“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны А/449 дүгээр тушаалаар Хүний нөөцийн шинэчилсэн бодлого батлагдлаа. Хүний нөөцийн 9 зорилт, 33 заалт бүхий энэхүү бодлогын онцлог хийгээд хэрэгжүүлэлт, үр дүнгийн талаар Захирлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхболдоос тодруулсан юм.
-Юуны өмнө хөгжлийн 45 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн чиглэлээр тодорхой ямар бодлого баримталж ирсэн талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа хүний нөөцийн талаар тодорхой бодлогууд баримталж ирсэн. Товчхон хэлэхэд, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 304 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн барилгад МХЗЭ-ийн залуучуудыг илгээлтээр ажиллуулах үндсэн нөхцөлийг баталж, Монгол орны өнцөг булан бүрээс залуусыг Эрдэнэтийн бүтээн байгуулалтад татан оролцуулсан байдаг. 1975 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 60 дугаар тушаалаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөгөөний дагуу белаз, бульдозер, экскаваторын жолооч, тэсэлгээчин, цахилгаанчин, өрмийн машинч зэрэг мэргэжлээр тухайн үеийн ЗХУ-ын томоохон уурхайнуудад Монгол ажилчдыг дагалдуулан сургаж байсан. Мөн оны 9-р сарын 13-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 63 дугаар тушаал, зөвлөлийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн дэргэд 105 хүнийг сургах хүчин чадал бүхий ажилтан бэлтгэх Сургалтын төв байгуулсан нь одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн анхны бааз суурь байсан юм.
-Ардын армид алба хаасан цэргүүдийг Эрдэнэт үйлдвэрт ажилд авч байсан баримт байдаг. Энэ талаар..?
-1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын үед шаардагдах мэргэжилтэй ажилчид бэлтгэх тогтоол гарсан байдаг. Мөн оны 2 дугаар сарын 19-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 51 дүгээр тогтоол гарч, Ардын армид алба хааж, халагдсан цэргүүдээс жил бүр 150 хүнийг Эрдэнэт үйлдвэрт үндсэн ажилтнаар элсүүлэх шийдвэр гарсан нь хүний нөөцийг бэлтгэх бодлогын түүхэн баримт бичиг болсон. 1981 оноос эхлээд Монгол ажилтныг Орос мэргэжилтэнд дагалдуулан сургах боловсон хүчний бодлого хэрэгжиж, багш-шавийн барилдлага тогтоож ажиллуулсан байдаг. Эдгээр түүхэн баримт бичгүүдээс үзэхэд Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдсан цагаасаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлоготой байжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрт инженер техникийн ажилчид бэлтгэх зорилгоор ОХУ-ын Политехникийн дээд сургуулиудад дээд мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, сургасан.
-2005-2015 онд Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хөгжил дэвшил хүнээс эхэлнэ” гэсэн хүний нөөцийн бодлого тусгалаа олж хэрэгжиж байсан. Агуулга тун тодорхой байсан санагддаг..?
-Тийм шүү. Тухайлбал, Байгууллагын соёл нь эвсэг, хүнлэг, хөдөлмөрч хамт олон, Цалин хөлс нь баталгаатай, өндөр цалин хөлс, Шагнал, урамшуулал нь нээлттэй, шударга үнэлгээтэй, Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь сонгон шалгаруулах, хөдөлмөрийн харилцаа үүсгэх, шалгах, шагнах, урамшуулах, цуцлах, шийтгэх, Ажлын байрны хувьд таатай орчин, эрүүл, аюулгүй ажлын байр, тоног төхөөрөмж, Нийгмийн хөтөлбөрийн хувьд буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, орон сууц, гэр бүлийн дэмжлэг, Сургалт нь мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил, давтан сургалт, хувь хүний хөгжил, Бүтээмжийн хөтөлбөр нь сайн саналын систем, бүтээмж чанарын дугуйлан, 5 сайн үйлс, Карьер менежментийн хувьд нөөцөд бүртгэх, бэлтгэгдэх, сургалтад хамрагдах, албан тушаалын төлөвлөлт гэсэн агуулгатай бодлого хэрэгжиж байсан.
-Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор хүний нөөцийн бодлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Ингэхдээ хүний нөөцийн бодлогыг тухайн үндсэн чиглэлийн 12 дугаар зүйл болгон оруулж баталсан юм. Тогтвортой хөгжлийн бодлогыг үндсэн чиглэлийн эхэнд оруулж өгсөн. Үйлдвэрийн хүний нөөцийг авьяас, сонирхолд нь тулгуурлан зөв байршуулах, шинэ ажилтнуудын мэдлэг, чадварын түвшнийг оновчтой тодорхойлон, тэднийг богино хугацаанд дадлагажуулан, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй ажилтан болгон хөгжүүлж, хүний нөөцийн шинэ менежментийг нэвтрүүлнэ... гэсэн бодлогыг тогтвортой хөгжлийн бодлого дотроо оруулж өгсөн. Мөн үндсэн чиглэл дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн зорилго, зорилтуудыг оруулсан. Тэнд "хүн капитал"-ын өгөөжийг дээшлүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилго бий. Энэ зорилго дотор удирдлагын манлайлал, сэтгэлгээг хөгжүүлж, үйлдвэрийн газрын соёлыг төлөвшүүлэх, процессын удирдлага, реинженерингийн арга зүйг хэрэгжүүлэх, цалин хөлсний системийг сайжруулах, ажлын байрны үнэлгээг шинэчлэн тогтоох, ажиллах хүчийг сэлгэн ажиллуулах, дахин байршуулах механизмыг бүрдүүлэх, шинийг эрэлхийлсэн бүтээлч хамт олныг төлөвшүүлэх гэсэн дөрвөн зорилт орж ирсэн байгаа. Бид сая шинээр батлагдсан Хүний нөөцийн бодлогыг боловсруулахдаа зорилго, зорилтуудыг баяжуулж, залгамж чанарыг хадгалсан.
-Хүний нөөцийн шинэ бодлогын онцлог юу вэ?
-Хүний нөөцийн бодлогод Хууль, эрх зүйн шаардлагыг хангах, сайн засаглалыг тогтоох, удирдлагын манлайллыг хангах, мерит зарчмыг баримтлах, залгамжлалын бодлого хэрэгжүүлэх, ажлын байрны чадамжийн стандартыг мөрдөх, ажилтны чадамжийн үнэлгээг үндэслэн сургах, цалин хөлстэй уялдуулах, тасралтгүй сайжруулалтыг хийх зэрэг олон шинэлэг агуулгыг оруулснаараа онцлог болсон. Үүнээс гадна ажилтнуудад хэрэгтэй хэд хэдэн шинэ заалт орсон. Тухайлбал, хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудын оролцоо, зөвлөгөөг хангах гэсэн зорилт оруулсан. Мөн ажлын байрны чиг үүргийг оновчтой болгох, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд ажилтнуудын оролцоог хангаж, санал санаачилга, зөвлөгөөг хэрэгжүүлнэ гэсэн, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилтнуудын нээлттэй ярих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах гэсэн заалтууд орсон байгаа.
-Ингэхэд хүний нөөцийн бодлогыг шинэчлэх ямар шаардлага үүссэн бэ?
-Удирдлагын баг Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн олон улсын ISO30400 багц стандарт хэрэгжүүлэх зорилго тавьж ажилласан. 2019-2021 онд энэ стандартыг хэрэгжүүлэх алхмуудаа хийгээд, шаардлагуудыг хэрэгжүүлээд, Олон улсын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж, баталгаажуулалт хийдэг, Франц улсад төвтэй "Афнор групп" компаниар 2022 оны 10-р сард баталгаажуулалт хийлгэсэн. Баталгаажуулалт амжилттай болж, бид гэрчилгээгээ авсан. Энэ стандартын баталгаажуулалт хийгдэж байхад Хүний нөөцийн бодлогоо илүү тодорхой болгоод, ажилтнуудад ойлгомжтой, оролцогч талууд буюу Эрдэнэт үйлдвэртэй бизнесийн бүх талын харилцаанд орж байгаа хүмүүст нээлттэй болгох нь зүйтэй гэсэн зөвлөмжийн дагуу бодлогын баримт бичгийг Ерөнхий захирлын 2023 оны А/449 дүгээр тушаалаар баталгаажуулсан. Бид www.erdenetmc.mn сайт дээрээ Хүний нөөцийн бодлогоо ил тод байршууллаа. Мөн байгууллагын хүрээнд ойлгож хэрэглэх гэсэн стандартын шаардлага байгаа. Бид хүний нөөцийн бүх мэргэжилтнүүддээ дотоод сүлжээгээр хүргэж, мэдээллээ өгсөн. Ингэснээр хүний нөөцийн бодлогыг танилцуулах, хэрэгжүүлэх ажил эхэлж байна.
-Хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Бодлого бол шийдвэр биш, харин шийдвэр гаргалтын дүрэм гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахдаа баримтлах удирдамж, зөвлөмж юм. Хүний нөөцийн шинэ бодлого батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах бүрэлдэхүүн, бүх шатны ажилтнууд нэгдсэн нэг ойлголттой болж, хүний нөөцийн чиглэлээр шийдвэр гаргахдаа энэ бодлогоо баримтална л гэсэн үг. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрт хамгийн чадамжтай ажилтныг ажилд авна гэсэн бодлого байна. Чадамжтай ажилтан гэж хэнийг хэлэх вэ гэхээр тэр чиглэлээрээ өндөр мэдлэгтэй, ур чадвартай, зөв харилцаа хандлагатай, ёс зүйтэй байхыг чадамжтай хүн гэж үнэлж, хэлээд байгаа юм. Энийг баримтлах ёстой, нэг талаас Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилтан авахдаа сонгон шалгаруулалтаар авна гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр сонгон шалгаруулалтаар хамгийн чадамжтай хүнийг Эрдэнэт үйлдвэрт ажилд авах юм байна гэдэг нь бодлогоороо ойлгомжтой болж байгаа юм. Хүний нөөцийн тодорхой бодлогыг хүний нөөцийн стратеги, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр дамжуулан хэрэгжүүлэх болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0