Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон ажилтнуудынхаа хүүхдүүдэд ээлжит бэлгээ барилаа. Тус цехийнхэн жил бүр хүүхдүүдээ аав, ээжийнх нь ажлын байранд урьж, уурхайн ажил хэрхэн өрнөж, газрын хэвлийгээс эрдэнэс олборлох гайхамшгийг үзүүлдэг. Энэ уламжлал ёсоор өнөөдөр ажилчдынхаа 8-16 насны 200 гаруй хүүхдийг уурхайтай танилцуулан, уулын тэсэлгээг үзүүллээ.
Ингэхдээ өмнөх жилүүдэд аав ээжийнхээ ажил дээр ирж байгаагүй хүүхдүүдийг сонгож, давхардуулахгүйгээр эл арга хэмжээндээ хамруулдаг аж. Энд зочлох нь хүүхдүүд аав ээжийнхээ ажлаар бахархах, мартагдахааргүй сайхан дурсамж болон ойн тойнд нь үлддэг учраас хүүхдийн баяр бүрээр тус үйл ажиллагааг зохион байгуулна гэж Ил уурхайн арга зүйч Н.Нандинцэцэг ярилаа.
Мөн тус үйл ажиллагаанд ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүд ажлын байрны дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөн эрхэм зүйл урианд хамтдаа нэгдлээ.
Ил уурхайгаас зохион байгуулж буй хүүхдийн баярын цуврал хөтөлбөр нь энэ сарын 28-ны ням гаригт “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд олон хэлбэрийн тэмцээнээр үргэлжилнэ. Түүнчлэн 6 сарын 3-нд аав ээж, хүүхдүүдийн дунд “Хөгжилтэй буухиа” уралдааныг зохион байгуулах ажээ.