Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Ээлжийн мастер Цэрэнтогтохын Батдоржийг урилаа. Тэрээр “Манай хэсгийн дарга, орлогч нар сайн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд. Шинээр ажилд орж буй залуус идэвх санаачилга сайтай байна. Иймээс би хэсгийнхээ хамт олныг ямар ч ажлын ард гарч чадна гэдэгт бат итгэдэг. Хоёр том бүтээн байгуулалт хийчихсэн хамт олон. Ажлын арвин дадлага туршлага хуримтлуулж, эв нэгдэлтэй ажиллаж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллуулж чадлаа” хэмээн хамт олноороо бахархах. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
-Таны удам судрын талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Бидний дээд өвөг бол Хошуу ноёны түшмэл явсан хүн. Хошуу тамгын газрын бичээч Банди гэж. Түүний хүү Б.Аюуш Ардын хувьсгал ялсны дараа сумын анхны Засаг даргын алба хашиж явсан түүхтэй. Аюушийн хүү Батбаяр нь сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар олон жил ажилласан байдаг. Түүний хүү нь миний төрсөн аав Батбаярын Цэрэнтогтох. Насаараа нэгдлийн нягтлан бодогчоор ажилласан. Манай удмынхан амьдарч буй нийгэмдээ тодорхой ажил алба эрхэлж, өөрсдийн байр сууриа эзэлж явсан байдаг. Ийм л удмын хүн дээ би. Манайхны нэг чанар бол зарчимч, шударга зантай.
-Төрүүлж өсгөсөн аав ээж, унасан газар, угаасан усныхаа талаар ярина уу?
-Нутаг орны хүмүүс аавын талаар их ам сайтай байдаг. Ноён нуруутай, нягт нямбай, ажилсаг хүн байсан гээд ярихыг бусдын амнаас бишгүй сонссон. Энэ үнэлэмж надад маш сайхан санагддаг. Ер нь миний аав “Төрийн минь сүлд өршөө” гээд л ажлаа сайн хийх талаар захиж сургадаг байлаа. Өөрөө их хөдөлмөрч. Хятад хар сампингийн дуу одоо ч миний чихэнд сонсогдох шиг болдог. Тоог ямар гоё уянгалуулан дуудна гээч. Ийм дуу чимээнд л өслөө шүү дээ. Би Завхан аймгийн Их уул сумын уугуул. Миний төрсөн нутаг байгалийн үзэсгэлэнт газар элбэгтэй. Хүний нүд хужирлахаар нутаг. Сүрэг мал ихтэй. 1995 онд гурван түмэн сарлагийн баяр хийж байлаа. Хайнагийн шараа хөлөглөөд л буурь сэлгэн нүүцгээнэ. Мал ихтэй болохоор отор нүүдэл их хийнэ. Зун, намарт гарсан жаахан өвсийг нь олон мал идчихдэг. Тэгээд нийтээрээ өвөл нь отор хийх болдог. Отор нүүдэл хийх чинь малчин хүний тэвчээр шалгасан ажил. Архангай, Баянхонгорын нутаг руу 200-300 км газар отор хийж, намар гараад хавар ирнэ шүү дээ. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Тиймээс дөрвөн улирлын байгалийн хувирал өөрчлөлт манай нутгийнхныг хөдөлгөөнд амьдруулдаг. Миний аав, ээж ч ялгаагүй тийм орчинд өссөн учраас их хөдөлмөрч. Ялангуяа миний ээж малд их хайртай хүн байсан. Үхэр тугалдаа нэр оноогоод өгчихнө. Тэднийгээ нэрээр нь дуудаад л саах жишээтэй. Манай аав ажлын төлөө л төрсөн хүн. Ажлыг л сэтгэлээрээ сайн хий гэдэг зарчимтай. Амьдрал дээр зааж сургасан бүхнийг нь биелүүлэхийн төлөө л явж байна. Манай хоёр хөгшин зуны дэлгэр цагт сүү цагаан идээ бэлтгэнэ. Түүнийгээ үр хүүхэд бидэнд хуваагаад өгчихдөг сөн.
-Тэгвэл та аав, ээжийнхээ алийг нь илүү дуурайсан бэ?
-Аль алиных нь үйл хөдлөл, зан ааш явдаг юм шиг. Гадна төрхөөрөө аавтайгаа төстэй болоод байгаа. Нас ахиад аавыгаа үгүйлээд ч тэр үү, бүү мэд. Харин дотоод сэтгэл зүйн хувьд ээжтэй төстэй.
-Тэгвэл таны бага нас хэрхэн яаж өнгөрөв. Та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ?
-Өвөл цас, мөсөн дээр гулгаж өссөн. Хүүхэд бүхэн цана, тэшүүрээр гулгана. Манай нутагт цас их унана. Их хүйтэрнэ. Уур савсуулсан түнтгэр улаан нөхөд л гол дээр гулгаж өнжинө шүү дээ. Хацар нүүр бага зэрэг хөлдөхийг тоох ч үгүй. Энэ дурсамж л сэтгэлд тод үлдэж. Миний үеийнхэн ном их уншина. Сумын номын сангаас салдаггүй байлаа. Би ч ялгаагүй ном их уншсан. Миний хувьд Ж.Пүрэвийн “Манан будан” романыг энд тэндээс нь бүр цээжилчихсэн явлаа. Би аав, ээжээсээ наймуулаа. Айлын отгон банди. Дээрээ нэг ахтай. Бусад нь миний эгч, охин дүү нар. Төрсөн ах маань цэргийн хурандаа цолтой цэргийн хүн. Гавьяаныхаа амралтад гарсан.
-Яаж яваад Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбочхов оо?
-10 жилийн дунд сургуулиа дүүргээд ШУТИС-ийн Баяжуулалтын инженерийн ангид элсэн орсон. Анх ямар онцлогтой, ямар ач холбогдолтой мэргэжил болохыг мэдэхгүй явлаа. Одоо бол энэ мэргэжлийг эзэмшсэндээ, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж яваадаа баяртай байдаг. Эрдэнэтэд би ах дүүгээ бараадаж ирээгүй. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийнхээ үр дүнг үзэх гэж ирсэн. Тухайн үед гэр бүлтэй болчихсон байлаа. Эхлээд ганцаараа нэг үүргэвч хувцастай л ирсэн. Тэгээд ажил төрөлтэй болчхоод эхнэр, хүү хоёроо татаж авчирсан. Айлын хажуу өрөө хөлслөөд амьдарч эхэлсэн. Залуу гэр бүлд тохиолддог бүх амьдралыг туулсан гэж боддог. Дээд мэргэжил эзэмшээд Эрдэнэт үйлдвэрт 1998 оны хоёрдугаар сарын 15-нд ажилд орж байлаа. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хамт олны дунд 25 дахь жилдээ ажиллаж байна. Эхлээд тээрмийн машинчаар таван жил ажилласан. Ээлжийн мастераар 20 жил ажиллаж ирлээ.
-Таны ажлын онцлог юу вэ?
-Ээлжийн мастер бол хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог. Ажиллаж буй техникийн бүрэн бүтэн байдал, хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг.
-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун явна?
-Хангалуун явдаг. Хөдөлмөрлөж яваа хүн сайхан амьдардаг нийгэм. Энэ бор уулын буян их. Олон ч хүнийг тэжээж байна даа.
-Таны хобби юу вэ?
-Сайхан унаган байгальтай газар төрж, өссөн болохоор гэр бүлээрээ аялах дуртай. Чөлөөт цагаараа явган алхаж аль болохоор байгаль дэлхийтэйгээ харьцахыг боддог.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Манай эхнэр, бид хоёр нэг ангийнх. Нэг ангид сурч явсаар гэр бүл болсон. Бидний хувь тавилан ийм. Манай гэр бүлийн хүнийг Цэрэнбадамын Энхмаа гэдэг. Багш мэргэжилтэй. Миний гаргасан өчүүхэн амжилтын ард ханийн маань нөмөр түшиг бий. Сайхан хамт олон, сайн ханийн хүчинд өдий зэрэгтэй явна. Манай гэр бүлийн хүн багш мэргэжилтэй. 20 гаруй жил ажиллахдаа 200 гаруй шавьтай болсон. Тэдэнд анхны А үсэг заасан ачит багш нь. Манайх гурван бандитай. Том нь санхүүч мэргэжилтэй. Б.Бадамрагчаа гэдэг. Удаах нь Б.Бадамжүгдэр. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Баяжуулагч инженерийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан. Аавынхаа мэргэжлийг эзэмшихээр суралцаж байна. Отгон хүү Б.Сүлд 4 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Миний хань чинь дархан бэр.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны багш нар ямар арга барилаар зааж сургаж байв. Та бусадтай ямар харилцааны зарчим барьж ажилладаг вэ?
-Үйлдвэрийн анхдагч нар бидэнд ажил хийх арга барилыг практик сэтгэлгээгээр зааж сургасан. Тэр хүмүүс амьдрал дээр үзэж дуулсан нь их байж. Одоо залуучууд харьцангуй боловсролтой, хөгжлөө дагаад мэдлэг, мэдээлэл олж авах суваг их болсон. Тиймээс хүмүүстэй цаг үеийг нь мэдэрч харьцдаг. Тэгэхээр амьдрал, практикийг хослуулж хугацаа алдахгүй ажилд нь сургаж дадлагажуулах шаардлагатай гэсэн зарчим баримталдаг.
-Манай үйлдвэрт Бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд олон жил боллоо. Энд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Бид ээлж хамт олноороо жижиг сайжруулалтын болон төсөлт ажил хэрэгжүүлдэг. Бүтээмжийн хөдөлгөөн өрнөснөөс хойш бүх үйл ажиллагаанд нь манай Б.Мишээл ахлагчтай “Сэтгэмж” дугуйлангийнхан маш идэвхтэй оролцож ирсэн. Бид хагас жилээр ажлаа дүгнэдэг. Дараагийн хагас жилд хийх ажлаа төлөвлөдөг.
-Он удаан жил нэг газар ажиллахдаа юу таньж мэдэв. Яг юу сурсан бэ?
-Цаг үеэ дагаад хүмүүсийн боловсрол, ааш зан өөрчлөгдөж байгааг би дээр дурдсан. Иймээс бид ажлын талбар дээр нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах ёстой. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө чармайн ажиллах үүрэгтэй. Энэ хоёр чухал зарчмыг барьж ажилладаг. Ер нь амжилт гаргахад ээлж хамт олны эв нэгдэл чухал. Манай ээлжээс дөрвөн мастер төрсөн. Тухайлбал Ц.Гантулга, М.Шижирбаатар, Б.Мянганбаатар, Б.Санваадорж нар технологийн ээлжүүдийг удирдлагаар ханган ажиллаж байна. Эдгээр хүмүүстэй гар, сэтгэл нийлэн ажиллаж, ажлын зөв арга барил, дадлага туршлага хуримтлуулсан гэж боддог.
-Та бүхний санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, өндөр үр ашиг өгсөн ямар ажил байна вэ?
-Санаанд орсон ганцхан жишээ хэлье. Өмнө нь конвейерийн сэлгэн залгалт хийх хооронд хугацаа алддаг. Төдий хугацаанд хүдэр боловсруулалтад алданги гардаг байсан юм. Үүнийг арилгахын тулд конвейеруудыг нэг ачаалалтай болгосон. Өөрөөр хэлбэл, хүдрийн урсгалыг таслахгүйгээр тээрмүүдийг жигд ачаалах санаачилга гарган хэрэгжүүлсэн нь эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн. 2015 онд Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар секцийг ашиглалтад оруулсан. Өнгөрсөн жилийн есөн сард 4 дүгээр секц ашиглалтад орсныг та бүхэн мэднэ. Ийм хоёр том бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Ингэснээр хүдэр боловсруулалтын төлөвлөгөө жилд 12 сая тонноор нэмэгдсэн байгаа.
-Гавьяа шагналаасаа дурдахгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийн ойн медалиудаар шагнагдсан. “Тэргүүний уурхайчин” цол, Эрдэнэт хотын “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан. Геологи уул уурхайн яамны шагнал, “Тэргүүний мастер” цол хүртсэн. Баяжуулах үйлдвэрийн оны “Хөдөлмөрийн аварга” ажилтан. Эрдэнэт үйлдвэрийн Бар жилийн “Хөдөлмөрийн аварга” болсон.
-Баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.