Энэ сарын 22-нд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс санаачлан үйлдвэрийн газрын санхүүгийн ажилтнууд, нярав болон эд хариуцагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав. Сургалтад 100 гаруй хүн хамрагдсан бөгөөд нярвын анхан шатны баримт маягтуудыг хэрхэн хөтлөх, бараа материалыг хэрхэн ангилж бүртгэх, тухайн программыг яаж ашиглах, эд хариуцагч нарын үйл ажиллагаанд мөрдөх хууль, тушаал заавруудыг товч танилцуулав. Мөн учирч болох эрсдэлийг тооцох, аудитын шалгалтаар эд хариуцагч нартай холбоотой гардаг нийтлэг зөрчлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэн санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Эд хариуцагчийн дүрэм”, “Боловсролын олон улсын стандарт, барааны нэр төрлийн бүтэц түүний хангамж”, “Бар код, түүнийг хэрэглэх арга замууд” сэдвээр тус тус мэдээлэл хийв. Ахисан түвшний уг сургалтыг ММНБИ-ийн Орхон салбарын менежер, багш Д.Отгонбаатар, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн НББ-ийн тэнхимийн багш, докторант С.Отгонсүрэн нар удирдан явуулсан юм. Энэхүү сургалтыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Орхон аймаг дахь салбартай хамтран зохион байгуулжээ.
Цаашид сургалтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтад хамрагдсан хүмүүст гэрчилгээ олголоо. Энэхүү сургалт онол, практик хосолсон хэлбэрээр явагдсанаараа чухал ач холбогдолтой боллоо” хэмээн СНББХ-ийн ахлах нягтлан бодогч Т.Очирхүү онцлов.