг боловсролын шинэ сэргэлт гэж салбарынхан нэрлэсэн. Боловсролын шинэ сэргэлт, улс эх оронд шинэ үе, шинэ хөгжил авчирна гэж Ерөнхий сайд тодорхойлсон. Ер нь улс орон боловсролын шинэчлэлт, сэргэлтэд суурилж хөгжинө. Энэ бодлогын дагуу бид орон нутагтаа дэвшүүлсэн зорилго зорилт, шинэ хууль эрх зүйн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Өмнө нь сургуулиудад сургалтын алба буюу хичээлийн эрхлэгч, захирал сургалт хүмүүжлийн ажлаа хариуцаад явдаг бүтэцтэй байлаа. Тухайн сургууль сургалтдаа анхаараад, хүнийг хүн болгон төлөвшүүлэх хүмүүжлийн ажил орхигдох явдал ажиглагддаг. Нөгөөтээгүүр цаг үеэ дагаад хүүхдийн хүмүүжих орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдсөн. Үүнийг нь дэмжсэн эрх зүйн орчин байдаггүй. Иймээс шинэ хууль эрх зүйн хүрээнд сургуулиудад хоёр алба зэрэг ажиллаж эхэлсэн. Нэг нь сургалтын алба. Нөгөө нь хүүхдийн нийгмийн сэтгэл зүйн алба гэж. Энэ шинэ албанд нийгмийн ажилтан, хүүхдийн тэгш боломж хөгжлийг хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч, хоол зүйч, эмч ажиллаж байгаа нь онцлог юм. Ийм хүмүүсийн бүтэцтэйгээр сургууль дээр хүүхдийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж өгч байгаа. Мөн хүүхдийг хүнд нөхцөлд орсон үед сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тусалж дэмжих, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна.
-Монголчууд “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Энэ нь манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухааны ганцхан жишээ. Цэцэрлэгийн хүүхдийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарал тавьж байгаа вэ?
-Хүүхдийн 2-8 насанд ямар хүн болж төлөвших суурь тавигддаг. Эцэг, эхчүүдтэй уулзахаар тэртээ тэргүй хүүхэд том болоод амьдрал руу орно. Жаргал, зовлон тэр хүүхдийг угтах учраас чөлөөтэй тоглож наадаг гээд дур зоргоор нь эрхлүүлдэг чиг хандлага байна. Энэ нь нэг талдаа буруу дадал зуршлыг хүүхдэд бий болгодог. Тэгэхээр хүүхэд хоёр нас хүрлээ, хэлд орлоо, хөлд орлоо, хувцас өмсөж сурлаа. Энэ цагаас хувцсаа эвхэж тавиад сурчих ёстой. Ингээд аав, ээжтэйгээ зөв мэндэлж эх хэлээрээ зөв ярьж эхлэх хэрэгтэй юм. Манай эцэг, эхчүүд хүүхдийн орчинд маш их давтамжтай үгс хэрэглэдэг. Яг тэрийг хүүхэд хамгийн түрүүнд үгийн сандаа татаж авдаг. Телевиз үзэж суугаа аав ээж нь “no, yes” гээд харьцахаар тэр үг хүүхдийн ой ухаанд орчихдог. Түүний хажууд тийм, үгүй гэсэн үг хэлдэггүй. Энэ үйлдэл олон дахин давтагдахаар тэр хүүхэд “no, yes” гэж хэлд орох жишээтэй. Тэгэнгүүт манай хүүхэд англи хэлээр хэлд орлоо гээд эцэг, эхчүүд дэмждэг. Иймээс бид өдөр тутамдаа гэрт нь цэцэрлэг, сургууль дээр нь хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Цэцэрлэгт хүүхдийг хөгжүүлэх найман төрлийн үйл ажиллагаа явдаг. Тоо тоолж сургах, өнгө будаг ялгах гэх мэт. Энэ найман төрлийн суралцахуйн үйл ажиллагаанд цэцэрлэгийн багш нарыг системтэй бэлдэх арга зүйн сургалтуудыг Боловсролын Ерөнхий газар, Боловсролын Хүрээлэн, манай Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулж явуулдаг. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор манай аймаг анх удаа санаачлан цэцэрлэгийн багш нарыг хоёр ээлжээр ажиллуулж байна. Нэг талдаа багш нарын амьдралын асуудлыг шийдэж буй хэрэг. Нөгөө талдаа үйлчлүүлэгч буюу эцэг эх, хүүхдүүдэд боломж олгож байгаа явдал юм. Хоёр талд зэрэг үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Цэцэрлэгийн багш нар өглөө 7-оос орой 19 хүртэл ажилладаг. Энэ нь ямар ч хүний эрч хүч шавхагдах хугацаа. Хөгжингүй орнууд энэ асуудлыг хоёр ээлжид оруулаад шийдчихсэн. Манайд л хүнийг 12 цаг ажиллуулчхаад хоёр цагийн нэмэгдэл өгөөд явж байна. Үүнийг бид зоригтой шийдэж 30 цэцэрлэгийн 10-ийг нь хоёр ээлжид шилжүүллээ. Мөн Баянцагаан баг, зургадугаар микрийн оршин суугч эцэг, эхчүүд цэцэрлэгийн багшийг хоёр ээлжтэй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Эхний ээлжийн багш нар өглөө 07-оос өдөр 15 цаг хүртэл ажилладаг. Дараагийн ээлжийн багш нь үргэлжлүүлээд орой 19 цаг хүртэл ажиллана гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжийн цэцэрлэгийн багш нар ар гэр, бусад зүйлдээ цаг хугацаагаа зарцуулна. Ийм амьдралын боломж олгож байгаа. Энэ мэтчилэн СӨБ олгох багш нар норматив цагаараа ажиллалаа хүүхдэд зарцуулах эрч хүч, үйл ажиллагаанд нь үр дүн гарна.
-Багш нарын заах аргын талаар ямар өөрчлөлт гарч байна вэ? 
-Бид технологийн дэвшлийн зуунд амьдарч байна. Тэгэхээр боловсролын салбарын сургалтын заах арга зүйтэй технологийн дэвшил, цахим ертөнц хамааралтай болсон. 
Үүнтэй холбоотой сургалтын хэлбэр өөрчлөгдөж байна. Заавал танхимаар сурах шаардлага алга. Цахимаар сурах боломжтой. Хүүхэд, хүмүүсийн амьдралын хэв маяг өөр боллоо. Энэ бүхэнд нийцүүлж боловсролын үйлчилгээг танхим, цахим хосолсон хэлбэрээр явуулах боломжийг нээж өгсөн. Ингэснээр Эрдэнэтийн хүүхэд Улаанбаатарын хамгийн сайн багшийн хичээлийг үзэж, тэндээс суралцах боломжийг олгосон нь маш давуу тал. Medle.mn гээд манай Боловсролын салбарын маш том платформ бий. Энд 1-12 дугаар ангийн 23 мянган хичээлийг байршуулсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хамгийн сайн багш нарын цахим хичээлүүдийг 20 гаруй үзүүлэлтээр шалгаад medle.mn дээр байршуулсан гэсэн үг. Үүнийг ямар ч хүн авч ашиглах нь нээлттэй. Энд манай аймгийн багш нарын 400 гаруй хичээл байгаа. Манай аймгийн 13 дугаар сургуулийн багш Болор хамгийн их нийгмийн ухааны хичээл байршуулж шагнал авсан. 40 минутын нэг хичээл тухайн багш байршуулахад 100 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Тэгэхээр орчин үеийн дэвшилт технологиор шинэ хичээл явуулж буй багш орлого олох эх үүсвэртэй болж байна. 10 хичээл байршуулаад нэг сая төгрөг авах боломжтой. Мөн Мэдлээ дээр хүүхдийн судалж буй бүх сурах бичгүүдийг цахим хэлбэрээр оруулсан. Дээрээс нь интерактив хичээлүүд байршуулсан. Үүнтэй зэрэгцээд “хабрид” ажлын байрны асуудал яригдаж байна. Тухайлбал нэг багш хоёр ажил олгогчтой байж болно. Өөрийнхөө сургуульд хичээл заагаад дахиад нөгөө сургуульд цахимаар хичээл орох нь нээлттэй. Нөгөө сургуулийн багш дутагдалтай газар хичээл заах боломжтой. Цахимаар явуулсан хичээлийнхээ урамшууллыг 50 хувиар авна. Онолын хичээлийг гурван сургуульд зэрэг цахимаар орчхоод дадлага, лаборатори хичээлийг нь өөрсдөө удирдаад явахаар түүний урамшууллыг 100 хувь авна гэсэн үг. Энэ мэтчилэн багшийн хөдөлмөрлөх нөхцөлүүдийг нь чөлөөтэй тавьж өгсөн. Үүнтэй уялдуулан орон нутагт аймгийн шилдэг багш нарын хичээлийн даалгавруудыг ашиглан “Тоглонгоо суралцъя”, “Аз жаргалтайгаар гэрийн даалгавраа хийе” зэрэг сан үүсгэж эцэг эх, хүүхдүүдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү боловсролын салбарт цахим орчныг зөв ашиглах сургалтын шинэ арга зүйн хэлбэрүүд аймгийн СӨБ, ЕБС, МСҮТ, их дээд сургуулиудад нэвтрээд явж байна.
-Цаашдын зорилт юу вэ?
-Юун түрүүнд сургуулиудыг нэг ээлжтэй болгох. Одоогоор ЕБС-ийн 24 мянга гаруй хүүхэд байна. Манай сургуулиуд 14 мянга орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цаана нь дахиад 10 мянган хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байна. Эдгээрийг нэг ээлжид шилжүүлэхэд дор хаяж 960 хүүхдийн барилга 10 хэрэгтэй. Тэгэхээр сургууль л бариад байгаач ээ л гэж уриалах байна. Одоо аймгийн шинэ хот төлөвлөлтийн хүрээнд боловсролын салбарын 7 барилгын газрыг нэр дээрээ авчхаад байна. Тэгэхээр аль болох сургуулийг нэг ээлжинд шилжүүлж хүүхдүүд сургууль дээрээ тайван амгалан сурч, хүмүүжиж, төлөвших боломжоор хангахыг зорьдог. Энэ зорилт хэзээ нэгэн цагт биелнэ. Нөгөө талаар боловсролын салбарын шинэ сэргэлтийн хүрээнд сургуулиудын сургалтын чанарыг ахиулах зорилт тавьж байгаа. “Корона”-гийн үед нэлээн том цохилт өгч тодорхой хэмжээнд сургалтын хоцрогдол гарсан. Тэгэхээр өдөр тутам хүүхдэд орж буй 40 минутын хичээлийн чанарыг сайжруулах зорилт тавиад байна. Сүүлийн 4 жилд манай боловсролын байгууллагад орон нутгаас болон улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд цэцэрлэгийн бүх багш нар зөөврийн компьютерээр 100 хувь хангагдсан. Ийм хөрөнгө оруулалт аль ч аймагт хийгдээгүй. Мөн төрийн өмчийн сургуулиудын ширээ сандлыг 90 хувь иж бүрэн сольсон. Энд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан байгаа. ЕБС-ийн бүх багш нарын 70 хувийг хромбүүкээр хангасан. Ойрын хугацаанд үлдсэн хувьд нь худалдан авалт хийгдээд сургуулийн багш нар 100 хувь хромбүүкээр хангагдана. Бид сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой бүх сургуулиудад түвшин тогтоох шалгалтын тест засдаг машин авч өгсөн. Энэ төхөөрөмжийг ашиглан хэдхэн минутад 20 төрлийн үзүүлэлтээр бүх хүүхдийн түвшин тогтоох шалгалтын материалыг дүгнээд гаргачхаж байгаа. Гэх мэтчилэн боловсролын салбарт нэлээн хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Энэ боломжийг ашиглаад аймгийнхаа боловсролын салбарын нэрийн өмнөөс орон нутгийн удирдлагууддаа дахин талархлаа илэрхийлье. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %