Металл шинжээч

     Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10-р ангийн шилдэг сурагч Х.Билгээ уралдаант шалгалтын өмнөх торгон мөчид “Мат”-ийн багш, нагац эгчээсээ зөрөн байж, химийн ухаанд өөрийгөө сорихоор зориглов. Хамаг л хүүхдүүд тоо “суурьтай” анги руу хошуурах цагт нэг хүнд ч гэсэн боломж олгох дэлгэр сэтгэл тээж, ийнхүү шийдэв ээ. Сургууль химийн багшгүйгээс төгсөх ангидаа энэ хичээлийг алгассан нь түүнд том бэрхшээл байлаа. Зэргэлдээ сумын Ганболд багшийнхаа цөөн хоногт химийн мэдлэгийг ой тойнд нь тод шингээсэн сэтгэл зүтгэл, бас хичээнгүй хөдөлмөр, сэргэг оюуныхаа хүчээр Баянхонгорт ганцхан ирсэн МУИС-ийн химич, химийн багш хэмээх хуваарийг тэр “атгав”. Ингэж 1989 онд химийн шинжлэх ухаанд анх хөл тавьжээ. Тухайн үед мэргэжлийнхээ учрыг ухаж сайн ойлгоогүй ч, өдгөө ажил, амьдралаа эргэн харахад, химич болсон энэхэн заяандаа талархаад баршгүй хэмээн догдлонгуй мишээх энэ бүсгүй бол Чанарын хяналтын хэлтсийн Металлын лабораторийн эрхлэгч, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Хүнбишийн Билгээ юм. 1994 оны зун Улсын их сургуулийн шинэхэн диплом өвөртөлсөн залуухан бүсгүй сумандаа соёлын үр тарихаар нутгаа зорив. Сургуульд химийн багшийн орон тоо үгүй тул түүнийг түр хүлээлгэв. Цэцэгс дэлгэрэх цагаар Эрдэнэсийн хотод эгчийндээ айлчилсан нь “Эрдэнэт үйлдвэрийн хүн” болох эхлэл байжээ. Энэ тухайгаа тэрээр “Зуны амралтаар багачуудыг нь нутаг руу авч явахаар ирсэн надад эгч маань, Эрдэнэтэд ажиллаж, амьдар дүү минь. Хоёулаа хүнтэй уулзаж, ажил сураглая гэсээр нутгийн ах Жамганыд намайг дагуулж очив. Түүний эхнэр ЗМЗ-ын лабораторийн эрхлэгч Цэрэнлхам гэж өндөр нуруутай сайхан бүсгүй биднийг уриалгахан угтаж, дипломыг маань хянамгай гэгч үзэж суусныг мартдаггүй юм. Тэр цагаас хойш төд удалгүй, “Ажилдаа ороорой” хэмээн дуудав. Ингээд л 1994 оны наймдугаар сарын 15-нд лаборант болов. Энэ цэгээс л 30 шахам жилийн хөдөлмөрийн гараа минь эхэлсэн юм даа” гэлээ. Х.Билгээ лабораторийн цар хүрээгээ ийнхүү ярьсан юм. “Бид металлургийн үйлдвэрлэлээс гарч буй бүхий л бүтээгдэхүүний химийн найрлагыг тодорхойлох шинжилгээ хийдэг. Манай лаборатори ЗМЗ-ын Цутгуурын цехийн үйлдвэрлэлийн технологийн явцыг хянах зориулалттай үүссэн түүхтэй. Үйлдвэрлэлийн хөгжлийн явцад, хяналтын байгууллага үйлдвэрлэгчээс хараат бус байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бүтээгдэхүүний стандартыг сайн хянана гэж үзээд манайхыг Чанарын хяналтын хэлтэст авсан. Бид ЗМЗ-ын харьяа байхдаа зөвхөн эдний өгсөн материалыг л шинжилдэг байсан. Чанарын хяналтын хэлтэст очсоноор илүү мэргэжлийн лаборатори болж, олон улсын ISO-17025 стандартаар үндэсний итгэмжлэл авч, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна” гэв. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ стандартад нийцэж буй эсэх, худалдан авагч өөрийнх нь хүссэн бүтээгдэхүүн нь мөн эсэхийг лабораторийнхон л тодорхойлдог аж. Иймээс лабораторийн ажилтан мэргэжлийн ёс зүйгээ чанд мөрдөх ёстой. Лабораториос гарч буй тоо баримт эдийн засаг, ёс зүйн зэрэг том асуудалд нөлөөтэй учраас тэд үнэн худлын дэнс, хариуцлагын дээд хэмжээс байхаас аргагүй. Үнэнч шударга байх, ажлаа зөв, чанартай гүйцэтгэх мэргэжлийн ёс зүй угаас Х.Билгээгийн үндсэн хүмүүжил, төлөвшсөн ухамсарт яв цав нийцсэн чанар гэлтэй. 

     Металлын лаборатори шинжилгээндээ Англи, Герман Япон улсын шилдэг төхөөрөмжүүдийг ашигладаг. Тухайлбал, Японы “SHIMADZU” фирмийн гэрлийн цацаргалтын спектрометр нь хатуу хайлшин металлд агуулагддаг химийн найрлагыг 11 элементээр ердөө л 20 секундэд тодорхойлдог. Хүний нутгийн хүчирхэг төхөөрөмжүүдийг нутагшуулан, өөриймсүүлэх үйлсэд Х.Билгээ эрхлэгчийн гавьяа, зүтгэл тун чиг их байсан. Түүнийг ажилд орохтой зэрэгцээд л орчин үеийн олон төхөөрөмж суурилуулж эхэлсэн. Төхөөрөмж суурилуулсан гаднын мэргэжилтэн ажиллагааны хэдэн кноп зааж өгөөд л буцчихна. Шинэхэн, гоёхон “амьтан” нь хэсэг яваад л зогсчихдог. Зуухан дээр шингэн металл оволзон буцалж байхад шинжилгээ хийж, хянах боломжгүй болох нь лабораторийнхонд төдийгүй цутгуурын үйлдвэрлэлд даанч их саадтай. Ээлжинд гарч буй ажилчид төхөөрөмж ажиллахыг хүлээн лабораторийн үүдэнд эгнээд зогсчихно. Шөнө дөлөөр программист, даргынхаа хамт төхөөрөмжөө ухчихсан зогсох дүр зураг түүнд тун элбэг байж. Хөдөөнөөс ирээд төвхнөж амжаагүй, энд тэндгүй нүүж явсан лаборант бүсгүйг тухайн цагийн диспетчерийн жолооч нар олоод л авчирдаг байв. 

     Гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэчхээд буруугаа лаборатори руу чихэх, тааруухан юм нийлүүлчхээд, түүнийгээ хамгаалж, лабораторийг буруутгах, шинжилгээний дүнд үл итгэх явдал хааяа боловч гарах. Энэ бүхний хариуд Х.Билгээ лабораторийнхоо үйл ажиллагааг олон улсын түвшинд яваа гэдгийг батлан харуулахаар олон жил хөөцөлджээ. Үүний үр дүнд 2021 онд Хятад улсын NIL судалгааны төвөөс гаргасан Олон улсын ур чадварын уралдаанд хими, спектрометрийн шинжилгээний төрлөөр анх удаа оролцов. Тест хүлээн авч, материалуудаа бүрдүүлж, шинжилгээ хийж байхдаа, “Би чинь юу хийчхэв ээ. Энэ уралдаанд тааруу дүн үзүүлбэл өдий болтол оршин тогтносон лаборатори маань зогсох болох нь ээ” гэж бодож, сэтгэл ихэд түгшин, тавгүйрхэнэ. Шинжилгээний хариу ирэхгүй нэлээн удаж. Тэгж байтал нэг өдөр судалгааны төвөөс и-мэйл иржээ. Айж, зүрхшээн байж арайхийн нээснээ “Танайх хангалттай дүн үзүүлсэн” гэж уншаад л тэр уйлчхаж. Энэ бол олон жил ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан химичийн хувьд үгээр илэрхийлэх аргагүй гайхалтай мэдрэмж. 

     Тэрбээр залууст хандан “Аливаа хүн ажлыг чадалтай, мэдлэгтэйдээ бус сэтгэлтэй байж л бүтээдэг. Сэтгэлээ л шингээж чадвал хэн ч зорьсноо бүтээх боломжтой. Сэтгэл, зүтгэл байхад бусад бүх зүйл болно” гэх сургаалыг хэлэх дуртай. Өөрийнх нь замнал ч тийм. Тэр залууст үглэж бус, өөрөөрөө үлгэрлэж сургахыг хичээдэг. Х.Билгээ төрөлхийн зааж сургах авьяастай нэгэн. Их сургуулийн хими заах аргын Мягмар багш нь түүнийг их сайн багш болно гэж магтдаг байж. Тэр үндсэн ажлаасаа гадна Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Химийн аюултай болон хортой бодисын сургагч багш, Чанарын хяналтын хэлтсийн лаборантын курсийн сургагч багш хийдэг. 

     Ажил амьдралын замд хөтөлж, сургаж өдий хүргэсэн ах, эгч нар, үе үеийн удирдлагууд, хамтран зүтгэгч найз нөхөд, дүү нартаа үргэлж баярлаж, тэднийгээ эрхэмлэж явдгаа илэрхийлсэн. Манайхан шинжилгээний хариу гарахаас өмнө металлыг ерөнхий төлөвөөр нь, технологийн явцад металлаас үсэрч буй очийг нь хараад л бүтээгдэхүүний найрлагыг нь тогтоох өндөр чадвар, мэдрэмжтэй хүмүүс гээд л хамт олноо магтсан.

     Х.Билгээ тэрсхэн өссөн хоёр сайхан хүүтэй. Хэлж ирдэггүй хэцүү зовлон тохиож, 2012 онд отгон хүү нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэх онош сонсгов. Түүнд хурааж, хуримтлуулсан олигтой юм байгаагүй болохоор Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олноос дэмжлэг хүсэв. Сайхан сэтгэлт олны дэмээр санаанд оромгүй их мөнгө цугларчээ. Өмнөд Солонгосын хамгийн нэртэй эмнэлэг бараадсанаар хүү нь эрүүл саруул болж, гэр бүлдээ зүйрлэшгүй их жаргал авчрав. Одоо тэр эдийн засагч болохоор ОХУ-д суралцаж явна. Хүүдээ амьдрал бэлэглэсэн Эрдэнэт үйлдвэрийнхээ мянга, мянган ажилтанд үргэлж талархаж, тэднийхээ үйлсээр бахархаж явдгаа хэлэхдээ баярын нулимс мэлмэрүүлсэн юм. Хайр, энэрэл дүүрэн хамт олны дунд хүний амьдрал бүтэн болдгийг тэр зүрхэндээ мэдэрч явна. 

Уйгагүй хөдөлмөрч, өгөөмөр сэтгэлт, чадварлаг химич таны амьдрал тэгш дүүрэн, бүтээн туурвих үйлс тань үргэлж ундарч байг ээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
6
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %