Эрдэнэтчүүд орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевнаг Орхон аймгийн ИТХ-аас “Иргэний төлөө“ медалиар шагнасныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал өнөөдөр гардууллаа.
Степанова Светлана Иннокентьевна тус сургуулийн захирлаар 11 жил ажиллаад, нутаг буцах болжээ.
Энэ хугацаанд орос сургуулийн хамт олон Хиагтын аттестатчилалд хоёр удаа амжилттай орж, Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас гадна суралцагчдын тоо нь хоёр дахин нэмэгдсэн юм. Мөн алтан медальтай төгсөгчид олноор төрж, ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрх авсан залуус эрс нэмэгджээ.
Оросоор яригч дараагийн үеийг бэлтгэхэд, Монгол-Оросын найрамдалт харилцааг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн Степанова Светлана Иннокентьевнад Ерөнхий захирал Г.Ёндон Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт хамт олны нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, баяр хүргэлээ.