Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Орон нутгийн чанартай уг авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм. Энэхүү замын ажлын явцын талаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяраас тодруулахад: “Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээний болон Эрдэнэт хотын ундны цэвэр усыг Сэлэнгэ мөрний ай сав газраас буюу 60 км-ийн цаанаас татаж ашигладаг. Гурван хос труба, дөрвөн ус өргөх станцаар дамжуулан Эрдэнэт рүү татдаг. Энэ чиглэлд технологийн замыг анх 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр тавьсан байдаг. Харин 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд энэ замыг шинэчлэн тавих ажлыг оруулж, батлуулснаар 2023 онд гурван ажлын багц тендер зарласан. Ингэснээр технологийн замын ажил эхэлсэн. Манай энэ технологийн замаар Ус хангамжийн цехийн өглөө оройны ээлжийн ажилчид болон пионерын зуслангийн хүүхдүүд, гэрээт цагдаа, дотоодын цэргийн харуул хамгаалалтынхан 24 цагаар үйл ажиллагаагаа явуулахын тулд зорчдог. Энэ утгаараа үйлдвэрийн хувьд маш чухал шаардлагатай технологийн авто зам юм. Уг замын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд нийт 64 км замыг асфальтаар хучиж, долоон гүүр засварлалаа. Нэг бетонон гүүр шинээр тавих ажил хийгдэж байна. Энэ зам засварын ажил 11-р сарын 1-нд дуусна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна. Энэ жилийн хувьд бороо хур ихтэйгээс ажил гүйцэтгэхэд амаргүй байлаа. Гэвч гүйцэтгэгч компаниуд батлагдсан гэрээний дагуу ажлаа чанартай хийж байна. Эрдэнэт үйлдвэр захиалагчийн хувьд энэ зам дээр гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаг. Мөн зөвлөх үйлчилгээг Ар Си Эс компани тавьж байгаа. Энэ технологийн замын өргөтгөл шинэчлэлт нь Хялганат, Хангал сумын иргэдэд таатай бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар Хангал сумын 2 километр замыг л асфальтаар хучаагүй үлдсэн байна. Энэ хоёр км газар зассан замаар явж байгаа. Бусад газраар иргэд асфальтан замаар зорчиж байна”гэв.
2023-12-09
Билгийн тооллын 27