Чөлөөт бөхийн “Мастерс” ангиллын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Лоутраки хотод 10-р сарын 18-25-нд болж, манай улсаас 16 тамирчин оролцжээ. Энэхүү тэмцээний 56-60 насны ангиллын 100 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин, чөлөөт бөхийн спортын мастер, “Хангарьд” спорт клубийн Үндэсний бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын харцага Нарангэрэлийн Саранцогт барилдаж, хүрэл медаль хүртжээ. Түүнтэй уулзаж тэмцээний талаар нь тодрууллаа.
Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе
Баярлалаа.
Та эхлээд уг тэмцээний талаар мэдээлэл өгнө үү?
Энэ нь Дэлхийн бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу Бөхийн чөлөөт барилдаан болон сонгомол бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тус тэмцээнд ABCDE болон 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 гэсэн 5 насны ангиллаар ангилал тус бүрдээ 62, 70, 77, 88, 100, 120 кг-ийн жинд дэлхийн 55 орны 780 гаруй тамирчин хүч чадал авхаалж самбаагаа сорьж, хүчтэй өрсөлдөөн боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин, Эрдэнэт хотоос гурван тамирчин оролцсон. Манай улсаас оролцсон тамирчдаас чөлөөт бөхийн төрөлд нэг мөнгө, таван хүрэл, нийт зургаан медаль авсан. Сонгомол бөхийн төрөлд 5 тамирчин оролцсоноос гурван хүрэл медаль хүртсэн.
Та аль улсын тамирчидтай таарч, хэрхэн барилдав?
Миний хувьд Е ангиллын болон 56-60 насны ангилалд 100 кг-ийн жинд оролцож, 12 улсын 12 тамирчинтай нэг жинд барилдлаа. Чөлөөт бөх өндөр хөгжсөн ОХУ, Казакстан, Турк, Иран, АНУ зэрэг улсаас нэг жинд 2 бөх оролцсон өрсөлдөөн ихтэй тэмцээн боллоо. Би нэгдүгээр тойрогтоо Румыны бөх Албутай барилдаж, 4:2 харьцаагаар яллаа. Хоёрдугаар тойрогтоо Туркийн бөх Баготой хүч үзэж, 6:1-ээр ялалт байгуулж, зооны аваргын төлөө Ираны бөх Хажабиранттай барилдан 3:0 харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөхтэй маш хүнд барилдаан хийж, 6:1 харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Та мастерс ангиллын Дэлхийн аваргын тэмцээнд өмнө нь оролцож байв уу?
Үгүй ээ. Анх удаагаа оролцож байгаа болохоор туршлага жаахан дутлаа. Гэлээ ч дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна.
Та бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
Манай Орхон аймгийн “Ирээдүйн одод” клубийн дасгалжуулагч Б.Идэрсайхан багш, энэ тэмцээний 2016 оны Дэлхийн аварга Г.Баатарсүрэн нараар барилдааны туршлага арга техникээ заалгаж, зарим үедээ “Хангарьд” спорт клубийн чөлөөт бөхийн дэвжээн дээр бэлтгэл хийсэн. Мөн Улаанбаатар хотын Спортын төв ордны нэгдсэн бэлтгэлд гарч, бэлтгэл хийж тэмцээнд оролцлоо.
Та Мастерс ангиллын Улсын гурван удаагийн аварга байхаа?
Тиймээ. Бас нэг удаа мөнгө, нэг удаа хүрэл медаль хүртсэн, Спортын мастер цолтой. Энэ удаа Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авснаар Олон улсын хэмжээний мастерын болзол хангаж байгаа.
Тэмцээний зардлыг улсаас гаргасан уу?
Энэ тэмцээнд манай улсын тамирчид хувийн зардлаараа явсан. Мандат олгох такс 510 швейцарь франк буюу хоёр сая төгрөг, замын зардал хоол унд гээд л зардал ихтэй. Үүнд Орхон аймгийн ЗДТГ тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Орхон аймаг дахь Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, найз нөхөд, хувь хүмүүс намайг дэмжиж тусаллаа. Энэ тэмцээнийг зохион байгуулахад оролцсон Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо Шенгиний виз гаргуулж, нэгдсэн журмаар бэлтгэл сургуулилт хийлгэж, сайхан зохион байгууллаа. Эдгээр хүмүүстээ баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.