“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Энэрэл” төвийн ажилтан, хөнгөн атлетикийн спортын мастер Э.Ганбат Монгол Улсын нутаг дэвсгэрийг тойрон 2345 км замыг 25 хоногт туулж, өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт хотдоо ирлээ.
2023 онд тохиож буй Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойд зориулан хэт холын гүйлтийн спортыг сурталчлан таниулах, өсвөр залуу үеийнхэнд бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох үйлсэд үлгэрлэх зорилгоор “Спиртийг тэвчье, спортыг хөгжүүлье” уриан дор ийнхүү гүйжээ.
Тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэхийг үлгэрлэн үзүүлсэн түүнийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, гэр бүлийнхэн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, “Энэрэл” төвийнхөн угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Э.Ганбат нь “Энэрэл” төвд ах, эгч, дүү нарынхаа хамт хүмүүжсэн төдийгүй, өдийг хүртэл тус төвдөө зуслангийн харуулын ажил хийдэг юм.
Тэрбээр хэт холын марафон гүйлтээр 17 жил хичээллэж, аймаг, улсын олон тэмцээнд амжилттай оролцсоноос цөөхнийг нь дурдвал, 2013 онд УАШТ-ий 50 км-ын зайд гуравдугаар байр, 2019 онд 24 цагийн гүйлтийн УАШТ-д 167,7 км зам туулж дэд байр, 2021 онд “Уулын жим” УАШТ-ий 12 км-ын зайд дэд байр, “Бага хангай” УАШТ-ний 6 цагийн гүйлтэд 71496 км зам туулж, гуравдугаар байр, 2022 онд “Бага хангай” УАШТ-ний 100 км-т гуравдугаар байр эзэлж байжээ.