Шилдэг машинч

     Алтан нарны түмэн цацраг хэнийг ч алагчлахгүй ээсэн хаврын дунд сарын шинийн наймны бэлгэт өдөр. Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн гаднах зам дээр зогсох вагоны хоёр талд нэгэн эр ээлжлэн гарч дэлэм иштэй үзлэгийн алхаар энд тэнд нь тоншино. Тэгснээ биднийг харав бололтой урдаас ирж амар мэнд асуун цехийн төв байр луу дагуулаад ороод явчхав. ...Түүнийг Дамдинжавын Ганхуяг гэдэг. 1970-аад оны эхээр тэр Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх эмнэлэгт хорвоод мэндэлжээ. Аав Бадамжавын Дамдинжав нь Эрдэнэтийн 211-р ангийн танкны хорооны захирагч. Ээж нь 186-р ангийн нягтлан бодогчоор ажиллаж байв. Тэр эцэг, эхээс зургуулаа. Тэднийх Говилын барак байшинд амьдарч байгаад дөрөвдүгээр бичил хороолол ашиглалтад ороход бидний хэлж заншсанаар городын айл болжээ. Тэр Эрдэнэт хотын тавдугаар 10 жилийн дунд сургууль дүүргээд 1991 оны намар Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон түүхтэй. Аравдугаар анги төгссөн гэрчилгээгээ үзүүлээд л албан газрын өрөөнүүдийн хаалга шагайн явсан гэдэг. Гал түймэр унтраах ангийн ажилчин болчих, гэсэн санал ч ирж. 35-тай гавьяаны амралтдаа гарчихна гэж ятгах. Мань эр зөвшөөрөөгүй гэж байгаа. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн 17 настай хөвгүүн Төмөр замын цехэд вагон цэвэрлэгчээр ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ үед ээлжийн хоёр ажилтан өдөрт 25 вагон цэвэрлэдэг байв. Үндсэн ажлынхаа хажуугаар замчин хийж, вагоны дэр мод солих, хэмжилт хийх жишээтэй. Ингэж тэр нас залуу цус шингэн байхаасаа хөдөлмөрийн амтанд оржээ. Ажилчин болох мөрөөдлөө биелүүлэхэд тус цехийн орлогч бөгөөд боловсон хүчин С.Мөнхтэгш тухайн үед дэмжин тусалсан аж. Вагон цэвэрлэгчээр хоёр жил ажиллаад эр цэргийн албанд татагдав. Хүндэт харуулын 032-р ангид цэргийн алба хаагаад эр бие тэгширч. Буянт ухаа нисэх онгоцны буудал, Сүхбаатарын талбай, Их тэнгэр болон төрийн тусгай хамгаалалтад гарч хүндэт харуулд жагсаж явсан байна. Цэргээс халагдаад замчин, вагон найруулагчийн ажилд дэвшин ажиллав. Тэр Улаанбаатар төмөр замын коллежийн дэргэдэх курсээр галт тэрэгний найруулагч, илчит тэрэгний машинчийн мэргэжил эзэмшжээ. Вагоны бүх сэлгээний ажлыг найруулагч удирддаг болохоор маш өндөр хариуцлага хүлээнэ. Хаана ямар вагон тавих, хаанаас ямар ачаатай вагон авах энэ бүгдийг зохицуулан найруулж ажиллана гэсэн үг. Тэр Гэлэгдорж багшийнхаа удирдлагад зургаан сар найруулагчийн дагалдангаар ажиллав. Улмаар найруулагчийн албыг 10 гаруй жил хашаад туслах машинчаар ажилласан байна. Энэ хугацаанд цехийн болон Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга ажилтан болов. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга ажилтанд цагаан идээгээр дүүргэсэн мөнгөн аяга, 250 мянган төгрөг өгдөг байлаа. Мөнгө ханштай байсан цаг хэмээн инээд алдан ярьсан юм. Харин машинчийн туслах илчит тэрэгнийхээ гадна, доторхыг цэвэрлэн, арчилгаа тосолгоо, засвар үйлчилгээ хийнэ. Энэ үйлдэл Ганхуягийг ч тойрсонгүй. Ингэж ажилласаар жинхэнэ машинч болж. Ажлын арвин дадлага туршлага хуримтлуулсан Ганхуягт машинч болох амар байв. Өөрөөр хэлбэл, машинчийн курст суралцан, заасан хичээлээрээ шалгалт өгөөд л мэргэжлээ ахиулсан байна. Машинчаар зургаан жил ажиллаад Эрдэнэт үйлдвэрийн оны шилдэг ажилтан болов. Эрдэнэт өртөөнөөс ачаа татах машинчийн гол үүрэг. Чингэхдээ хэдэн вагон ачаа татах, хэр хурдтай явах, хаана зогсох, замчин, найруулагчтай хэрхэн яаж харьцах энэ бүгдийг зохицуулж, аюул осолгүй ажиллах нь машинчийн ажлын онцлог. Тэр вагон цэвэрлэгч, замчин, туслах машинч, найруулагч, машинчаар он удаан жил нэг газар ажиллаж ажил, амьдралын арвин дадлага туршлага хуримтлуулсан байдаг. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрт яг юу хийж бүтээсэн байна вэ, гэсэн асуултад, “Би хийснээ тооцож явсангүй. 17 настайгаасаа 29 жил нэг газар ажиллахдаа чамгүй юм хийсэн байна” хэмээн даруухан хариулсан юм. Тэр өдөрт 25 вагон нүүрс буулгах сэлгээ хийж, 12 вагон ачааг Эрдэнэт өртөөнд хүргэдэг. Мөн төдий хэмжээний шохой, нүүрс, дизель түлш, бусад ачааг үйлдвэрийн дүүрэгт татна. Ингэж үйлдвэрийн хэрэгцээтэй бараа материалыг 24 цагийн турш татан авч ажилладаг. Ажлын туршлагатай вагон найруулагч, машинчид залуу шинэ хүмүүстээ зааж зөвлөж ажилладаг. Үүнийгээ тэд бэхэлгээ хийх гэж ярих юм билээ. Энэ утгаараа тэр гарын олон шавьтай. Тухайлбал, илчит тэрэгний туслах машинч Д.Мөнхбат, Б.Энхтайван, Б.Батбаяр, Б.Түвшин-Эрдэнэ нар түүний гарын шавь. Хаана ямар замаар хэр хурдтай явах, хаана торомз гишгэх, зогсох гэх мэт ажлын нарийн арга барилаасаа тэдэнд зааж сургана. Гэсэн хэдий ч мэдэхгүй, чадахгүй зүйл их гарах юм. Энэ бүгдээс амьдрал дээр суралцаад л явж байна, хэмээв. “Анх ажилд ороход замын нөхцөлөөс шалтгаалан хурдтай сэлгээ хийхэд хүндрэлтэй байлаа. Одоо зам сайжирсан. Замчид ажилдаа мэргэшсэн. Засвар үйлчилгээ хийдэг хэсэгтэй болсон. Өмнө нь ийм засварын газаргүй байлаа” гэж өнгөрснийг үнэн төрхөөр нь өчив. Улмаар найруулагч, машинч, туслах, хоёр пүүлэгч, жижүүр нэг ээлж хамт олон. Ийм баг бүрэлдэхүүн гар сэтгэл нийлж ажиллана. Би ганцаараа ажиллаад шилдэг болчхоогүй. Манай ээлж хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнд би шилдэг гэсэн өргөмжлөл хүртсэн. Үүнийг тодотгох ёстой гэсэн юм. Төмөр замын дүрмээр бол хамгийн богино сэлгээгээр үр ашигтай ажиллах нь машинчийн баримтлах зарчим. Мөрдөх алтан дүрэм. Ажиллах хугацаандаа тэр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлмөрийн болон эрүүл ахуйн осол зөрчил гаргалгүй, жилийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж иржээ. 


     

      Өнгөрсөн онд үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг 110 хувь биелүүлж, сэлгээний хөдөлгөөнд 10620 км замд 1936 зүтгүүр цагийн сэлгээний ажил хийв. Чингэхдээ 2554,12 кг дизель түлш, 150 литр хөдөлгүүрийн тосны бодит хэмнэлт гаргасны чацуу зам дээр мал, эд зүйлс, зам төмөр тасарсан зэрэг осол гарч болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрсдэлийг олж илрүүлэн ажилласан байна. Мөн зам усанд угаагдсанаас илчит тэрэгний хөдөлгүүр, явах ангид дөрвөн удаагийн хүнд гэмтэл гарах нөхцөлийг илрүүлэн арилгуулж засварын зардал хэмнэсэн аж. Түүнчлэн илчит тэрэгний жолоодлогын бүхээгийн тохижилтод суудлын бүрээс, цонхны шил цэвэрлэгч, гэрлийн гялбаа бууруулагч, ариутгалын шингэн цацагч тавих зэрэг сайн саналыг бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд гаргаж хэрэгжүүлжээ. Тухайлбал, Дулааны станцын 18-р замд цахилгааны кабель хөдлөх бүрэлдэхүүнд тээглэхээр унжсан, хоорондын замд үйлдвэрийн хаягдлын усны хоолой задарч аваарын байдалтай болсон, Орхон хийцийн 104-р замд замын ул шороо бороонд урсаж хөдлөх бүрэлдэхүүн зорчих боломжгүйд хүрсэн зэрэг осол зөрчил гарах эрсдэлийг мэдээлэн зохих арга хэмжээг цаг алдалгүй авч ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгуулсан байна. Тэр гадаадаас нийлүүлдэг өндөр үнэтэй сэлбэг хэрэгсэл материалыг багасгах, хэмнэх зорилгоор аяны гүүрэн блок контакторыг өөрчлөх санаачилга гаргаж, эдийн засгийн хэмнэлт гаргажээ. 2000 онд ажлын газрын Мягмаржавын Баярмаа хэмээх бүсгүйтэй дотно танилцан гэр бүл зохиож, гурван хүүхдийн ижий, аав болсон байна. Эрдэнэт үйлдвэрт ажиллан гэр бүлтэй болж, орон сууцаа хувьчлан авсанд сэтгэл өег явдаг хэмээн өгүүлсэн. Харин түүний хань М.Баярмаа: “Би Төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн. Ажилчин болоод энэ залуутай танилцаж, гэр бүл зохиогоод сайхан амьдарч байна. Манай нөхөр 29 настай Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга ажилтан болж байлаа. Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг. Миний хань ажилсаг, спортоор хичээллэх сонирхолтой, хүнлэг, үр хүүхдэдээ хайр халамжтай сайн аав” гэж өргөв. Түүний хобби уулын спортоор хичээллэх. Дунд сургуульд байхдаа цанын спортоор хичээллэж, Улсын аваргын тэмцээнд удаа дараа шагналт байр эзэлжээ. Нэг гараанаас 20 гаруй хүүхэд уралддаг байсан гэнэ. Монгол орны сүрлэг уулсын ноён оргилуудад тэр гарч амжсан нэгэн. Машинч Д.Ганхуяг Алтай таван богд, Цагаан дэглий, Отгонтэнгэр, Сутай зэрэг 10 гаруй хайрхны оргилд гарсан амжилтаараа спортын дэд мастерын болзол хангасан тамирчин. Хавар болохоор уул хангайд аялах дур сонирхол улам ихэсдэг гэх. Ууланд явахад дөрвөн улирлын өнгийг олж харна. Голын наана зун, цаад талд нь өвөл. Уулын орой мөнх цастай. Бэлд ирэхэд бороо шивэрсэн зун угтах нь гайхамшиг хэмээн сонирхол татахаар ярьсан юм. Тэр хүмүүстэй их нээлттэй харьцана. Анхнаас нь ажил амьдралын зөв дадал хэвшлийн суурийг сайн тавихыг эрхэмлэнэ. Зөв дадал хэвшилд суралцсан хүн ажлыг ном журмын дагуу хийдэг. Эхнээсээ хандлага зөв байх ёстой гэсэн зарчмаар ажилладаг нь түүний ажлын арга барил. Муу зуршилтай хүн тэр аргаараа ажиллах гээд байдаг гэмтэй. Тиймээс төмөр замчид алдах эрхгүй хүмүүс гэж ажлынхаа хариуцлага, сахилга батын талаар тодотгов. Таны үйлдэл тодорхой байх ёстой, гэсэн шаардлага бусдад тавьдаг нь түүний ажилдаа мөрддөг зарчим. Аливаа ажлыг эхнээс нь дэс дараатай цэгцтэй хийгээд сурчихвал хувь хүнд хэрэгтэй гэж үзнэ. Тэр ийн яриад суухгүй, өөрийн биеэр үлгэрлэнэ. Түүнийг дагаж ажилласан болгон гурван сарын дараа ажилдаа гаршчихдаг гэх хүнтэй ч таарав. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Хүнийг урмаар дэмжиж тэтгэх хэрэгтэй. Энэ зарчмыг би багшаасаа сурсан. Хүнд бурам биш, урам өгөх дуртай гэсэн. Төмөр замчин хүн уур бухимдалгүй ажиллах ёстой. Стресстэй ажилласнаас алдаа гарна. Хамтран ажилладаг хүмүүстээ төвөг удна. Уур бухимдал багийн ажилд их хортой гэж үздэг учраас тэр аливааг эвээр хийхийг чухалчилна. Тэрбээр уужуу тайван сэтгэж, бусадтайгаа чөлөөтэй харьцаж, ажилласнаар амжилтад хүрсэн нь илт. Би биш. Миний хамт олон шилдгүүд шүү, гэж түүний араас хэлсэн дотно, үнэн үг сэтгэлд үлдэж, чихэнд сонсогдсоор... Ийм нэгэн эгэл даруу хөдөлмөрч залуу бидний дунд ажиллаж амьдарч явна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %